Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.03.15/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2021.03.14/ нийт 9410 сорьцод шинжилгээ хийхэд 122 хүнээс covid-19 илэрч улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4083 боллоо.
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Дотоодод батлагдсан халдварын тохиолдол 3551 боллоо. Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэж эмнэлгээс гарснаар нийт эдгэсэн хүн 3031 болж байна. Шинээр халдвар авсан 122 хүний 117 нь ойрын хавьтал байна. Тэдний 112 нь эхний PCR шинжилгээгээр халдвар илэрсэн бол таван хүнээс давтан шинжилгээгээр халдварын онош батлагдлаа. Эдгээр таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Оршин суугаа байршлын тухайд,
- Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо
- Баянгол дүүргийн 4,16 дугаар хороонд тус тус бүртгэгдсэн.
ОЙРЫН ХАВЬТЛУУДЫГ 14 ХОНОГ ГЭРТ НЬ ТУСГААРЛАХААР БОЛЛОО
Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудаас нийт 973 хүн эмчлүүлж байна. Тэдний 65 нь хүнд, хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Эрүүл мэндийн яамнаас ойрын хавьтлуудыг долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног гэрт нь тусгаарладаг байсныг өөрчиллөө. Тодруулбал, ойрын хавьтлуудыг 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглахаар боллоо. Ингэхдээ эмнэлзүйн үнэлгээ , гэр ахуйн орчин нөхцөлийн үнэлгээ, эмнэлзүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг эсэхийг ажиглах гэсэн гурван төрлийн үзүүлэлтийн үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад үлдээх эсэхийг шийдвэрлэнэ гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ОЛНООРОО ЦУГЛАРЧ, ГЭР БҮЛЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛСАН ТОХИОЛДОЛ МАШ ИХ БАЙНА
ЭМЯ-ны хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.УУГАНБАЯР:
-Бүртгэгдсэн нэг тохиолдлын цаана ойрын болон дам хавьтлын тоо эрс нэмэгдэж байна. Зөвхөн нэг удаагийн буруу үйлдлээс болж гэр бүлээрээ өвчлөх тохиолдол маш их байна. Найз нөхдөөрөө цугласнаас болж гэр бүлээ эрсдэлд оруулсан тохиолдол маш их байна. Энэ бүхний цаана хувь хүний хариуцлагын асуудал зайлшгүй хөндөгдөж байна.
ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ НОЦТОЙ ХҮНДРЭЛ ГАРААГҮЙ
Вакцинжуулалтын нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Улаанбаатарт зорилтот хүн амыг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Вакцинжуулалтыг энэ сарын 9-аас эхлэн эрчимжүүлж, хоногт 10-15 мянга гаруй иргэнийг хамруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд 28249 хүнийг дархлаажуулж , 118294 хүнийг вакцины эхний тунд хамрууллаа. Вакцинд хамрагдсан хүмүүсийг вакцины дараа хариу урвал болон хүндрэлийн тандалтыг ажиглаж байгаа юм. Ажиглалт, тандалтаар нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь вакцины дараа зааварт тусгагдсан илрэх ёстой урвал илэрч байна. Ноцтой урвал хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын үйл ажиллагаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэрэглэх хувийн хамгаалах хэрэгслээр тасралтгүй хангаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 40 цэгт 74 багийн 560 гаруй эмч эмнэлгийн ажилтан 15400 гаруй хүнийг вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Вакцинд төр, хувийн хэвшлийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, сургуулийн багш ажилчид, үйл ажиллагааг нь хориглож болохгүй салбарын ажилтнууд, ахмад настнууд хамрагдана.
Хүн амын дунд сайн дурын вакцинжуулалт эхлээгүй байгаа тул вакцинжуулалтын цэгүүдийн байршлыг мэдээлэхгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Учир нь, олон хүн нэг дор цугларах, эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлж байгаа аж.
НАС БАРСАН 4 ХҮН УУШГИНЫ ТАРХМАЛ ХАТГААГААР ХҮНДЭРЧ, АМЬСГАЛЫН ДУТАГДАЛД ОРСОН
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэчнээн тун вакцин оруулж ирэхээр Эрүүл мэндийн яаманд хандсан бэ. Хувийн компаниуд вакцин оруулж ирсэн бол дархлаажуулалтыг хаана зохион байгуулж байна. Мөн ДЭМБ-д бүртгэлтэй вакцин оруулж ирж байна уу?
-Одоогоор Монгол эм импекс компани 10 мянган тун Спутник V вакцин оруулж ирсэн. Вакцинжуулалтыг тухайн компани зохион байгуулалтаа хийж, интермед эмнэлэгт хувийн хэвшлүүд вакцинд хамрагдаж байгаа юм. Монос, Ач-үр компаниуд вакцин оруулж ирэхээр хүсэлтээ өгөөд байна. Хувийн компаниуд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн, Монголын эм, эмийн зөвлөл хүлээн зөвшөөрсөн вакцин оруулж ирж байна.
-Батлагдсан тохиолдлоор эмчлүүлж буй хүмүүсийн орны хүрэлцээ ямар байна вэ?
–Өвчлөл, дам хавьтлын тоо нэмэгдэж байгаа ч орны асуудлыг зохицуулж байна. Үүнд зохицуулалт хийхээр Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн өнөө өглөөнөөс ажиллаж байна. Мөн орны хүрэлцээ, тусгаарлах байрны нөхцөл байдалд тулгуурлан ойрын хавьтлуудыг 14 хоног гэрт тусгаарлан ажиглахаар болсон. Гэхдээ хүн бүрийг гэрт нь тусгаарлахгүй, тухайн хүний ухамсар, нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлан ажиглах уу, гэрт нь тусгаарлах уу гэдгийг шийдвэрлэнэ.
-Ахмад настнуудыг өнөөдрөөс вакцинд хамруулж эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Ахмадуудад вакцины сонголт бий юу, ямар вакцинд хамруулах вэ?
-Нийслэлийн хэмжээнд гурав, дөрөвдүгээр сард багтаан зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалтыг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд энэ долоо хоногоос 60-64 насны ахмадуудаа вакцинд хамруулахаар болж байна. Ахмадууд дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр вакцинд хамрагдах боломжтой. Ингэхдээ дүүрэг, хороодын нэгдсэн зохион байгуулалттайгаар вакцинжуулалт зохион байгуулна. Энэ мэдээллийг дүүргийн өрхийн эмнэлгүүдээс авах боломжтой. Монгол Улсад хүний эмийн зөвлөлөөр хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг хэрэглэж байна. Одоогоор бид БНХАУ-ын синофарм вакцин хэрэглэж байна.
-Вакцинд 65-аас дээш насныхан хамрагдах уу. Эмнэлзүйн туршилтыг 65-аас дээш насныханд хийгээгүй гэдэгт холбогдуулан вакцинд хамруулах боломжгүй юу?
-Вакцинд 65-аас дээш насныхан хамрагдана. Бид 60-аас дээш насны хүмүүсээ нэн түрүүнд вакцинд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Эмнэлзүйн явцын туршид вакцинуудад тодорхой насны бүлгүүдийг хамруулсан. Мэдээж 18-аас дээш насны хүмүүс вакцинд хамруулна гэсэн үг. Харин 18-аас доош насны хүмүүсийг вакцинд хамруулах талаар эмнэлзүйн туршилтуудыг хийж эхэлсэн.
-Халдварын тоо өдөрт 400 хүрнэ гэсэн тооцоо байна. Энэ нь өдөрт нас баралт хэр нэмэгдэх вэ. Хүн амын дунд халдвар эрчимтэй тархвал нас баралт эрс нэмэгдэх үү. Нас баралтын голлох шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Зарим тохиолдолд эмч эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинжилгээ авах хүрэлцээ нь хумигдсан зэрэг шалтгааны улмаас хүмүүс халдвар авсан ч илрэхгүй, хүндрэх тохиолдлуудын тоо аажмаар ихэсдэг. Эдгээр тохиолдлуудыг харахад, халдварын тохиолдол оргил үедээ хүрсний 2-3 долоо хоногийн дараа өвчний хүндрэл, эрчимт эмчилгээний орнууд дүүрдэг зүй тогтол ажиглагддаг. Эл зүй тогтлын дагуу бид ч бас бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Нас баралтын голлох шалтгааны хувьд, өнөөдрийн байдлаар covid-19 халдварын улмаас нас барсан дөрвөн хүний халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч улмаар амьсгалын дутагдал, эрхтний дутагдалд орж нас барсан.
-Вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл хангалттай хүрэлцээтэй бий юу?
-ДЭМБ-аас гаргасан норм журмын дагуу стандарт хамгаалах хэрэгслийн хувцасыг Нийслэлийг эрүүл мэндийн газарт шилжүүлсэн. Тиймээс эмч ажилтнуудад хуваарилах асуудал НЭМГ-аас дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилалт очно.
– Чанаргүй, нэг удаагийн аяганд хоол өгч буй асуудал цахим орчинд цацагдсан. Халдварын голомтонд ажиллаж буй эмч, сувилагч нарын хоолны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Эрүүл мэндийн сайд вакцинжуулалтын цэгүүдийн нөхцөл байдалтай танилцсан. Мэдэээж вакцинжуулалтын төвүүдийн нөхцөл байдал, эмч эмнэлгийн ажилтнуудын хамгаалах хэрэгслийн нөөцөд тогтмол хяналт тавьж байгаа. Мөн хоол хүнсний асуудалд хяналт тавьж ажиллаж байна. Эмч нарт өгсөн чанаргүй хоолны асуудал Баянзүрх дүүрэг дэх вакцинжуулалт зохион байгуулж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүссэн нөхцөл байдалтай Эрүүл мэндийн сайд танилцаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон. Энэ бол зөвхөн зохион байгуулалтын асуудал. Вакцинжуулалт зохион байгуулж буй цэгүүдэд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудын хоол хүнсний асуудлыг тухайн хариуцсан дүүрэг, эрүүл мэндийн төв зохион байгуулахаар төлөвлөгөө гаргасан. Мөн Эрүүл мэндийн сайд эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинг олгох асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд шийдвэрлэсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн газар эмч нартаа илүү цагийн мөнгийг нь олгоогүй байсныг арга хэмжээ авч, шийдвэрлэсэн. Дараа нь Эрүүл мэндийн яаманд вакцинжуулалт зохион байгуулж буй эрүүл мэндийн төвийн дарга нартай цахимаар уулзаж, анхааруулга өгсөн.
-Халдварын шинж тэмдэггүй хэчнээн хүн байна вэ. Эдгээр хүмүүст эсрэг биет үүссэн эсэх талаарх мэдээллийг өгнө үү. Мөн өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилчдын нөөц, хүрэлцээ хэр байна вэ?
–Улаанбаатарт бүртгэгдсэн covid-19 халдварын 2906 тохиолдлыг нарийн тархвар судлалын асуумжийг судлахад 1287 хүнд буюу 44.3 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй тохиолдол байна. Эсрэг биеийн тогтолцлыг батлагдсан тохиолдлуудыг эмчлүүлсэн өдрөөс нь эхлэн 7, 14 хоногоор шат дараалан үздэг. Батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувьд нь долоо дахь хоногт эсрэг бие үүссэн байдаг.
-Манай улс БНХАУ-ын ямар үйлдвэрийн вакциныг хүлээн авсан бэ. Олон нийтийн дунд синофарм, синовак зэрэг өөр өөр үйлдвэрийн талаарх мэдээлэл эргэлзээ дагуулж байгаа юм. Иймд БНХАУ-ын аль үйлдвэрийн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар бид БНХАУ-ын синофарм үйлдвэрийн "Verocell" вакциныг дархлаажуулалтад ашиглаж байна. Монгол Улсад хэрэглэж буй вакцинууд яаралтай горимоор хүлээн зөвшөөрөгдсөн. Манай улсад нийлүүлэгдсэн нь синофарм үйлдвэрийн вакцин. Энэ тухай мэдээллийг бид вакцинд хамрагдаж буй хүмүүстээ тогтмол өгч байгаа юм. Үүний зэрэгцээ синофарм үйлдвэрийн "Verocell" вакциныг хоёр тунгаар хийж байна. Одоо дуусах шатандаа байгаа астразенека вакциныг 56 хоногийн зайтай хоёр дахь тунг өгнө. Тиймээс уг вакцины эхний тунд хамрагдсан иргэд тодорхой заасан хугацаандаа хоёр дахь тунд хамрагдахыг зөвлөе.
-Дархлаажуулалтад хамрагдсан эмийн тухай та бүхний мэдээлж буй тоонд хувийн хэвшлийн вакцинжуулалтын тоог оруулж байгаа юу. Интермед эмнэлэг өнөөдрийн байдлаар хэчнээн хүнийг вакцинд хамруулаад байна. Тус эмнэлгээс өөр эмнэлэг вакцинжуулалт зохион байгуулж байгаа юу?
-Дархлаажуулалтад хоногт хамрагдсан хүний тоонд хувийн эмнэлгийнхэн ч багтаж байна. Интермед эмнэлэгт нийт 10 мянган тун спутник V вакцинаас 6000 гаруй нь хийгдсэн байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 118200 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан. Харин улсын буюу дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 112 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан. Үүнд хувийн хэвшлийнхэн нэмэгдэхээр улсын хэмжээний нийт дүн гарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар интермед эмнэлгээс өөр хувийн эмнэлэгт вакцинжуулалт зохион байгуулаагүй.
-Вакцинд хамрагдах боломжгүй хүмүүс хэчнээн байна вэ. Энэ талаарх судалгаа бий юу?
–Эмчийн үзлэгээр вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийг тодорхойлох учраас тухайн үед эмчийн үзлэгээр эсрэг заалттай байвал вакцинаас хоцрох, тодорхой хугацаанд хойшлогдох заалтууд бий.
-Манай улсад өнөөдрийн байдлаар амьсгал дэмжих хэчнээн аппарат байна вэ. Шинээр авсан амьсгалын аппаратуудыг ашиглаж байгаа юу?
-Халдварт өвчин судлалын үндэсний төв өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний 35 ортой. Бүгдэд нь амьсгал дэмжих аппарат, төхөөрөмжүүд суурилуулсан. Өвчин хүндэрсэн тохиолдолд хэрэглэх боломжтой. Бусад эмнэлгүүдэд тодорхой зохион байгуулалтыг хийсэн.
Б.ЦЭЦЭГ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, March 14, 2021
Холбоотой мэдээ