УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачилсныг Улсын Их Хурлын хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад гэнэт оруулсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.
– УИХ-ын нэр бүхий гишүүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаачилсныг Хууль зүйн байнгын хорооны даргын гаргасан саналаар Улсын Их Хурлын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орууллаа. Энэ талаар та тайлбар өгөх үү?
– Тогтоолын төсөл манайд бол албан ёсоор ирээгүй. Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон учраас төсөлтэй сая л танилцлаа. Төслийн агуулгаас үзэхэд 2015 онд батлагдсан өршөөлийн хуулийг хэрхэн хэрэглэх талаар чиглэл өгсөн, хуулийн зүйл, заалтыг тайлбарласан байна. Гэтэл Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрх Улсын Дээд шүүхэд л хадгалагдана гэж Үндсэн хуульд заасан. Их хурал энэ тогтоолыг баталсан тохиолдолд Дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан явдал болно гэж үзэж байна.
– Ер нь Монгол Улсад хуулийг зөвхөн шүүх тайлбарлаж, хэрэглэнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ. Энэ үүднээс Хууль зүйн байнгын хорооны дарга энэ асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулах санал гаргасан талаар та ямар бодолтой байна?
– Манай эрх зүйн орчинд хуулийг албан ёсоор тайлбарлах үндсэн хоёр л арга бий. Нэг нь, түрүүн би хэлсэн, Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргах. Нөгөө нь хууль тогтоогчийн зүгээс хууль батлах замаар хуулийн зүйл заалтыг тайлбарлах. Жишээ нь, Эрүүгийн хуульд “эх орноосоо урвах” гэсэн гэмт хэргийг заахдаа хэрхэн ойлгохтой холбоотой тайлбарыг нь хамт хийж өгсөн байдаг. Нэг сөхөөд үзээрэй. Тэгтэл тогтоолоор хууль тайлбарлах гэж оролдоод тэрийг нь дэмжээд жагсаалтад оруулъя гээд байгаа нь их сонин байна.
– Таны сая хэлсэн тайлбартай холбогдуулан тодруулах зүйл байна. Энэ тогтоол нь өөрөө нэг л хүнд зориулагдсан гэх юмуу Улсын Их Хурал энэхүү тогтоолыг баталсан тохиолдолд шүүгч гагцхүү хуульд захирагдах ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөхөд хүрнэ гэсэн комментууд сошиалаар нилээн харагдаж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
– Хууль тогтоомжийг нийтийн эрх ашиг хөндөгдсөн, нийтэд хамааралтай асуудлаар л гаргах ёстой болохоос биш хэн нэгэн хүний эрх ашигт нийцүүлсэн байдлаар баталж болохгүй. Тайлбарлах бүрэн эрх хэнийх вэ гэдгийг Үндсэн хуульд цагаан дээр хараар тодорхой бичсэн байхад арай ч Их Хурал маань ийм шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна.
Л.ХАЛИУ