“Хүү минь дэлгэцэд донтоод, шөнө унтахаа больчихлоо"

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

“Хүү минь дэлгэцэд донтоод, шөнө унтахаа больчихлоо"

“Хүү минь дэлгэцэд донтоод, шөнө унтахаа больчихлоо"

“Онлайн хичээлдээ суумаар, хичээлээ хиймээр байхад дүүгээ хар, гэр орноо цэвэрлэ гээд ер хичээл хийлгэхгүй юм. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ, эмч ээ”, “Манай ээж, аав хоорондоо муудалцаад байна. Тэдний энэ асуудлыг яаж шийдэх вэ”… Энэ бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн 1800-2000 мэдээллийн утсанд ирж буй дуудлагын нэг хэсэг. Энэ мэтчилэнгээр хүүхэд болон томчууд сэтгэцийн тулгамдсан асуудлаа мэргэжлийн хүнээс утсаар асууж, зөвлөгөө авдаг болсноос хойш тус төвийн үйлчилгээ олон хүнд хүрэх болжээ. Гэсэн ч энэхүү төвийн 10 тасгийн ачаалал хаврын улиралд эрс нэмэгдэж, ялангуяа Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникт урт дараалал үүсчээ. Бид цар тахал хүмүүсийн сэтгэц мэдрэлд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл бэлтгэхээр тус төвийг зорилоо.

Хэдий ажлын өдөр ч эмнэлэг нам жим, хүнгүй шахам байлаа. Эмчид хүүхдээ үзүүлэхээр суугаа эцэг, эхээс яриа авахыг хүссэн ч тэд яриа өгөхөөс татгалзав. “Хүү минь дэлгэцэд донтоод, шөнө унтахгүй, ааш нь адайр болоод эмчид үзүүлэх гэж явна. Хичээлийнхээ хажуугаар утсаар бага зэрэг тоглог гэж бодсон ч сүүлдээ бүр хяналтаас гарлаа. Хэрэв яриа өгвөл ангийн хүүхдүүд нь харчихаад хүүг минь шоолох биз” гэж харц нь тогтворгүй болсон хүүг дагуулж яваа ээж учирлав. Бид 1800-2000 мэдээллийн утасны ажилтныг зорилоо.

ХӨЛ ХОРИО ЦУЦЛАГДСАНААС ХОЙШ ДУУДЛАГЫН ТОО ОГЦОМ БУУРСАН

Биднийг ороход эмч утсаар хэн нэгэнд зөвлөгөө өгч байв. Ярьж дуусахыг нь хүлээж хэсэг суулаа. Тус төвд өдөрт 100 орчим дуудлага ирдэг ажээ. Хэдийгээр энэ нь их тоо биш сонсогдох ч сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөд нэг хүнд 30 минутаас гурван цаг хүртэл зарцуулдаг байна. СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч, 1800-2000 мэдээллийн утасны ажилтан З.Цэндсүрэнгээс өдөрт ирж буй дуудлагатай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

-Өдөрт хэдэн хүн холбогдож сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээлэл авч байна вэ. Хөл хорионы дараа энгийн үеийнхээс олон хүн хандаж байна уу?

-СЭМҮТ-ийн зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 дугаарын утас 2019 оны гуравдугаар сараас эхлэн 24 цагаар ажиллаж байна. Covid-19-ийн тархалт эхлэхээс өмнө хоногт сэтгэцийн тулгамдсан асуудлаар тусламж хүссэн 10 дуудлага ирдэг байсан. Халдвар дотоодод тархсанаас хойш, хоногт 40-100 дуудлага ирдэг болсон. Халдварын эхэн үед хаана очиж шинжилгээ өгөх талаар, хөл хорио тогтоосонтой холбоотой мэдээллийг түлхүү асуудаг болсон. Хөл хорионы дунд үеэс гэр бүлийн асуудал, эдийн засгийн хямралтай холбоотой асуудлаар түлхүү хандах болсон. Хөл хорио цуцлагдсанаас хойш дуудлагын тоо огцом буурсан. Харин сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэл түгшилт, гэр бүлийн асуудалтай холбоотой дуудлага жирийн үеийнхээс нэмэгдэх хандлагатай байна.

-Ихэвчлэн хэдэн насныхан хандаж байна вэ?

-Сэтгэцийн тулгамдсан асуудлаар хандаж буй хүмүүсийн 80 орчим хувийг томчууд, 20 орчим хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцохгүй, яаж харилцахаа мэдэхгүй байгаа тухай асуудал их ирж байна. Хүүхэдтэйгээ ярилцах чадвар сул байна, хүүхэдтэйгээ өөриймсөг бус хандаж байна. Эцэг, эх байхад мэдлэг шаарддаг. Насанд хүрэгчид хүүхдийнхээ дэлгэцийн хамаарлын талаар их асууж байна. Сүүлийн хоёр жилд танхимын хичээл орохгүй, дэлгэцийн хамаарлын асуудлаар их холбогдож байна. Өсвөр насныхан буюу 16-19 насныхан үерхэл, хайр дурлалтай холбоотой асуудлаар, харилцааны зөрчилтэй холбоотой хэн нэгэнд хэлэхээс санаа зовж буй асуудлаар холбогдож байна. Мөн эцэг, эхийнхээ харилцааны талаар асуух тохиолдол ч байна. Эцэг, эхийнх нь маргаантай байдал хүүхдэд сэтгэл түгшилт бий болгож, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүүхдүүд асууж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ сонсдоггүй. Хичээл хийх орон зай олгохгүй, үл хүндэтгэж, онлайн хичээл хийж байхад нь дүүгээ хар, энэ ажлыг хий гээд байна гэж холбогддог. Харин 25-30 насныхан хамтын амьдралын явцад үүсч байгаа зөрчил, маргаантай холбоотой асуудлаар зөвлөгөө авч байна. Сүүлийн үед гэр бүлийн асуудал, архинд донтох, настнуудын сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуулт их асууж байна.

-Дээрх асуудлуудад та ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Цагийн хуваариа гэр бүлийнхэндээ хэлж, нээлттэй байхыг зөвлөж байна. Бүр болохгүй бол эцэг, эхтэй нь холбогдож, зөвлөгөө мэдээлэл өгч болохыг зөвлөх гэх мэтчилэнгээр асуудал бүрийг судалж, тухайн хүнтэй ярилцаж, асуумж бөглүүлээд, тохирох зөвлөгөөг өгч байна.

НОЙРГҮЙДЭЛ ЗУРГААН САР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛБЭЛ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ГЭЖ ОНОШЛОГДДОГ

СЭМҮТ-ийн ачаалал хэр нэмэгдсэн болон хаврын улиралд сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах талаар их эмч Ж.Гантулгаас тодрууллаа. 

-Хаврын улиралд сэтгэцийн эмгэг яагаад сэдэрдэг вэ. Энэ улиралд сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ?

-Хавар болон намрын улиралд сэтгэцийн эмгэгийн сэдрэл илүү их ажиглагддаг. Энэ нь нарны идэвхжилтэй холбоотой байж болно гэж эрдэмтэд үздэг. Хавар хүн бүрт ядаргаа, сульдалтын шинж тэмдэг илэрдэг. Энэ нь ажил, гэр бүлийн нөхцөл байдал, идэж, ууж байгаа хоол ундтай холбоотой. Мөн хавар болж байна, ядарч байна гэж бодох нь өвчлөхөд хүргэж болно. Өргөн хүрээнд авч үзвэл хүн сэтгэцийн өөрчлөлтөд аль ч улиралд өртөх магадлалтай байдаг. Зарим сэтгэцийн эмгэгийн хувьд, тухайлбал, сэтгэл хөдлөлийн эмгэг нь хавар сэдэрдэг бөгөөд эхлэхээс нь өмнө эмчилгээ хийж болно.

-Сэтгэл хөдлөлийн эмгэгт юу юу орох вэ?

-Сэтгэл гутрах, нойргүйдэх, идэвх сонирхол буурах, цаашлаад амиа хорлох бодол төрөх, эсвэл бүх зүйл гоё байгаа мэтээр хөөрөх, авьяас чадвартай, юм бүрийг гардаж хийх чадвартай болсон мэт загнах, мөнгөтэй мэт хүмүүсийг дайлж цайлах, машин тэргээ хямд үнээр зарах зэргээр олон өөрчлөлт бий болдог. Эдгээр нь сэтгэцийн эмгэгийн энгийн нэг жишээ.

-Хаврын улиралд сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ?

-Нэгдүгээрт, сайтар унтаж амрах хэрэгтэй. Мөн шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, сэтгэл санаагаа тайван байлгах стресс менежмент, хөдөлгөөн гэсэн үндсэн гурван зүйлийг дагаж мөрдөх шаардлагатай. Асуудал гарвал зөв гаргалгаа хайж, шаардлагатай үед хэнд хандахаа мэддэг байх хэрэгтэй. Ямар ч эмгэгийн эрт үед эмчид хандвал эдгэрэл сайн байдаг. Манайх утсаар зөвлөгөө өгөх болсноос хойш орон зайнаас үл хамаарч сэтгэцийн зөвлөгөө тусламж авах боломжтой болсон.

-Утсаар зөвлөгөө өгөх болсноор танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо багассан уу?

-Ер нь ачаалалд нөлөөлж байна. Гэвч дуудлагын утсанд хандаж буй хүмүүс бүгд хэвтэх зорилгоор утасддаггүй. Манай эмнэлэгт жилд 6500 хүн хэвтэн эмчлүүлдэг. Манайх 10 тасагтай, хаврын улиралд бүх тасгийн ачаалал нэмэгддэг. Ялангуяа Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн клиникт урт дараалал үүсдэг.

-Ерөнхийдөө нойргүйдэх, сэтгэлээр унах үе хүн бүрт бий. Өөрт ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах цаг болж гэж дүгнэх вэ?

-Хайртай хүнээ алдах ч юм уу ямар нэгэн шалтгаанаар сэтгэлийн тавгүй байдалд орсноос хойш 14 хоногийн дараа хэвийн байдалд ордог. Гэтэл энэ нь зургаан сар хүртэлх хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмгэг гэж оношлогддог. Үүнд нойргүйдэх, айх, сэтгэл түгших, сэтгэл гутрах, юманд идэвхгүй болох, хий юм харах, болоогүй байгаа аюул өөр дээр нь ирэх гээд байгаа юм шиг мэдрэх зэрэг шинж тэмдэг илрэх, цаашлаад утга авцалдаагүй зүйл ярих зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Мөн ядаргааны асуудлууд, бие сульдах, үр бүтээлгүй ажиллах, гараас нь юм гарахгүй байх зэрэг ч үүнд багтана. Өсвөр насны хүүхдүүд аав, ээждээ худал хэлэх, компьютер гар утас хэтрүүлэн ашиглах, гуньж гутрах зэрэг үйлдэл гаргаж болно. Энэ үед ойр тойрныхон нь ажиглаж, соргог хандах хэрэгтэй. Учир нь энэ тохиолдолд хүн өөрөө эмчид хандах нь ховор байдаг.

-Хөл хорионы үед болон түүний дараа иргэдийн сэтгэлзүй хэрхэн өөрчлөгдөв. Үүнтэй холбоотойгоор танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн үү?

-Хөл хорионы үеэр хэвтэлт нэмэгдээгүй. Хөл хорионы үед уйтгарлаж гуниглах, түгшүүрлэх, ажил төрөлгүй, орлогогүй болох нь нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна. Одоо энэ байдалд харьцангуй дасан зохицож байна. Хүүхдүүд хичээл сургуульдаа явахгүй байгаагаас, бизнес нь орлогогүй байгаагаас бухимдлууд бий болсоор л байна. Энэ тохиолдолд манай эмнэлгийн дуудлагын утас руу залгаж мэдээлэл авч болно.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж