Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов | News.MN

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг энэ оны гуравдугаар 12-ны өдөр Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагуудад зохион байгуулсан байна. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Ажлын хэсэгт хүргүүлжээ. Энэ дагуу 2021 оны гуравдугаар сарын 31-ны дотор Засгийн газрын хурлаар танилцуулахаар болсон байна.

Хоёрдугаар сарын 23-наас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дүрэм, журам мөрдүүлэх тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг НМХГ-т үүрэг болгосон. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд НМХГ-аас хяналт, шалгалтын арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг арилгуулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Тухайлбал, хяналт шалгалтаар цэнгээний газруудад хүн хоорондын зай барихгүй, видео тоглоомын газарт амны хаалт зүүхгүй, тоглоомын газрыг тухай бүр ариутгадаггүй зөрчил нийтлэг илэрснийг арилгуулж, агаар сэлгэлт, гар ариутгал, бүртгэл хөтлөлтийг тогтмолжуулж, үйлчлүүлэгчдэд шаардлага тавьж ажиллахыг зөвлөсөн байна.

Мөн QR код бүртгүүлэхэд дата шаардлагагүй гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй учраас датагүй гээд уншуулдаггүй. Иймд дата шаардахгүй гэдгийг жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, ажилласан байна.

Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн байдлаар нийслэл рүү 23258 тээврийн хэрэгсэлтэй 52348 хүн орж, 31854 тээврийн хэрэгсэлтэй 76292 хүн гарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө.

Тодруулбал, Улаанбаатар хотыг өнгө, үзэмжгүй харагдуулдаг, иргэдийн аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж, явган хүний зам руу түрж барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэд гудамжаараа чөлөөтэй, аюулгүй явах боломжийг хангах ёстой” гэсэн юм.  Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүх талаас нь дэмжихийг үүрэг болгож, төрийн албаны хүнд суртал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг даалгав.

Харин хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд аюулгүй, эрүүл ахуйн үндсэн шаардлагуудыг тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж