Инфографик: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн танилцуулга

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Инфографик: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн  танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.

Уг хуулиар Монгол Улсын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, эрх зүйн байдал, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг  зохицуулна. Хууль 16 бүлэг, 118 зүйлтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах зарчмын асуудлыг тусгалаа:

  -Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж уг зөвлөлийг орон тооны 10 гишүүнээс бүрдэхээр тусгаж, шүүгч 5 гишүүнийг хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр 2 шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдэх Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурлаас томилохоор хуульчилсан. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүн шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагыг, бусад 5 гишүүн эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, эсхүл төрийн улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тус тус хангасан байна. 

Шүүгчид нэр дэвшигчээс Шүүхийн ерөнхий зөвлөл 2 шатлал бүхий шалгалт буюу хууль зүйн мэдлэг, чадварын болон мэргэшил, ёс зүй, зан төлвийн шалгалт авахаар, эдгээр шалгалтын аль алинд тэнцэж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгохоор хуульд тусгав. 

Шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журмыг олон нийтэд нээлттэй, ил тод байхаар буюу шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авах журмыг нарийвчлан, тодорхой тусгаж, шүүгчид нэр дэвшигчийн оноог Шүүхийн ерөнхий зөвлөл цахим хуудастаа байршуулж, нийтэд мэдээлэх, шүүгчид нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаар олон нийтээс санал авах, Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан шийдвэр, ажлын тайлангаа цахим хуудастаа тогтмол байршуулахаар зохицуулсан. 

    -Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлж, уг хороог орон тооны 9 гишүүнээс бүрдэхээр тусгаж, шүүгч 4 гишүүнийг хяналтын шатны шүүхээс 1, давж заалдах шатны шүүхээс 2, анхан шатны шүүхээс 1 шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор, бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр  Улсын Их Хурлаас томилохоор тусгасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавигдах шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийхтэй адил байхаар хуульчиллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн 5 төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулах боломжийг нээлээ. Түүнчлэн, сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгалаа. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил, зөрчил гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил, зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан.

Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэхээр, мөн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан хяналтын тогтоолд Улсын дээд шүүхэд гомдол гарган хянуулах зохицуулалтыг тусгав.  

    -Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хүртээмжтэй байлгах нөхцөлийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулж болох боломжийг нээсэн.  

    -Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн, 2 жил тутам хуралдаж байх Нийт шүүгчийн чуулганы эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Ингэснээр шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүнийг сонгох, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа хэлэлцэж, Улсын дээд шүүхэд уламжлах, шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг санамсаргүй байдлаар, сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, холбогдох байгууллагын үйл ажиллагааны тайланг сонсох зэрэг шүүхийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шүүгчид нийтээрээ хэлэлцэн шийдвэрлэх боломж бүрдэх юм. 

    -Улсын дээд шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг хяналтын журмаар хянан үзэхээр баталгаажуулав. Хяналтын шатны шүүхийн шүүгч тусгай саналаа уг шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтлэх эрхтэй байхаар зохицуулсан нь хууль хэрэглээний үндэслэлийг хөгжүүлэх, шүүгч бүрийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. 

Түүнчлэн, Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 24 шүүгчээс бүрдэхээр тусгаж, Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь 10-аас доошгүй жил ажилласан шүүгчээс бүрдэх бөгөөд гуравны нэг хүртэлх нь өмгөөлөгч, прокурор, хууль зүйн их, дээд сургуулийн багш байх боломжийг нээсэн. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах журмыг мөн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нарийвчлан тодорхой тусгасан.

Улсын дээд шүүхийн шүүгч 3 хүртэл судлаач туслахтай байх боломжийг бүрдүүлснээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой судалгаа хийх, ингэснээр үндэслэл бүхий санал, шийдвэр боловсруулах хүний нөөцийг бэхжүүлнэ. 

    -Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг сургалт, судалгаа, мэдээллээр хангах, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад шаардагдах судалгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал бэлтгэх, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх     Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд ажиллуулахаар тусгалаа. Уг хүрээлэнд шүүгч 6 хүртэл сарын хугацаагаар судлаачаар ажиллах боломжийг нээж, уг хугацаанд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцохоор зохицуулсан.  

    -Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасан. Энэ хүрээнд шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах дэвшилтэт зохицуулалтыг тусгасан. 

Тухайлбал, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг төсвийн хэмнэлтээс бусад тохиолдолд бууруулахгүй байх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахгүй байх, шүүхийн төсвийг боловсруулж батлуулахад уг хуульд заасан зарчмыг заавал баримтлах, мөн шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр хуульчлав.

Мөн шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогт нийцүүлэн шүүгчээр ажиллаж болох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоож, 55 нас хүрсэн, 30 түүнээс жил шүүгчээр ажилласан бол өндөр насны тэтгэвэрт шууд гарахаар, 55 нас хүрсэн, эсхүл 25 жил шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа шүүгчид түүний авч байсан цалингийн дундаж хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож 1 удаагийн тэтгэмж олгохоор зохицуулсан.

    -Шүүгч шүүн таслах чиг үүргээ хэнээс ч хараат бусаар явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн албан тушаалтан шүүгчтэй албан ажлаар уулзсан тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгч байх, түүнчлэн Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй хуралдаж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгасан. 

    -Шүүгчээр хуульд заасан шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг томилдог ч шинээр томилогдож байгаа шүүгчийг мэргэшүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд мэргэшүүлэн дадлагажуулах зорилгоор 3 сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад заавал хамруулахаар харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгчийг өөрийнх нь хүсэлтээр мэргэшүүлэх сургалтад хамруулахаар, цаашид шүүгч нь жил бүр мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байхаар тус тус үүрэгжүүлсэн. 

    -Шүүгчээс шүүн таслах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий шүүгчийн туслахыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байх шаадлагыг тавьж байгаа бөгөөд шүүгчийн туслахаар 3-аас доошгүй жил ажилласан бол анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад орох эрхийг нээсэн. Одоо ажиллаж байгаа хуульчийн эрхгүй шүүгчийн туслахуудад Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2 жилийн хугацаанд багтан хуульчийн эрх авах боломжийг өгсөн.

    -Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах зарчмын хүрээнд хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцад хамаарахаас бусад шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр дамжуулж болохоор, мөн шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаар өмнө дурдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлж байхаар, олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр ойлгомжтой байдлаар бичгээр болон биечлэн тайлбарлаж байхаар, Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар болон Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой гэж үзсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр хуульчилсан.

    -Анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх үүднээс 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар хуульчилсан. Иргэдийн төлөөлөгчийг сонгох, түүний бүрэн эрх, татгалзан гаргах, мэдээллээр хангах нарийвчилсан зохицуулалтыг хуульд тусгахын зэрэгцээ иргэдийн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх, дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгахаар шүүгчид үүрэгжүүлсэн. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад иргэдийн төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг ялгаатай нэрлэж байгааг нэг мөр болгож, иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журамд албан томилолт, замын зардал зэрэг зохицуулалтыг нэмж иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн орчныг сайжруулсан.

    -Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний шүүх хуралдааныг даргалах, шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох, доод шатны шүүх хооронд гарсан хэргийн харьяаллын маргааныг шийдвэрлэх зэрэг шүүн таслах ажиллагаанд эдэлдэг байсан давуу эрхийг хасаж, тухайн шүүхийн танхим болон шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлж, шүүн таслах ажиллагаанд бусад шүүгчдийн нэгэн адил оролцдог байхаар хуульчилсан. 

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд онцлог зохицуулалтаас дурдвал: 

   -Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болох агуулга бүхий зохицуулалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулснаар тухайн шүүгчид энэхүү холбооны гишүүнчлэлд байх эсэхийг шийдэх сонголтыг олгосон болно. 

    -Монгол Улсын Засгийн газарт шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, зориулалтын шаардлага хангасан барилга байгууламж барихад шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган үе шаттайгаар шийдвэрлэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үндсэн цалингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бүрэн нийцэж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг улам бүр баталгаажуулсан шүүх эрх мэдлийн эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.  

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж