Улаанбурхны халдвар нялхаст халтай байна

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Улаанбурхны халдвар нялхаст халтай байна

Өндөр хэмээр халуурч амны хөндий, чихний ар талаас эхлэн тууралт өгсөн л бол улаанбурхны халдвараар өвдсөн хүний шинж. Энэ наад захын шинжийг мэдэхгүй эмч, сувилагч байхгүй. Иймээс эцэг эхчүүд заавал ХӨСҮТ-д хандах шаардлагагүй. Харьяа өрхийнхөө эмнэлэгт хандах шаардлагатайг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү зөвлөлөө. Жингийн дутагдалтай тураалд орсон, цус багадалттай, рахит, диатезтай болоод төрөлхийн дархлаа сул, уруул тагнай сэтэрхий, эвэрхий, унаж татдаг зэрэг суурь өвчтэй хүүхдүүд улаанбурхны дэгдэлтийг дийлэлгүй нас барсаар буй аж. 2016 он гарсаар нийт улаанбурхан  өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд  байжээ. Мөн улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь хавсарсан өвчтэй байсныг ХӨСҮТ-өөс тайлбарлалаа. Одоогоор тус төвд улаанбурхны оноштойгоор хэвтэн эмчилгээ хийлгэж буй  700 гаруй хүн байна. Харин улаанбурхны халдвар нь хүндэрсэн 22 хүүхэд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, үүнээс хоёр нь зохиомол амьсгалын аппарт зүүжээ. Хамгийн сүүлд энэ сарын 13 ний өдөр буюу өнгөрсөн Лхагва гаригт өдөр нэг, орой 22.00 цагийн үед нэг хүүхэд улаанбурхны халдварыг даалгүй нас барсан байна. Нөгөө талдаа хүүхэд нь улаанбурхнаар өвдөж эмчлүүлж буй ээж, аав нар ХӨСҮТ-ийн гадна машиндаа хоол хийж идэн, хүүхдээ сахиж хэд хонож байна. Сахиурын өрөөнд багтсан нь шалан дээр кроднон цаас дэлгэж, өрөөний дөрвөн буланд хуваагдан хоол цайгаа хийх нь хийж, зөөх нь зөөж амьдарч буй юм.

БНХАУ-аас гаралтай улаанбурхны халдвар Монгол Улсад өнгөрсөн оны өдий үеэс эргэн дэгдэж, одоог хүртэл намжихгүй орчлонтой танилцаад удаагүй нялхаст халтай байна. Учир нь 0-8 сартай нялхас улаанбурхны эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдах хугацаа нь болоогүйгээс тэдэнд энэ халдвар хүндээр тусч буйг эмч нар ярилаа.  Иймээс вакцинд хамрагдах нас нь болоогүй нялх хүүхэдтэй ээж аавууд, хүүхдээ хөхний сүүгээрээ тогтмол хооллож, олон нийтийн газар гарахгүй байхыг анхаарах ёстой болжээ. Мөн вакцинд хамрагдсан ч улаанбурхнаар өвдөж буй хүүхдийг өвдгөхгүй байх, сайн хооллож, дархлаа сэргээх витамин, хоолыг өгч байх шаардлагатайг эмч санууллаа. Улаанбурхны эсрэг вакцин нь 18 жилийн турш барина. Харин 19, 20 дэх жил рүүгээ орохоор архи уугаад маргааш нь эрүүл болдог хүн шиг амархан халдвар авах эрсдэлтэй болно. Иймээс 18-30 насны залуус халдварын эсрэг вакцин заавал хийлгэх учиртай. Засгийн газраас нийт 948 сая 300 мянган төгрөг гаргаж, 627 мянга 500 хүн тун вакцин захиалжээ. Тавдугаар сард багтан Монголд ирэх юм.

Салбарын яамных нь өгсөн мэдээллээр   улаан бурхны өвчлөлт, нас баралтын тоо 2002 онд гурав, 2015 онд найман байсан бол 2016 онд 59 болж өссөн байх юм. Харин улаанбурхны халдвар дуссан байж болзошгүй гэсэн 39 мянган хүн эмнэлэгт хандсанаас 99.8 хувь нь эдгэрч, 13.5 мянган хүн ХӨСҮТ хэвтэн эмчлүүлж, 1945 хүн эрчим эмчилгээний тасагт хэвтжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж