БНХАУ-ын боловсролын яам сүүлийн жилүүдэд хятад хөвгүүд улам бүр эрчимтэйгээр эмэгтэйлэг болсоор буй асуудалтай хэрхэн тэмцэх төлөвлөгөөнийхөө талаар зарим нарийн зүйлсийг дэлгэжээ. Гэвч эрх баригчдын тус төлөвлөгөө цахим орчинд эрдэмтэд болон ард иргэдийн багагүй эсэргүүцэлтэй тулж байгаа юм. Тэр дундаа Хятадын цахим сүлжээ хэрэглэгчид өөр өөрсдийн хуудсууддаа тус төлөвлөгөөг буруутгасан үзэл бодлоо удаа дараа нийтлэх болсныг эх сурвалжууд баталж байна. Түүнчлэн салбар салбарын мэргэжилтнүүд бодлогоор хувь хүний эрхэнд халдах нь нэн буруу хэмээн зөвлөж байгаа аж.
Хятадын засгийн газар энэ оны эхээр анх “Залуу хөвгүүдийг эмэгтэйлэг болохоос сэргийлэх тухай” төлөвлөгөө зохион ажиллахаа зарласан билээ. Харин сүүлд ил болгосон зарим мэдээллээс харвал бялдаржуулах төв болон мэргэжлийн фитнесс багш нарын тоог нэмэх гэх мэт заалтууд тус төлөвлөгөөнд тусгагдсан байх аж. Мөн сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Хятадын эршүүд байдлын бэлгэ тэмдэг буюу “яны сүнс”-ийг сэргээх гэх мэт зааврууд шинээр нэмэгдсэн байна. Уг төлөвлөгөөг нийтэд танилцуулахын өмнө Хятадын эрх баригч Коммунист намын зөвлөх Си Зефү Хятад оронд эрчүүдийн хямрал нүүрлэж байна хэмээн ярьжээ. Тэрбээр “Залуу хөвгүүдийг багаас нь хүмүүжүүлж эмзэг, аймхай, ууртай зан чанар суухаас сэргийлэх шаардлагатай. Энэ бол үндэсний аюулгүй байдал, цаашдын хөгжил дэвшилд саад хийх маш том тулгамдсан асуудал мөн” хэмээн бичжээ.
Харин эрдэмтдийн зөвлөж байгаагаар эрэгтэйлэг чанарыг хүнд хүчээр төлөвшүүлэх гэж оролдох нь буруу гэнэ. Жишээлбэл, Фүдан их сургуулийн социологич Шен Еифэй CGTN афентлагт “Эр хүн байх, эм хүн байх тухай, тэдний шинж чанарын талаар ихэнх хүний баримталж буй үзэл бол маш их хоцрогдсон зүйл. Бид тэр элэрч баларсан өнгөрсөн үерүүгээ оюун санаагаараа ухарч болохгүй. Эрэгтэй хүн эмзэг, өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байхад буруу зүйл үгүй. Түүнийг нь эмэгтэйлэг чанартай хольж хутган ойлгож тун болохгүй. Нөгөө талаас эмэгтэй хүн ч гэсэн зоригтой, ухаалаг байх нь огтоос буруу зүйл биш” хэмээн ярьжээ.
Харин Бээжингийн их сургуулийн социологич Фан Ган дээрхтэй төстэйгөөр “Эр хүн гэхээрээ бяр чадалтай, өрсөлдөж, тэмцэлдэх дуртай, спортлог биетэй байх албагүй. Мөн эмэгтэй хүн гэхээрээ л уян зөөлөн, сэтгэл хөдлөл ихтэй, даруу ноомой байх ёсгүй. Бид хүүхдүүддээ эр хүн, эм хүн байхыг биш зүгээр л сайн хүн байхыг заах хэрэгтэй. Хэрхэн сайн хүн байх тухай охид, хөвгүүд бүгд ижил заалгах ёстой юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн аж.
Эх сурвалж: INSIDER