"Шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитэй байсныг түүх гэрчилнэ"

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

"Шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитэй байсныг түүх гэрчилнэ"

Монгол Улсад Цэргийн явдлын яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жилийн ой энэ онд тохиож байгаагаас гадна Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдаад нэгэн зууны босгыг даван алхаж байна. Ардын журамт цэргээс Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Армиас Монгол Улсын Зэвсэгт хүчин гэсэн түүхэн он тооллыг өртөөлөн хөгжсөн энэ цаг хугацаа монголчууд бидний сэтгэл зүрхэнд гүнээ нэвчин үлджээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас эхлэлтэй тэдгээр түүхэн жилүүдийн дунд олон баатрууд шилээ даран төрөн гарсан ч өнөө цагт амьд сэрүүн үлдсэн нь ховор болжээ. Чухам тэдгээр баатруудын нэг Батлан хамгаалахын сайд асан, чөлөөнд байгаа дэслэгч генерал Л.Моломжамц гуайтай ярилцсанаа уншигч танд сонирхуулъя. Батлан хамгаалах салбарт 70 гаруй жил зүтгэхдээ эрдэм мэдлэгийн төлөө тэмүүлж, түүнийхээ ачаар нэр хүндийн оргил, ололт амжилт бүхний манлайд гарч, бахархал дүүрэн амьдарч яваа нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй жинхэнэ цэрэг эрийн жишээг тод харуулсан мэт санагдана.


-Та Монголын Ардын Армитай анх хэрхэн холбогдож байв?

-Би 1935 онд төрсөн хүн. Булган аймгийн Баян-Агт суманд хэлмэгдүүлэлтийн хар шуурга ид хүчээ авах болсон тэрхүү цаг үед төрсөн эцэг, эхээсээ хагацаж өөр айлд өргүүлж байлаа. Миний бага нас феодалын нийгмээс хараахан гараагүй байх үеийн уур амьсгал дунд өнгөрсөн. Гагцхүү тэр шилжилтийн цаг үед ёстой л нэг эрхийг биш бэрхийг сурч чадсан нь хожим цэрэг, армитай холбогдох сэдлийг төрүүлж 13 настайдаа Улаанбаатар хотыг зорьж, Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд элссэн. Ингээд бодоход миний бие 70 гаруй жилийг жинхэнэ цэргийн хүний амьдралаар амьдарчээ. Бага балчир наснаасаа өдийг хүртэл хэзээ ч энгийн хүний амьдралыг үзсэнгүй. Энгийн сургуульд сурч, энгийн нэгэн шиг сэтгэж үзсэнгүй. Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдаад 100 жил болоход үүний ихэнх цаг хугацаатай миний амьдрал салшгүй холбоотой явжээ. Эцэст нь дүгнэхэд хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж, өдий багаас минь тосож авсан нь Монгол Ардын Арми байлаа. Тиймээс энэ салбарт би талархаад баршгүй. Олон шилдэг дарга нарын цэрэг нь болж, олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлж, зэмлүүлэхдээ зэмлүүлж, магтуулахдаа магтуулж явсан цаг хугацаа миний хувьд хамгийн үнэ цэнтэй. Анх Улаанбаатарт ирсэн өдрөө өнөөгийн Батлан хамгаалах яамны урд байрлуулсан  Д.Сүхбаатарын хөшөөнд мөргөж байсан цагаа сайн санаж байна. Тэр үеэс л эхэлж энэ том айлд “хүү” нь болж орж ирсэн дээ.

-Монголын Ардын Армид алба хаасан он жилүүд танд юуг зааж сургаж, юуг ойлгуулсан бэ?

-Би сүүлийн үед өөрийн өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж бодох болсон. Тэгэхдээ хий дэмий бодож суух биш өөрийн дурдатгал бүтээлээ бичиж эхлээд байна. Бичиж буй энэ дурдатгалаа "Их хүмүүсийн дунд" гэж нэрлэсэн. Яагаад энэ нэрийг өгсөн бэ гэдэг нь учиртай. Анх 13-тайгаасаа энэ салбартай холбогдоход надад зааж, сургаж байсан багш нар, тухайн үед амьд сэрүүн байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүдийн үгийг сонсож, аавын минь оронд аав, ахын минь оронд ах болсон хүмүүсээс амьдралын мөн чанарыг анх сурч байлаа. Жишээ дурдахад, тухайн үед Офицеруудын сургуулийн захирал байсан Д.Сүхбаатарын хүү С.Галсан хурандаагаас эхлээд маршал Х.Чойбалсан, хурандаа генерал Б.Цог, хурандаа Г.Бумцэнд зэрэг эх оронч удирдагчдын дор алба хааж байснаараа үргэлж бахархдаг. Энэ он жилүүд надад бусдыг хүндлэх, өөрийгөө таних зэрэг жинхэнэ цэрэг хүний эзэмших ёстой чадваруудыг суулгаснаас гадна энэ эрхэм хүмүүс хүн байхыг үлгэрлэсэн хэрэг.

-Та сая эх оронч удирдагчдын дор алба хааж явсан гэлээ. Таны хувьд хамгийн шилдэг дарга тань хэн байв?

-Нэрлэе гэвэл олон хүн санаанд орж байна. Захаас нь дурдахад, Д.Сүхбаатараас бусад бүх Хувьсгалт тэмцлийн зүтгэлтнүүд, тухайн үеийн анхдагч генералууд, "Алдар" нийгэмлэгийн спортын дасгалжуулагч нарыг нэрлэмээр байна. Хүнд хэцүү цаг үетэй нүүр тулсан байлаа ч тэдгээр хуучны эрхэм хүмүүсийн үгийг сонсож, ухаарч явсан цаг хугацааг би ямагт үгүйлж явах болно. Харин энд нэг хүнийг дурдахгүй байхын аргагүй. Тэр хүн бол ард түмэндээ залуу жанжин нэрээр алдаршсан, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн гуай юм. Энэ хүнтэй би ойр ажиллаж байгаагүй ч гэсэн сургамжит үгс нь одоо ч миний толгойд байдаг. ЗХУ-ын В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид суралцаж байх үед буюу 1964 онд аав минь нас барсан талаар цахилгааныг хүлээн авлаа. Тэр даруй нутагтаа очин оршуулгын ажил явдалд нь оролцоод долоо хоногийн дараа буцаад сургуульдаа явах гэтэл "Сайд чамайг сургуулиас чинь хөөнө гэж байна" гэсэн үг чихэнд хүрэв.

Тухайн үед Батлан хамгаалахын сайдаар Ж.Лхагвасүрэн гуай байсан цаг. Чухам ямар учир шалтгаантайгаар намайг сургуулиас хөөх болсныг ер ойлгосонгүй. Би ЗХУ руу сургуульд явахаасаа өмнө “Алдар” нийгэмлэгт сагсан бөмбөгийн хичээл заадаг байхад Ж.Лхагвасүрэн гуайн хүүхдүүд манай дугуйланд хичээллэдэг байсан учир сайдтай эчнээ танил. Гэрт нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Тэр үйл явдлын дараахан гэрийнх нь урдхан тааралдахад би хамаг болсон үйл явдал, зовлон жаргалаа нэгд нэгэнгүй тоочлоо. Тухайн үед Ж.Лхагвасүрэн гуай миний асуудлын талаар ерөөс мэдэхгүй байснаас гадна нөхцөл байдлыг ухаалгаар ойлгож буцаад сургууль руу минь явах боломжийг бүрдүүлэхэд тусалж байсан. Намайг сургуулиас хөөнө гэсэн яриа бол зүгээр л академид явах хүсэлтэй хэн нэгнээс худал цуу тараасан болж таарсан. Сүүлд бодоход Ж.Лхагвасүрэн гуайн хэлж байгаа үгс яах аргагүй олон зэвсэгт мөргөлдөөнд орж, эх орноо хамгаалан баатарлагаар тулалдаж байсан жинхэнэ эх оронч гэж хэн байх ёстойг харуулдаг байлаа.

-Та ЗХУ-д В.В.Куйбышевийн нэрэмжит Цэргийн инженерийн академид суралцаж байсан талаараа дурслаа. Тухайн үед хүн болгон л "хойно" сурахыг мөрөөддөг цаг үе байсан шүү дээ …

-Тухайн үед хойно сургуульд сурна гэдэг маш том нэр хүндийн баталгаа байлаа. Би "Алдар" нийгэмлэгт ахлагч байхдаа ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн биеийн тамирын сургуульд явах өргөдлийг хоёр удаа өгөөд ямар нэгэн шалтгаанаар хоёулангаас нь татгалзсан хариу авсан. Тэр үед хэдийнээ ханьтайгаа учирчихсан, том хүү нэг настай байсан үе таарсан учир амьдралаа дээшлүүлэх арга бодохгүй бол болохгүй нь гэсэн шийдвэрт хүрч Батлан хамгаалах яаманд өргөдөл өгтөл барилга-инженерийн чиглэлээр сургуульд сурах боломж гарч ирэх нь тэр. Энэ мэдээг хөдөө байдаг эцэг, эхдээ дуулгаад, маргааш нь ЗХУ-ыг зорьж байлаа.

Цэргийн инженерийн академид бид дөрвүүлээ орсон. Сургуулийн зүгээс бид дөрвөөс дөрвөн хичээлээр шалгалт автал орос хэлээс бусад гуравт нь муу үнэлгээ авчихсан болохоор заавал бэлтгэл ангид суралцах ёстой болов. Гэтэл хичээлийн жилийн нээлт эхлэх үед сургуулийн захирал, хурандаа генерал А.Д.Цирлин гэдэг хүн бид дөрвийг хүлээн авч уулзлаа. Тэр хүн монгол орны талаар сайн мэддэг, дайны жилүүдэд Байгаль нуурын цэргийн тойргийн Инженерийн газрын дарга байсан гэж хэлэв.Тэгээд асуудалтай зүйл байна уу гэхэд нь бид шууд нэгдүгээр күрсэд орох хүсэлтэй байна гэдгээ хэллээ. Сургуулийн захирал хүсэлтийг хүлээн авч бид нэгдүгээр күрсдээ орж чадсан юм даа. Гэтэл бэлтгэл ангид сураагүйн гай хагас жилийн шалгалтаар мэдрэгдлээ. Бид дөрөв шалгалтдаа уначихсан, цааш сурахад хэцүүхэн байлаа. Нөгөө гурав маань бүүр шантарчихсан, буцаад нөгөө бэлтгэл ангидаа сурах хүсэлтээ өгсөн.

Харин би 4-5 улсаас ирсэн 15 хүнтэй ангид ганцаараа монгол болж таарав. Дээрээс нь манай ангийнхан бүгдээрээ өөрсдийн эх орондоо барилга-инженерийн чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүд байсан. Тиймээс ямар ч инженерийн мэдлэггүй миний хувьд ангийнхнаасаа сурлагаар хоцрохгүйн тулд олон шөнө нойргүй хонож байж сургуулиа төгссөн.

-1970 онд Ардын Армийн Жанжин штабын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж Инженерийн хэлтсийг байгуулахад та анхных нь даргаар томилогдож байсан. Өнөө цагт энэ хэлтэс Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар болтлоо өргөжсөн байна. Та Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн ирээдүйн хандлагыг юу гэж хардаг вэ?

-Олон улсын жишгээс харахад, өнөө цагийн батлан хамгаалах бодлого гэдэг өөрөө маш өргөн хэмжээний ойлголт болсон. Олон төрлийн цэргээс бүрдэхээс гадна улсын эдийн засагт нөлөөлөх том ач холбогдолтой салбар болсон. Ялангуяа манайх шиг улс төрийн үзэл баримтлалаар төвийг сахисан орны хувьд барилга-инженерийн цэрэг бол үндэсний аюулгүй байдал, стратегийн гол зүрх болж хөгжих боломжтой. Улс орны нууцын асуудал гэдэг чухал. Тэр журмаараа улсын нууц, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалан бэхжүүлэх цэрэг-стратегийн байгууламжуудыг барьж байгуулж, бүтээдэг тусгай зохион байгуулалт, өргөн хүрээний том систем болж хөгжих боломж бий. Өөрөөр хэлбэл Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх чухал, бие даасан салбар болох ёстой гэж хардаг.

-Та 1989-1990 онд буюу Ардчилсан хувьсгал ид хүчээ авч байсан үеийн Батлан хамгаалахын сайд. Тухайн үед ардчилсан хөдөлгөөний цуглаануудыг нэг мөсөн цэргийн хүчээр тараах талаар яригдаж байсан гэдэг. Шийдвэр гаргах сайд хүний хувьд тун амаргүй үе байсан биз …

-Энүүхэндээ хэлэхэд Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашсан цаг хугацаанд олигтой ажил хийж чадаагүй. Энэ талаар дурсах ч дургүй. Учир нь 1989-1990 он эргэлтийн жилүүд байлаа. Батлан хамгаалахын сайдаар долоон жил ажилласан хурандаа генерал Ж.Ёндон гуайгаас ажил хүлээн авахтай зэрэгцээд иргэдээс ч тэр, армийнхнаас ч тэр шинэ уур амьсгал мэдрэгдэж эхэлсэн. Ер нь түүнээс ч өмнө залуучуудын хандлага, үзэл суртал өөрчлөгдсөн. Зарим орны Засгийн газар огцорч шинээр засаглалууд бие болж байлаа. Энд тэндгүй бослого, үймээн гарч, Европын зарим нэг орны төрийн тэргүүнүүдтэй холбоотой ээдрээт хэргүүд гарч эхлэв. Москва хотын К.Е.Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний Жанжин штабын академид надтай хамт сурч байсан Чехословакийн Батлан хамгаалахын сайдтай холбоотой байсан учир түүнээс мэдээлэл сайн авч байлаа. Тэр үед байдал их төвөгтэй болсныг мэдэрсэн. Хэдий тийм боловч Ж.Ёндон сайд надад итгэл хүлээлгэж байхад би үгүй гэж хэлэх эрх байгаагүй. Тэгээд сайдын ажлыг авснаас хойш гурван сарын дараа Ардчилсан хувьсгал гээчтэй нүүр тулгарсан даа. Тухайн үед Армийн хэмжээнд маш их ядуурал бий болсон. Алба хаагчид аргагүйн эрхэнд банкинд өр тавьж эхэллээ. Эдийн засгийн тэр хүндрэлтэй байдлаас шалтгаалж цэргүүдийн хүнсний нормын махыг хүртэл багасгаж байсан хэцүү цаг үе. Үүнээс шалтгаалж маш олон хүн энэ салбараас бэлтгэлээр халагдаж байлаа. Сүүлдээ Ш.Жадамбаа бид хоёрыг энэ хувьсгалын ард байгаа мэтээр маш их дарамт шахалт дээд удирдлагаас ирдэг боллоо. Ц.Элбэгдорж, Т.Ганди гэсэн хүмүүсийн талаар байнга асууж шалгаана. Мөн "Улаан-Од" гэж ямар учиртай байгууллага вэ гэсэн асуултууд өдөр бүр ирнэ. Миний ганц баримталж байсан бодлого бол алба хаагчдаа задраахгүй байх, энэ салбараа бүрэн бүтнээр нь авч үлдэхэд анхаарч байсан. Харин тэр их дарамт шахалт, гүтгэлгийн дунд ажлаа хийж ерөөс чадахгүй болов. Эцэст нь би намын гишүүн байх эрхээсээ татгалзахаар шийдээд намын батлах үнэмлэх дээрээ "Дурсгав" гэсэн тамга даруулж аваад нөгөөдөр нь ардчилсан хүчнийхнийг хүлээж авч уулзахаар боллоо. Тэр үед Ардчилсан хувьсгалын манлайлагч нарыг өрөөндөө дуудуултал Дарь.Сүхбаатар, Д.Дорлигжав тэргүүтэй 3-4 хүн ирэв. Би тэдэнд ганц л зүйлийг хатуу анхааруулсан нь "Та нарын үзэл бодлыг буруутгахгүй. Тэмцлээ үргэлжлүүлэхийг эсэргүүцэхгүй. Тэгэхдээ миний цэрэг хөдөлгөх эсэх нь та бүгдээс бүрэн хамаарна. Монгол цэрэг хэзээ ч ард түмнийхээ өөдөөс буу шагайж үзээгүй. Гэсэн хэдий ч хэрвээ та нар манай цэргүүдэд ямар нэгэн байдлаар халдаж, гэмт хэрэг үйлдэж, хүйтэн зэвсэг ашиглаж хүний аминд хүрсэн тохиолдолд би эрх мэдлийнхээ хүрээнд Монголын армийг ямар ч эргэлт буцалтгүй хөдөлгөхөөс өөр аргагүй шүү" гэж хэлсэн. Миний шаардлагыг хувьсгалын удирдагч нарын нэг С.Зориг маш сайн хүлээн авсан гэж боддог. Үүний дараагаар ч бид хоёр хоорондоо холбоотой ажилласан. Ард түмнийг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх боломж өгч болохгүй талаар би байнга сануулдаг байлаа. Ийнхүү 1990 оны 8 дугаар сард би өөрийн хүсэлтээр ажлаа өгч бэлтгэлээр халагдсан юм даа.

-Ер нь цэргийн хүн ямар зарчмыг баримталж, бусдаас юугаараа ялгарах хэрэгтэй гэж та боддог вэ? Зэвсэгт хүчний ирээдүй болж явах залуучуудад юуг захиж хэлэх вэ?

-Нэгдүгээрт, цэргийн хүн цэрэг л байх ёстой. Өөрөөр хэлбэл цэрэг хүн өөртөө үнэнч байхаас бүх зүйл эхэлнэ. Тиймээс шударга байх нь хамгийн эрхэм чанар. Дараагаар нь цэргийн алба гэдэг тэр чигээрээ нөхөрлөлийн алба. Бусдад худал ярьдаг, ардуур хойгуур нь муулдаг хүн энэ салбарт хэзээ ч тохирохгүй. Дээрээс нь энэ бол хүндлэлийн алба. Ахлах даргаа ч тэр, цэргээ ч тэр хайрлаж, хүндэлж байдаг өвөрмөц ёс зөвхөн цэргийнхэнд бий. Түрүүнд хэлсэн шиг монгол цэрэг хэзээ ч өөрийн ард түмний өөдөөс буу сэлэм далайж байгаагүй, хэзээ ч жагсаалын дуугаа мартаагүй. Их Монгол Улсын үеэс эхлэлтэй сахилга, зохион байгуулалт, дайчин уламжлал өнөөдөр ч гэсэн Зэвсэгт хүчинд өвлөгдөж ирсний нэг баталгаа бол манай цэргүүдийн аливаа нөхцөл байдалд түргэн хугацаанд дасан зохицох чадвар гэж би хардаг.

Монголчууд дэлхийн талыг байлдан дагуулж байсан үеэсээ бусад улсаас хөгжлийн түвшин сул байсан хэдий ч цаг үе, орчин нөхцөлтэйгөө бүрэн зохицсон шилдэг цэргүүд, тэднийг удирдах шилмэл стратегитай байсныг түүх гэрчилнэ. Тиймээс монгол цэрэг гэдэг тун өвөрмөц онцлогтой юм шүү гэдгийг хойч үеийн залуучууд ухаарах хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж байгаадаа мөнхөд бахархаж явах нь тангараг өргөсөн цэргийн хүний баримтлах ёстой зарчим. Дээрээс нь цэргийн хүн бусдаас түрүүлж өөрийгөө таних хэрэгтэй. Бусдын дунд би хэн юм бэ гэдгийг байнга бодож явах нь чухал. Мөн ахмад үеэсээ байнга суралцаж бай гэж захимаар байна. Тэгж гэмээ нь залгамж халаа гэдэг зүйл бий болдог учиртай.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж