Ц.Бямбажав: Монгол цэрэг Чингисийн цэрэг гэдгээ баталсаар явна

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Ц.Бямбажав: Монгол цэрэг Чингисийн цэрэг гэдгээ баталсаар явна

Монгол Улсын Зэвсэгт хүчин хэмээх өнөр айл өрхөө татаж, өндөр босгоо дэвсэж, өргөн үүдээ нээгээд өдгөө нэгэн зууны түүхийн шаргал хуудсаа баринтаглаж байна. Туурга тусгаар орныхоо тулганд бадарсан галыг туждаа бөхөлж, хойчдоо өвлүүлэх эрхэм хүндтэй агаад асар хариуцлагатай үүрэг, амаргүй хүнд ачааг энэ салбараар овоглогдсон үе, үеийн хэн бүхэн нуруундаа үүрч явсан, үүрч ч яваа. Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшил, алсын хараа, ирээдүйн өнгө төрх, хэтийн бодлого зорилт, чиглэлийг тодорхойлоход оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулж, хувь нэмрээ оруулсан, оруулсаар яваа эрхмүүдийг бид 100 жилийн ойн босгон дээр уншигчидтайгаа “уулзуулж” байгаа билээ. Энэ удаа ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямбажавыг ярилцлагынхаа хойморт урилаа.

Орчин үеийн Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага хэзээнээс улбаатай вэ?

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсон. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжлийг хуульчлан тодорхойлох зайлшгүй шаардлага үүссэн учраас үүнээс улбаалаад “Батлан хамгаалах тухай хууль” болон эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулж эхэлсэн. Эдгээр ажлыг цоо шинээр эхлүүлэх үүрэг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ноогдсон юм. Батлан хамгаалах тогтолцооны бүх хууль, эрх зүйн үндэс, “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг УИХ-аар батлуулснаар цомхон чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй байна хэмээн тодорхойлж, “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг боловсруулан батлуулсан Батлан хамгаалахын сайд асан Д.Дорлигжав, Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг нарын хичээнгүй, хөдөлмөрч, уйгагүй ажиллагаа, тэдний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжлийн эх суурь тавигдсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ үеэс цэргийн шинэчлэл гэдгийг маш эрчимтэй хэрэгжүүлж, зоригтой шийдвэрүүд гаргасан. Тэдгээрийн нэг нь БХЯ, ЗХЖШ гэж хоёр тусдаа байгууллага байх ёстой гэдэг шийдэл. БХЯ нь төрийн захиргааны төв байгууллага, ЗХЖШ нь цэргийн мэргэжлийн дээд  байгууллага юм. Энэ баримтлалыг хөтөлбөртөө тусгаад албан ёсоор зарласан, энэ бүтцээр ч явсан. Түүнчлэн Зэвсэгт хүчин гэдэг айл бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой гээд ЗХЖШ-ыг бие даасан тамга тэмдэгтэйгээр агентлагийн статусаар ажиллуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Н.Багабанди Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, дээр дурдсан хууль эрх зүйн заалтуудыг хэрэгжүүлж, ЗХЖШ-ын даргыг өмнө нь Батлан хамгаалахын сайд томилдог байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч томилдог болсон юм. Ингэснээр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдсон анхны хүн нь генерал Ц.Дашзэвэг. Ингээд үндсэндээ Зэвсэгт хүчний өмнө маш тодорхой зорилго, зорилт дэвшигдсэн. Би их тод санадаг юм. 1999 оны 10 дугаар сард болсон удирдах бүрэлдэхүүний цугларалтад Ерөнхий сайд М.Энхсайхан оролцож үг хэлсэн. Юу гэж хэлэв гэхээр “Хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, зорилтуудыг чинь дэмжиж байна Дорлигжав сайд аа, Зэвсэгт хүчинд залуу үе өөрийн эрхгүй татагддаг тийм уур амьсгал, орчин бүрдүүлэх хэрэгтэй. Монгол цэргийг харсан гадныхан үнэхээр Чингисийн монгол цэрэг мөн байна гэж хэлэхээр тийм түвшинд хүргэхийн төлөө бид бүхэн ажиллах ёстой” гэсэн юм. Энэ нь үнэхээр манай салбарынхныг урамшуулж, зоригжуулсан бас тодорхой зорилго өөд хөтөлсөн гайхалтай үзэл санаа байсан. Энэ үг хэллэг, үзэл санааг тухайн цаг үедээ нэг хэсэг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй биелэгдэшгүй мөрөөдөл гэж ярьж шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр эргээд харахад Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, монгол цэрэг энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр дэлхийд данстай, аргагүй л Чингисийн монгол цэргүүд мөн байна гэдгээ батлан харуулж явна гэдгийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан танд сониноор дамжуулан хэлэхэд таатай байна.

ЗХЖШ-ын даргын хариуцлагатай албан тушаалд томилогдоход танд юу бодогдож байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж маш тодорхой чиглэл өгсөн. Тодруулбал, Зэвсэгт хүчин өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх бүрэн чадвартай байх, түүнд чиглэсэн бодитой ажлуудыг хийх хэрэгтэй. Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний хүнтэй харилцах харилцаа, соёл, ажлын арга барилд өөрчлөлт гаргах, бүх шатны захирагч, дарга нар ёс зүйн өндөр түвшинд байх ёстой шүү гэсэн нь миний ажлын удирдамж болсон.

ЗХЖШ гэдэг том айлд тодорхой албан тушаалуудыг хашиж байсан маань, мөн АНУ-ын Төв командлал (CentCom USA)-д олон улсын энхийг сахиулах ажиллагаатай холбоотой асуудлаарх үйл ажиллагааг удирддаг командлалд ажиллаж, олон улсын цэрэг-улс төрийн нөхцөл байдал, энхийг сахиулах ажиллагааны бодит байдал, ирээдүйн хандлагыг тодорхой түвшинд ойлгож, мэдэрсэн зэрэг нь ЗХЖШ-ын даргын албан тушаалыг хашихад харьцангуй нэмэр болсон.

Та ажлаа аваад Зэвсэгт хүчний бүтцийг "J"-гийн удирдлагын тогтолцоонд шилжүүлсэн. Ингэх зайлшгүй шаардлага байсан уу? Таны төлөвлөсөн үр дүнд хүрч чадсан уу?

-Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон тодорхой туршлагатай, нэр хүндтэй болсон нь цаашид НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоход "J"-гийн системд шилжих шаардлага үүссэн. Ер нь энэ систем зөвхөн энхийг сахиулах ажиллагааны оролцоогоор хязгаарлагддаг тогтолцоо биш. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд ч ач холбогдол бүхий тогтолцоо гэж үзсэн. Тус системийн амин сүнс нь багаар ажиллаж, харилцан бие биедээ итгэл хүлээлгэн өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж чаддагт оршдог. Энэ шаардлагын үүднээс офицер, ахлагч нарын үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд нэлээд анхаарал хандуулсан. Юуны өмнө Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн болон анги, байгууллага, нэгжийн дарга, захирагч нартай илэн далангүй ярилцаж ойлголцохыг хичээсэн. Шударга ёсыг эрхэмлэх, харилцан итгэлцэх, ойлголцох, дэмжих гэсэн дөрвөн зарчмыг баримталж ажилласан. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлэхийн тулд офицер, ахлагч нарын боловсролын түвшин, үүрэг гүйцэтгэх чадвар, бие бялдрын хөгжил, ёс суртахууны төлөвшил зэрэг асуудлуудад шалгуур тавьж, сургаж бэлтгэхийг зорьсон.

Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд таны оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийн талаар тодруулбал та юуг онцолж хэлэх вэ? 

-Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин 100 жилийн ойтойгоо золгож байна гэж үзээд эндээс хөөвөл би 53 жилийнх нь ой дээр хугацаат цэргийн албанд ирж байж. Тэр үеийн нисэхийн 137 дугаар ангид байлдагч, бүр нарийн яривал, Миг-17 онгоцны радио электроны хэрэгслийн механик цэрэг байлаа. Ингэж л Зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбох эхлэл тавигдан, шан татагдаж энэ салбарын халуун тогоонд 41 жил “буцалж” дээ. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэг эрстэй мөр зэрэгцэж, олон сайхан хүнээс суралцаж, хамтарч ажилласны үр дүнд Зэвсэгт хүчиндээ чадах хэмжээгээрээ хувь нэмэр оруулахыг хичээж иржээ. Миний бие 1996 онд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилогдсон. 1990 оноос өмнө ЗХУ-ын Зэвсэгт хүчний оролцоотойгоор Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайгаа хянах хамтын тогтолцоотой байсан. Зөвлөлтийн цэрэг Монголоос гарснаар Зэвсэгт хүчний өмнө тэр тусмаа Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хувьд бие даан агаарын хилээ хянах, агаарын орон зайгаа хамгаалах шаардлага үүсэж, энэ нь гол зорилго, зорилт болсон юм.

Хэдийгээр эдийн засаг туйлын хүнд байсан ч эх орныхоо төлөө өргөсөн тангарагтай цэргийн хүний хувьд Зэвсэгт хүчнээ яаж хөгжүүлэх вэ, ямар хувь нэмэр оруулах вэ гэж зүрх тархи, сэтгэл оюунаа чилээх нь бидний үүрэг шүү дээ. Тийм ч учраас гараа хумхиад эсвэл алгаа тосоод зүгээр суугаагүй. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарын шийдвэр, даалгаврыг биелүүлж, Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг хийсэн. Тухайлбал, Зэвсэгт хүчний 325, 326 гэсэн хоёр хороо, Говь-Алтайн Алтай, Ховдын Булган, Увсын Зүүнговь, Дорнодын Сүмбэрт тусгай салбаруудыг цоо шинээр байгуулсан. Өмнөговийн Манлайгаас Ханбогд, Дорнодын Матадаас Дорнодын төв рүү хоёр салбарыг шилжүүлсэн гэхчлэн шинээр хийсэн бодит ажил чамлахааргүй бий. Эдгээр нэгжийг шинээр байгуулж, шилжүүлэн байрлуулсан нь Монгол Улсын агаарын орон зайн хяналтыг нягтруулан сайжруулахад чиглэгдсэн чухал ажлууд байсан юм.

ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн Эзэн Чингисийн үеэс монгол цэрэг эрсийн манлайд залагдаж ирсэн уламжлалт Бүх цэргийн Хар сүлдийг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оройн дээд сүлд болгон залсан. Хар сүлдийг цэнгүүлж байсан газар, байрлалыг өөрчилж, Чингис хааны үр садын өсөж өндийсөн түүхэн дурсгалт эх сурвалж бүхий өндөрлөгт цэнгүүлдэг болсон.

Нэг баг болон ажилласан Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнийхээ хичээнгүй, шаргуу хөдөлмөрийн үр дүнд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд мянга мянган монгол цэргийг илгээж үүрэг гүйцэтгүүлжээ. Өвөг дээдсийнхээ үүх түүхээр бахархаж омогшсон, онож төрсөн монгол эх орноо хайрлах үзэл санаа нэвт шингэсэн, тусгаар тогтносон ардчилсан Монгол Улс минь хөгжин дэвшсэн улс орон байгаасай гэдгийг гадаадад үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг дайчид маань хэлдэг. Үүнийг сонсоод эх орноо хайрлан хамгаалах үзэлтэй, монголоороо бахархсан иргэн төлөвшиж байгаад баярлаж явдаг. Түүнчлэн төр засгийнхаа шийдвэрийг хэрэгжүүлэн улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож, хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд ядарч шантрахыг үл ажран уулыг нурааж засмал зам, усыг гэтэлгэн гүүр, улсын шаардлага стандартыг хангасан барилга, байгууламжуудыг барьж офицер, ахлагч, цэргийн алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж чаддаг цэрэг дайчдаа хараад монгол хүн юу ч хийх чадвартай юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Аливаа үйлсийн хөгжил дэвшлийн эхлэл суурийг зөвөөр тавьж, зөв чиглэлд оруулахад анхдагч удирдагч, хамт олны хичээл зүтгэл туйлын ач холбогдолтой байдагчлан НҮБ-ын мандаттай олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Төв Африкийн Бүгд Найрамдах Чад улсад үүрэг гүйцэтгэсэн хурандаа Л.Онцгойбаяр /бригадын генерал/ захирагчтай хамт олон, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн хурандаа Л.Гансэлэм /бригадын генерал/ захирагчтай хамт олон, Суданы Дарфурт үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Т.Сүхбаатар /Хурандаа/ захирагчтай хамт олон, Афганистанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн ахмад  Д.Жавхланбаяр /Хурандаа/ захирагчтай хамт олон, Афганистанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн ахмад С.Болдбаатар /Хурандаа/ захирагчтай хамт олон, Афганистанд Бельги Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хошууч Г.Хатанбаатар /дэд хурандаа/ захирагчтай хамт олон, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Ч.Болдбаатар /бэлтгэл хурандаа/ захирагчтай Нисдэг тэрэгний сургагч багийн хамт олонд талархаж явдгаа илэрхийлье.

Түүнчлэн нэг баг болон ажилласан Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний захирагч, дарга нарын санал санаачилга, идэвх зүтгэлийн үрээр Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-ын тогтоолоор батлагдсан тусгай хэрэгцээний газарт болон стратегийн ач холбогдолтой барилга, байгууламж, объектыг барьж байгуулах зориулалт бүхий Зэвсэгт хүчний 338, 339, 340, 350, 353 дугаар ангиудыг  шинээр байгуулж, 017, 084, 119, 123, 189, 232, 256, 284, 311, 325, 326, “Алдар” спорт хороо гэсэн анги, байгууллагуудыг шинэчлэн сайжруулж, нөхцөл бололцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр гэхчлэн бидний хамт олны хийсэн бодит ажил олон бий.

Офицер, ахлагч нарын мэргэшсэн чадвар, ялангуяа, ахлагч нарыг мэргэшүүлэхэд анхаарлаа хандуулж, АНУ-ын ахлагчийн коллеж төгсөөд ирсэн залуусыг түлхүү ашигласан, үр дүнгээ ч өгсөн. Өнөөдөр манай ахлагч нар харьцангуй боловсролтой, мэргэшсэн ахлагч нар болсон. Тэд үүргээ амжилттай гүйцэтгэж, Зэвсэгт хүчний гол цөм болж явна. Мөн хугацаат цэргийн алба хаагчдад ч анхаарал хандуулсан. Барилга инженерийн ангиудыг түшиглэж Хөдөлмөрийн яамтай хамтраад хугацаат цэргийн алба хаагчдад төрөл бүрийн мэргэжил олгох ажлыг эрчимтэй хийсний үр дүнд тодорхой асуудал шийдэгдээд явсан.

Зэвсэгт хүчний ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Үндсэн хуульд туссан “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэсэн том зорилт бүрэн дүүрэн утгаараа хэрэгжинэ гэдэгт итгэлтэйгээр өөдрөг харж байна. Зэвсэгт хүчин Хуурай замын цэрэг, Агаарын цэргээс бүрдэж байж Монгол Улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэр, агаарын орон зай, агаарын хилийг хамгаалах мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй байх тухай нэг биш удаа хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр Ерөнхий зориулалтын цэргийн командлал, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалуудыг бие дааж үүрэг гүйцэтгэх үзэл санаагаар эхний түвшинд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах гэх мэт эхлэлийг тавьсан. Хожим нь Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчлэлээр Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг мөн Кибер аюулгүй байдлын цэрэг, Тусгай хүчний цэрэг, Барилга-инженерийн цэргээр өргөжин тэлж байна. Энэ бол Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжлийг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Зэвсэгт хүчин өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн орчин үеийн шаардлагад нийцсэн зэвсэглэл, техниктэй болох нь зайлшгүй. Хамгийн чухал зүйл бол офицер, ахлагч нарын мэдлэг боловсрол, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн, өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй сургах хөтөлбөртэй байх хэрэгтэй. Байгууллагын хөгжил хүний хөгжлөөс хамаардаг. Тэгэхээр хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн ажлыг түлхүү хийх хэрэгтэй. Гадаад дотоодод сургууль дамжаа төгсөх амархан. Харин сурч мэдсэнээ Монголын хөрсөнд, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн зөв хандлагад нийцүүлж байнга сурч, судалж, сонсож байх нь их чухал. Хайрцагласан сэтгэлгээ хувь хүний болон байгууллагын хөгжлийг чөдөрлөдөг. Цэргийн алба бол багаар ажилладаг, багаар ажиллаж байж үр дүнд хүрдэг онцлогтой учир залуус багаар ажиллаж сурах ёстой.

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа өргөжиж байгаатай уялдаад Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагаа, хамтарсан дадлага, сургууль, харилцан бие биеэсээ суралцахад Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтан болон офицер, ахлагч нарт гадаад хэл тэр тусмаа орос, англи, хятад хэлний мэдлэг чадвар зайлшгүй шаардлагатай. Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс дэлхийн өндөр хөгжилтэй улс, орнуудад суралцах суралцагчдын тоо өсөн нэмэгдэхэд Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нарын гүйцэтгэх үүрэг өндөр байдаг. Миний бие БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, Энэтхэг, Австрали, БНТУ, Израил, Бельги зэрэг орны Жанжин штабын дарга нарын урилгаар айлчилж, хоёр орны цэргийн хамтын ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцохтой холбоотой яриа хэлцлүүдийг хийж байсан.

Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэх вэ?

-Зорилго зорилт, санал бодол нэгдэж нэг баг болон хамтран ажилласан Зэвсэгт хүчний удирдлагын бүрэлдэхүүн, захирагч, дарга нар та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнгээр нүдэнд харагдаж, гарт баригдах чамгүй ажил биеллээ олж, хэрэгжиж байгаад талархан Та бүхэндээ Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: “Соёмбо” сонин
Д.МЭНДБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж