Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021.03.15/ “Монголика” тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 70 настай эмэгтэй нас барсан талаар мэдэгдлээ.
Тэрбээр “ Төв аймагт оршин суух хаягтай 70 настай эмэгтэй нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан учраас гуравдугаар сарын 11-нд “Монголика” тусгаарлах байранд тусгаарласан. Улмаар маргааш нь PCR шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан. Тэрээр Төв аймагт ганцаараа амьдардаг, хоёрдугаарт ойрын хавьтал байсан учраас долоо хоног тусгаарлах ёстой. Тусгаарлах байранд ирэх үед нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч үзэхэд хөнгөн хэлбэрийн ой тогтоолт алдагдалттай, хөнгөн хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн дүгнэлт үйлдсэн. Өдөрт 4-5 удаа эмч тогтмол үзлэг хийж байсан ч өчигдөр /2021.03.14/ гэнэт нас барсан. Хэрэв ар гэрийнхэн нь хүсвэл задлан шинжилгээ хийж нас баралтын шалтгааныг эцэслэнэ. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан шалтгаан нь суурь өвчин байх магадлалтай гэж гарсан” гэлээ.
Монгол Улс дотооддоо 2020 оны 11 сараас хойш халдварыг алдсан. Өнгөрсөн хугацаанд Covid-19 халдварын улмаас дөрвөн хүн нас барсан юм.
Мөн Оюутолгой компанид нэг тохиолдол батлагдаж, ойрын хавьтлын 20 хүнийг тусгаарлажээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Covid-19 халдварын үед Засгийн газар 5.1 их наядыг зарцуулах төсөвт суулгасан. Хэдийг нь, юунд зарцуулаад байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт 1.1 их наядыг зарцуулах тооцоо гараад даатгалын сангаараа дамжуулаад явж байна.
-АстраЗеника вакциныг Европын зарим улсуудад хориглолоо. Манай улсад хэрхэх вэ. 65-аас дээш насныханд хийж болохгүй гэж ойлгосон?
-Зарим улсад түр зогсоосон. Гэхдээ огт хориглоогүй. Манай улсад үргэлжлүүлэн хийж байна. Хуваарийн дагуу вакцинжуулалтаа хийж байна. Өнөөдрийг хүртэл 65-аас дээш насны иргэдэд вакцин хийгээгүй. Ирэх долоо хоногт багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакцин хийнэ.
-Иргэд сонголтоороо вакцинаа хийлгэж болох уу?
-Сонгож хийлгэнэ гэдэг буруу ойлголт яваад байна. Таны биеийн байдлыг харгалзан үзэж аль тохирох вакциныг хийнэ. Түүнээс биш вакцинаа сонгож хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй. Сонголтоор биш эмчийн заалтаар хийж байгаа.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс халдвар илрүүлэх оношлуур хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ?
-Эмнэлзүйн шатаа бол давсан. 50 хүн дээр туршихад үр дүн 100 хувь баталгаажсан. Бүтээгдэхүүн нийлүүлэх үе шатандаа явж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ