Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

76:1

Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллын дагуу танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Т.Аюурсайхан гишүүнийг онцолж байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.


Парламентын гишүүдээс боловсрол дээгүүрт ордог. Мөн олон гадаад хэлтэй цөөхөн гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан. Тэрбээр Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн. Сүүлд 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур, мөн Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан, мэргэжлийн эдийн засагч парламентч.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнийг анх улс төрд хөтлөн оруулсан бөгөөд 12 жилийн турш шадар туслах болон эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь тус тус ажилласан.

2008 оноос улс төрийн албан тушаал хашиж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал (ИТХ)-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байжээ. Энэ хугацаандаа нийслэлд 5000 ширхэг мод тарьсан нь байгаль орчинд ээлтэй Иргэдийн хурлын төлөөлөгч байсныг нь илтгэнэ. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон.

Түүний улс төрийн карьер багаас дээшилсэн, өөрийнх нь хэлсэнчлэн төрийн албан хаагчийн хувьд өсч "төлөвшчээ".

2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаар өдгөө хоёр дахь удаагаа Чингэлтэйчүүдийг Их хуралд төлөөлж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрд холын зорилготой, том амбицтай хэмээн намын гишүүд нь дүгнэдэг. 2018 онд М.Энхболдыг ёсзүйн шаардлага хүлээж, УИХ-ын даргын суудлаас огцруулсан акцыг зохион байгуулсан таван гишүүний нэг нь Т.Аюурсайхан. Тэд М.Энхболдыг огцруулахын тулд гишүүдээс гарыг үсэг цуглуулж, чуулганы үйл ажиллагааг бойкотлон, төрийн ажлыг бүтэн сарын хугацаанд гацааж байв.

Эцэст нь эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулснаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь буулгаж, хүслээ тэд гүйцэлдүүлсэн. Ийн тэмцэгч гэх тодотгол зүүцгээсэн "эсэргүүцэгчид" дараа нь бүгд тодорхой албан тушаалд очсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд ч мөн ялгаагүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншингаар “шагнуулсан” гэхэд болно.

Ийн улс төрийн адармаатай тэмцэгч дүрийг бүтээсэн Т.Аюурсайханы хувьд УИХ, байнгын хороодоор хэлэлцэх аливаа асуудалд нухацтай хандаж, байр сууриа хүчтэй илэрхийлдэг гишүүдийн нэг. Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа тэрбээр Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 монгол иргэний нэрийг зарласан. Мөн дипломатууд хар тамхи зөөсөн асуудлаар хамгийн их дуугарч, хариуцлага нэхэж байв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнөх парламентын үед Швейцарт айлчилсан багийн бүрэлдэхүүнд багтаж, тус улсын банкны данснаас С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирсан талаараа олон нийтэд мэдээлсэн. Үүнийг нь С.Баярцогт үгүйсгэн, "Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч ярьж байна. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх" хэмээн тухайн үед сөрөг байр сууриа илэрхийлж байв.

Мөн Т.Аюурсайхан гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг. Тиймдээ ч Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын багийн ахлагчаар ажилласан. Тэрбээр гэрээг цуцлах, хаах болиулах гэхээсээ гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг.

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюутолгойн ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй" хэмээн хэлж, олны шүүмжлэлд өртсөн. Шалтгаан нь нэгэн цаг туслахаар нь ажиллаж, өөрийг нь улс төрд хөл тавихад Н.Багабандийн дэмжлэг хүчтэй байсантай холбоотой юм. Гэвч тэрбээр олны шүүмжлэлд хариу барьж, "Н.Багабанди гуай нэгдүгээрт, миний эзэн биш. Хоёрдугаарт, намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй" хэмээн цахим хуудсаараа тайлбар хийсэн билээ. Түүнийх нь төлөө олон нийт Т.Аюурсайханыг "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг шиг гэж дүгнэж байв.

МАН дотроо Т.Аюурсайхан "сөрөг хүчин" шиг аашлах нь их түүнийг ихэнхдээ албан тушаал, эрх ашгийн төлөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Тиймдээ ч шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үеэр Засгийн газарт орох гэсэн том амбицаас айж МАН-ынхан УИХ-ын дэд даргаар томилж байсан юм. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.

Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд Т.Аюурсайхан тэмцэгч гишүүний үүргээ гүйцэтгэх үү эсвэл албан тушаалаа дагаад улстөрчийн ажлаа хийх үү гэдгийг цаг хугацаа харуулах болов уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
  • 1995-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2004-2006 Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.
  • 2007-2014 ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж төгссөн.
  • 2014 Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2000-2005 "Аста Пресс" ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2009-2012 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2016 оноос "Шударга төрийн төлөө" ТББ-ын гишүүн, Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Туркын Парламентын бүлгийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга

ГАДААД ХЭЛ:

-Англи, орос, турк, япон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж