Эрх баригчид Яармагийн дэнжид 97 тэрбум төгрөг зарцуулан, хотын захиргааны шинэ байр сүндэрлүүлсэн ч нийслэлийн захиргааг бууринаас нь хөдөлгөхгүй гэдгээ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Хоёр жилийн өмнө С.Амарсайхан /Шадар сайд/ нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй гэдгээ зарласан.
Иймээс хотын экс дарга С.Батболдын төлөвлөгөө бүтэлгүйтэж, Д.Сумъяабазар даргын хэлсэнчлэн шинэ байранд монголын залуус ур ухаанаа уралдуулдаг инновацийн төв байгуулагдаж, дэлхийд өрсөлдөх стартап компаниуд, IT компаниуд бойжих газрууд төвхнөх нь.
Уг нь автомашины түгжрэлийг сааруулах, гэр хорооллыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн төр захиргааны байрыг Ханын материалд байгуулах нь оновчтой юм байна гэж үзэн, ажил эхлүүлсэн хүн нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл юм. Гэвч ажлыг нь “өвлөж” авсан экс дарга С.Батболд байршлыг өөрчилж, Яармаг руу шилжүүлсэн. Тухайн үед хот ч баян, төсөв ч боломжийн тул Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжилтийг луу унжилгүй шийдэж өгснөөр 2018 оны хавар 65 мянган м.кв талбайг хамарсан, A, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн нийслэлийн захиргааны шинэ байр барих барилгын ажил эхэлсэн түүхтэй. Байршил өөрчлөгдсөн тул экс дарга Э.Бат-Үүлээс эхлээд олон ч хүн эсэргүүцсэн. Учир нь, "Хөрөнгө гаргаад барилга барьдаг, эцэстээ ашиглагдахгүй юм болох вий. Энэ ажил Нүхт орчимд газар авсан хэсэг хүмүүсийн халаасыг л түнтийлгэх ажил болж хувирч байна шүү" гэдэг анхааруулга, шүүмжлэлийг дайсан ч үл тоосон.
Гэхдээ уг байр ашиглалтад орсноор хотын захиргаа 30 орчим агентлагийнхаа хамтаар нүүж очих урьдчилсан төлөвлөгөө гарсан.
Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллага нь өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуй нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн статистик мэдээллийг албаныхан өгч байв. Мөн Улаанбаатар хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог тул дээрх шинэ байр ашиглалтад орж, нийслэлийн төр захиргааны ажилтнууд төвхнөснөөр түгжрэл буурч, үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд авто зогсоол хүрэлцдэггүй байдал ч саарна гэсэн өөдрөг тайлбарыг ч хийсэн.
Гэвч хотын захиргаа бууриа сэлгэснээр түгжрэл сааруулахад даацтай нөлөө үзүүлэхгүй гэж үзэв үү, эсвэл байршил нь гологдов уу, хөрөнгө зарж босгосон хотын шинэ байранд нүүж очих газар олдохгүй нь. Хэдийгээр эхэн үедээ хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр олон нийтээс төдийгүй нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллагсад өөрсдөө дэмжиж байсан ч шинэ барилга ашиглалтад орох хугацаа дөхөм тусам ажилтан, албан хаагчид нь Төрийн ордны баруун талын барилгаас явах сонирхолгүй болсон.
Хамгийн гол нь 100 орчим тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Нийслэлийн төсвөөс санхүүжилтийг шийдсэн гэж байгаа боловч цаад агуулгаараа татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгө юм.
Хэрвээ энэ мөнгийг хотын захиргааны шинэ байр барихад бус гэр хорооллыг барилгажуулахад эсвэл дэд бүтцийг татахад зарцуулсан бол иргэдэд хамгийн их хэрэгтэй хөрөнгө оруулалтын ажил болох байв.
Харамсалтай нь, татварын мөнгө хэрэгцээтэй нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүүтэй нэг даргын үзэмж, сэтгэл хөөрлөөр шийдэгддэг болсны хар гай өнөөдөр Яармагийн дэнжид хэнд ч хэрэггүй 100 орчим тэрбум төгрөгийн шилэн барилга боссоноос харж болохоор байна.
Гэтэл төр Түлэнхийн төвийн барилгыг барихад 8 жил зарцуулж байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулж чадаагүй шалтгаан нь хөрөнгө мөнгө дутсан, газрын маргаан үүссэн гэж үздэг.
Цашдаа нийслэл барилга барих бол судалгаа тооцоогоо нарийн хийж, төлөвлөлттэй хандахгүй бол хэчнээн хөрөнгө зарсан барилга үнэгүйдэж болохын жишээ шинээр барьсан нийслэлийн төр захиргааны байр сургамж болсон гэж найдъя.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ