Г.Занданшатарын УИХ-ын хаврын чуулганд хэлсэн онцлох эшлэл

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Г.Занданшатарын УИХ-ын хаврын чуулганд хэлсэн онцлох эшлэл

Г.Занданшатарын УИХ-ын хаврын чуулганд хэлсэн онцлох эшлэл

2021 оны хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

НЭГ.

Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Ийм учраас хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.

Тиймээс хаврын чуулган хэлэлцэх асуудлаа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эхлэх гэж байна.

ХОЁР.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэний үндсэн 18 эрхийг тов тодорхой зааж өгсөн. Бид хууль хэлэлцэж батлахдаа энэ 18 эрхийн үндсэн зарчмыг сайтар судалж, үүн дээр суурилах ёстой.

Батлан гаргаж байгаа хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа бүхэн гагцхүү иргэнийхээ эрхийг хангахад, түүнийг элдэв хэлбэрээр зөрчихгүй байхад л чиглэх ёстой гэдгийг зарчим, мөрдлөг болгох учиртай. Зөвхөн төрийн байгууллагуудын эрх ашигт нийцүүлж хууль баталдаг өнгөрсөн зууны практикийг халах цаг болсон. 

ГУРАВ.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах, шударга, хараат бус шүүхтэй болох зорилгоор баталсан Шүүхийн багц хууль энэ гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл бухимдлыг төрүүлж байна.

Энэ нь нэг талаасаа, шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл, шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж, нөгөө талаас үнэхээр шүүхэд асуудал байна, шүүгчид ёс зүйгээ сахиж, шударга ажиллаж чадахгүй байгаа нь үнэн байна, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

ДӨРӨВ.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгидөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна.

Түүний нэг жишээ бол иргэн Т.Чимгээд холбогдох өмнө илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Энэ асуудлыг эцэслэн нэг мөр шийдэх, шаардлагатай бол шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх нь эрх зүйт төрийн үүрэг мөн.

Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хүн хилсээр хэлмэгдэж байгаа бол төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй.

 ТАВ.

Шүүх эрх мэдэлд үүссэн гажуудал, ёс зүйн үлгэрлэл манлайлалгүй, шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлэгч зарим шүүгчдэд одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл шуурхай хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж өөгшүүлэн, хууль ёсыг уландаа гишгэж байгаатай эвлэрч хэрхэвч болохгүй.

Шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдэд хэн нэг этгээдэд барьцаалагдахгүй, мэргэжил, ёс зүй, хуулийн шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлж өрсөлдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

ЗУРГАА.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан. Одоо энэ зорилт зөв хүнийг шүүгчээр шилж олж, сонгож томилж чаддаг болох, эсэхээс ихээхэн хамаарна. Иймд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар, иргэд олон нийтийн хяналтын дор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүүгч гишүүдээ сонгохыг хүсье.

ДОЛОО.

Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна.

Хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хийгдсэн, хүний эрхэнд халдсан бичлэгүүд ч ил болж байна. Нөгөө талаар мөрдөн байцаалтын нууц байх учиртай бичлэг, мэдээ, баримт сэлтийг хууль бусаар түгээж байгааг хэрхэвч зөвтгөж болохгүй. Шударга ёс хуулиар л тогтох учиртай.

Цаашид хувь хүн биш, хууль засагладаг нийгмийг цогцлоох нь, үүнийг манлайлж ажиллах нь хууль тогтоогч Та бидний үндсэн үүрэг мөн.

НАЙМ.

УИХ-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь дээрх буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлдтөд заасны дагуу өнөөдөр шуугиан тариад байгаа тодорхой асуудлуудаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, ард түмний нүдэн дээр ил тодоор хянан шалгаж нээлттэй сонсгол зохион байгуулж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Тухайлбал иргэн Т.Чимгээд холбогдох хэргийн хүний эрхийн зөрчлийн асуудлаар төрийн эрх барих дээд байгууллагаас ийм Түр хороо байгуулж ажиллах ёстой.

 ЕС.

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан.

Энэ ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна. Эхний нааштай үр дүнгүүд ч гарч эхэллээ.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх ёстой. Баялгийн үр өгөөж улсынхаа хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах учиртай.

Цаашид баялгийн хараал бус, баялгийн ерөөл оршиж, уул уурхайн ашиглалтад Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх шударга зарчмыг тогтооход Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүн жишиг болох ёстой гэдгийг сануулж хэлье.

АРАВ.

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна, иргэдээ вакцинжуулж эхэлсэн ч тайвшрах болоогүй, эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлт байдал арилж, цар тахлаас ангижрах цаг удахгүй ирнэ. Гэхдээ өргөс авсан мэт нэг л өдөр бүх зүйл сайхан болчихгүй. Их эрсдэлээс бага эрсдэл рүү, түгшүүр айдсаас ердийн амьдралын хэм хэмжээ рүү алхам алхмаар шилжих дэс дараатай бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулах, иргэдээ аль болох богино хугацаанд бүрэн хамруулах, вакцинжуулалтын явц, үр дүн, ач холбогдлын талаар ил тод, зөв мэдээллээр иргэдээ тогтмол хангах ёстой.

АРВАННЭГ.

Монгол Улсад Эрх зүйн төдийгүй Эдийн засгийн тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой байна. Үүнээс үндэслэн “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн.

Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо маань буруу байна. Буруу учраас Монголын хөрсөнд идээшихгүй байна. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Дэлхий дахинд “эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгддэг  Азийн буюу Япон хэв загвар Монгол Улсад хэрэгтэй, шаардлагатай болжээ.

Гэхдээ энэ бол Японыг даган дуурайна, тэдний бүх юмыг сохроор хуулбарлана гэсэн үг биш ээ. Сайн жишиг, туршлагыг нь Монголынхоо онцлог, монгол түмний хураан хуримтлуулсан мэдлэг, туршлагаар баяжуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж, өөрийн гэсэн Монгол хөгжлийн загварыг бүтээж чадвал богино хугацаанд, үсрэнгүй хөгжилд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

 АРВАНХОЁР.

Улс төр эрүүл байх, бусад салбарынхаа хөгжилд садаа болдоггүй болох, улс төрийн намууд төлөвших нь Монгол орон зөв замдаа орох, төр тогтвортой, дархлаатай байж, түмнийхээ итгэлийг хүлээх нэг чухал хүчин зүйл мөн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улс төрийн намуудын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг энэ чуулганаар батлахыг зорьж байна.

Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, төрийн алба хаагчдын үйл ажиллагааны ердийн хэм хэмжээ болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс Монголын төрийг ангижруулахыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ шинэчлэлийг УИХ өөрөөсөө эхлүүлэх учиртай. Тиймээс энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батална. Мөн Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ч хойшлуулалгүй хэлэлцэх хэрэгтэй байна. Ёс зүйтэй төрийг л ард түмэн нь хүндэлж дээдэлдэг. “Монголчууд төрөө дээдэлдэг, төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн” гэсэн үгээр өөрсдийгөө хуурах биш, хуулиар тогтоосон ёс зүйг ягштал сахидаг болох нь Монголын төр ард түмнийхээ итгэлд мөнх оршихын баталгаа мөн. 

АРВАНГУРАВ.

Олон аймаг, сум цас зудын хүнд нөхцөлд өвлийг өнгөрөөлөө. Өчигдрийн цас, шуурга ч ихээхэн хохирол учруулж, зарим аймаг, суманд гамшгийн байдал нүүрлэсэн.

Урин дулаан цаг ирж байгаа ч дэлгэр зунтай золготол бас ч болоогүй байна. Өвлийн хатууг зүдэрч давсан малчдыг хаврын тарчиг, ядруу өдөр хоногууд хүлээж байна.

Тиймээс мал, малчин хоёрыг дараалсан эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааны түвшин буурахаас сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн борлуулалт, үнийг зохистой бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг одооноос төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна.

АРВАНДӨРӨВ.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Сонгууль угтсан улстөржилт, сонгуулийн үеийн хар технологиос татгалзах нь эрүүл нийгэм, улс төрийг цогцлоох нийт монгол түмний эрх ашигт нийцнэ.

Ард түмнээ талцуулж, хагаралдуулах, Сонгуулийн хуулийг зөрчин элдэв зүйл амлах, мөнгө тараах, гүтгэлгийн кампанит ажил өрнүүлэх мэтийн үеэ өнгөрөөсөн, цөөхөн монголчуудын эрх ашигт харш үйлдлийг энэ сонгуулиас эхлэн зогсооё. Үндэсний эв нэгдлээ дээдэлье. Бодлого дэвшүүлж, шударга өрсөлдөж, сонгогчдодоо сонголтын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хандан уриалъя. 

АРВАНТАВ.

2021 он тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он болж байна. Саяхан бид Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Удахгүй Ардын армийн 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой болно. Долдугаар сард Ардын хувьсгалын 100, намар Монгол Улс НҮБ-д элссэний 60, оны эцсээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой тус тус тохионо.

Эдгээр түүхэн ойнуудыг баяр ёслол болгон тэмдэглэх гэхээсээ илүүтэй, зуун дамжсан тусгаар тогтнолын их түүхээ зөв ойлгож мэдэх, туулсан замналын ололт амжилт, алдаа оноогоо дэнслэх, дараагийн зууны хөгжлийн шинэ зорилтыг хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн ирээдүйтэй уялдаатай авч үзэж, шинэчлэн тодорхойлох нь илүү чухал ач холбогдолтой билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж