2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хаврын анхны чуулган эхэллээ. Хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд Элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөллүүд цахимаар оролцож байна. Ерөнхийлөгч одоогоор чуулганы хуралдаанд орж ирээгүй байна.
Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байна. Тэрбээр "Энэ хаврын чуулганы Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрхзүйн хувьсгалыг хийхэд онцгой ач холбогдолтлй байх болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрхзүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрхзүйт төрийг төлөвшүүлэх явдал юм. энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна" гэдгийг тодотголоо.
Хаврын чуулган нээлтээ хийлээ
Posted by News.mn on Sunday, March 14, 2021
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Чуулганы нээлтэд цахимаар оролцож байгаа Хүндэт зочид оо,
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг нь сунгасан тул хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байна. Өмнө нь дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхэлдэг байсан, гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийж байна.
Энэ хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах “Эрх зүйн хувьсгал”-ыг эрчимжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой байх болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрх зүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх явдал юм.
Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Ийм учраас хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна.
Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан хаврын чуулган хэлэлцэх асуудлаа Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эхлэх гэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрхийг 18 зүйлээр тов тодорхой зааж өгсөн. Бид хууль хэлэлцэж батлахдаа энэ 18 эрхийн үндсэн зарчмыг сайтар судалж, үүн дээр суурилах ёстой. Хүний эрхийг хамгаалах, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх Үндсэн хуулийн үндсэн үүргээ хууль тогтоогч бид үргэлж санаж ажиллах ёстой. Батлан гаргаж байгаа хууль, дүрэм, журам, үйл ажиллагаа бүхэн гагцхүү иргэнийхээ эрхийг хангахад, түүнийг элдэв хэлбэрээр зөрчихгүй байхад л чиглэх ёстой гэдгийг зарчим, мөрдлөг болгох учиртай. Ямагт төрийн байгууллагуудын эрх ашигт нийцүүлж хууль баталдаг өнгөрсөн зууны практикийг халах цаг болсон.
Тиймээс дараах есөн асуудалд Та бүхний анхаарлыг хандуулъя.
Нэгдүгээрт, УИХ-аас 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон шинэтгэлийн шинж чанартай эрх зүйн баримт бичиг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах зорилгод чиглэсэн Шүүхийн багц хууль юм. Шударга, хараат бус шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн хангах шүүхийн тогтолцоог төгөлдөршүүлэхэд энэ шинэтгэлийн зорилго оршиж байгаа.
Хууль энэ гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл шүүхийн байгууллагуудын зарим ажилтнуудын нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл бухимдлыг төрүүлж байна.
Энэ нь нэг талаасаа, шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл, шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж гэж дүгнэж болно. Нөгөө талаас үнэхээр шүүхэд асуудал байна, шүүгчид ёс зүйгээ сахиж, шударга ажиллаж чадахгүй байгаа нь үнэн байна, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлт олон нийтийн санал бодолд бүрэлдсэн байна.
Чухамхүү ийм байсан учраас л Шүүхийн тухай шинэ хуульд Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагааг ил тод байх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох, шүүгчид хориглох зүйл, хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон.
Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой.
Нөгөө талаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгидөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний нэг жишээ бол иргэн Т.Чимгээд холбогдох өмнө илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Энэ асуудлыг эцэслэн нэг мөр шийдэх, шаардлагатай бол шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх нь эрх зүйт төрийн үүрэг мөн. Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хүн хилсээр хэлмэгдэж байвал төрийн эрх дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй.
Хоёрдугаарт, ийм учраас УИХ хууль батлахаас гадна Үндсэн хуулиар олгогдсон үүрэг болох баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийг араас нь шаардах, нэхэх, цаашид боловсронгуй болгох чиглэлд тасралтгүй ажилладаг байх учиртай.
Тухайлбал, Шүүхийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр бүрэлдэх Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг иргэдийн оролцоо, хяналт, нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд томилон ажиллуулах нь энэ хаврын чуулганы нэг гол зорилт мөн.
Шүүх эрх мэдэлд үүссэн гажуудал, ёс зүйн үлгэрлэл манлайлалгүй, шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлэгч зарим шүүгчдэд одоо ажиллаж байгаа Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл шуурхай хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж өөгшүүлэн, хууль ёсыг уландаа гишгэж байгаа нь Шүүхийн хуулийг баталж, шударга ёсны хувьсгалыг хуулиар хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсныг улам бүр нотлон харуулж байна. Шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд хэн нэг этгээдэд барьцаалагдахгүй, мэргэжил, ёс зүй, хуулийн шаардлага хангасан иргэдийг нэрээ дэвшүүлж өрсөлдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Нөгөө талаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний талыг нь нийт шүүгчид дотроосоо нууц санал хураалтаар сонгохоор болсон нь шинэ Шүүхийн хуулийн нэг онцлог шинэ зохицуулалт юм. Энэ сонголтод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь ч оролцохгүйгээр хуульчлагдсан. Шүүгчид дотоод ардчиллын зарчмаар өөрсдөө шүүх эрх мэдлийнхээ эрүүл дархлааг сонгох энэхүү дотоод “сонгууль”-даа идэвхтэй оролцож, нэр хүндтэй, мэргэжил, туршлага, ёс зүй, мэдлэг, эрхэм чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ сонгоосой гэж хүсэж, уриалж байна.
Энэ бол шүүгчид Та бүхэнд хуулиар олгосон нэг талаас эрх мэдэл, нөгөө талаас өндөр хариуцлага, шүүх засаглалын нэр хүндийг өргөх боломж юм. Шүүх эрх мэдэлд “цус ойртож”, төрөл садан, ураг төрөл, найз нөхдийн холбоосоор нэгнээ шүүгч болгодог, талцан бүлгэрхдэг байдал байгааг таслан зогсоох нь шинэчлэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн үүрэг байх ёстой.
Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг “хонгилын” гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан. Одоо энэ зорилт зөв хүнийг шүүгчээр шилж олж, сонгож томилж чаддаг болох, эсэхээс ихээхэн хамаарна. Иймд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд энэ хавар шүүгчдийн чуулганаа бүх талын тэгш оролцоо, нээлттэй, шударга зохион байгуулалттайгаар, ардчилсан зарчмаар иргэд, олон нийтийн хяналтын дор зохион байгуулахыг хүсье. Энд дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоо, хяналт чухлыг зориуд цохон тэмдэглэж байна.
Шударга ёсны төлөөх эрх зүйн хувьсгалыг УИХ цаашид ч тасралтгүй үргэлжлүүлэх учиртай. Нэг хууль баталснаар шударга ёс шууд тогтчихгүй. Аливаа том үйл хэргийн эхлэл сайн бэлтгэлээс шууд хамаарна. Тийм ч учраас саяхан миний бие чиглэл өгч, гурван ажлын хэсэг байгуулсан. Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нарын гишүүдээр ахлуулсан хүний эрхийг хамгаалах, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомжийн хяналт шалгалтын Ажлын хэсэг байгууллаа.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хоёр Ажлын хэсгийг байгууллаа. Нэгдүгээрт, Шүүхийн хуулийн хэрэгжилтийг хангах, шинэ тутам байгуулагдан ажиллах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Засгийн газар, шүүх засаглалын ажлын уялдаа холбоог зохистой хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан. Түүнчлэн шүүхэд очиж буй хавтаст хэрэг, нотлох баримтыг олж цуглуулах ачааг үүрч байдаг мөрдөх албаны үйл ажиллагаанд үнэлэлт өгч, энэ хүрээнд иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх, иргэний халдашгүй эрхийг хангах, эрүү шүүлт тулгах, хуулиас гадуур эрхэнд нь халдахгүй байх үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, хангах чиглэлээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийг байгууллаа.
Эдгээр Ажлын хэсэг Үндсэн хууль болон Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн үзэл санааг тууштай хамгаалах зорилгоор хүний эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хуулийн байгууллагууд хэрэг илрүүлэх, мөрдөх, шалгах явцдаа иргэний эрхийг зөрчихгүй байх, ийм үйлдэлд ногдуулах ялын бодлогыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тодорхой саналыг ойрын үед бэлтгэж УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг үүрэг чиглэл болгож байна.
Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан ийм бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй. Хүний эрхийн төлөөх тэмцэлд эцсийн цэг гэж байхгүй. Ялангуяа сүүлийн үед иргэний хууль ёсны ашиг сонирхолд дур зоргоор халддаг, хэлмэгдүүлдэг, нотлогдоогүй баримт сэлтийг шүүхээс гадуур түгээж урьдчилан гэм буруутай мэтээр нийгмээр “яллуулдаг”, үгсэн хуйвалдаж залхаан цээрлүүлдэг, хүний өмч хөрөнгө, бизнесийг дээрэмддэг тухай гомдол УИХ-д их ирж байна. Хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр хийгдсэн, хүний эрхэнд халдсан бичлэгүүд ч ил болж байна. Эхлээд бусдыг санаатайгаар, олон нийтээр буруутгах зорилготой үйлдэл хийж, мөрдөн байцаалтын нууц байх учиртай бичлэг, мэдээ, баримт сэлтийг хууль бусаар түгээж байгааг хэрхэвч зөвтгөж болохгүй. Шударга ёс хуулиар л тогтох учиртай. Тэр тусмаа хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж, гутааж, нулимж хийгдсэн аливаа үйлдэл нь хуулиар хязгаарлагдвал зохино.
Цаашид хувь хүн биш, хууль засагладаг нийгмийг цогцлоох нь, үүнийг манлайлж ажиллах нь хууль тогтоогч Та бидний үндсэн үүрэг мөн.
Шинээр сонгогдсон Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд ч иргэний эрх, эрх чөлөөг хангах, түүнийг зөрчсөн аливаа илрэлтэй хатуу тэмцэхэд онцгой анхаарал хандуулж, шийдвэртэй арга хэмжээ авч санаачилгатай ажиллах шаардлагатайг сануулж хэлье.
Гуравдугаарт, энэ чуулганаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. УИХ-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа нь дээрх буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан.
Энэ заалт бол хуулийн хэрэгжилтийг хянах, нийгэмд шуугиан тарьсан аливаа хэргүүдийг ил тод, нээлттэй хэлэлцэж, бодит байдлыг илчлэн тодруулах, шударга ёс тогтоох эрхэм зорилгыг хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг мөн. Өнөөдөр шуугиан тариад байгаа тодорхой асуудлуудаар хяналт шалгалтын хороо байгуулж ард түмний нүдэн дээр ил тодоор хянан шалгаж нээлттэй сонсгол зохион байгуулж эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал иргэн Т.Чимгээд холбогдох хэргийн хүний эрхийн зөрчлийн асуудлаар төрийн эрх барих дээд байгууллагаас хянан шалгах Түр хороо байгуулж ажиллах ёстой гэж үзэж байна. Шударга ёс тогтоох тэмцлийг төрийн эрх барих дээд байгууллага УИХ манлайлах ёстой. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хойшлуулалгүй хэлэлцэн батлахын ач холбогдол ч үүнд оршиж байна.
Дөрөвдүгээрт, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92 дугаар тогтоолын зүйл, заалт бүрээр Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа.
Энэ ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна. Эхний нааштай үр дүнгүүд ч гарч эхэллээ.
Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх ёстой. Баялгийн үр өгөөж улсынхаа хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах учиртай. Энэ зарчмыг УИХ цаашид ч тууштай баримтлах болно.
Тиймээс Ажлын хэсэг үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, Засгийн газартай хамтран ажиллаж, Оюутолгойн талаар гаргасан УИХ-ын тогтоол шийдвэр, УИХ-ын гишүүдийн санал санаачилга, иргэдийнхээ хүсэлт шаардлагыг хангаж ажиллах ёстой гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.
Цаашид баялгийн хараал бус, баялгийн ерөөл оршиж, уул уурхайн ашиглалтад Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх шударга зарчмыг тогтооход Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүн жишиг болох ёстой гэдгийг сануулж хэлье.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах бусад олон чухал хуулиуд хүлээгдэж байна. Эдгээр хуулиудыг хугацаа алдалгүй хэлэлцэн батлах чиглэлээр УИХ, Засгийн газар хамтарч ажиллах шаардлагатай байна.
Хаврын чуулганы хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн багц хуулиуд, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай зэрэг нэн чухал хуулиудыг дараагийн чуулганд шилжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн, Эрх зүйн хувьсгалын үнэ цэнийг, эх орон ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй.
Эдгээр хуулиудыг боловсруулж, хэлэлцэн батлахдаа зөвлөлдөх ардчиллын зарчмаар ард түмэнтэйгээ хамтран хуулийн төсөл боловсруулж, хэлэлцэж, батлах цахим ЗА систем буюу lawmaker, lawforum системээ энэ зорилгоор хууль тогтоогчид, хууль санаачлагчид үр дүнтэй ашиглах ёстойг зориуд тэмдэглэе.
Нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд, боловсролын реформыг боловсролын салбарт эрх зүйн цогц шинэчлэл хийх замаар хэрэгжүүлнэ.
Ингэхийн тулд, боловсролын зорилгоо алсын хараатай тодорхойлох, сургалтын хөтөлбөр, агуулгаа СУРГАХААС СУРАЛЦАХУЙ РУУ чиглэсэн байхаар шинэчлэх, салбарынхаа удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, боловсролын бүхий л түвшний сургалтад орчин үетэйгээ уялдуулсан цахим сургалтыг нэвтрүүлэх, салбарын санхүүжилтийг үр дүнд суурилсан шинэ тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна.
Түүнчлэн шинжлэх ухааны салбарыг Монгол Улсыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй нийцүүлж, шинжлэх ухаан, дээд боловсролын салбарын судалгаа, хөгжлийн нэгдлийг хангах удирдлага, менежмент, бүтцийн шинэчлэлтийг хийх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.
Шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн кластерийг энэ зорилго, зорилтод нийцүүлэн байгуулж шинжлэх ухаан, технологийн салбарын бүс нутаг, дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм.
Тиймээс хаврын чуулган боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх багц хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.
Тавдугаарт, Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна, иргэдээ вакцинжуулж эхэлсэн ч тайвшрах болоогүй, эрсдэл өндөр хэвээр байна. Эрсдэлт байдал арилж, цар тахлаас ангижрах цаг удахгүй ирнэ. Гэхдээ өргөс авсан мэт нэг л өдөр бүх зүйл сайхан болчихгүй. Их эрсдэлээс бага эрсдэл рүү, түгшүүр айдсаас ердийн амьдралын хэм хэмжээ рүү алхам алхмаар шилжих дэс дараатай бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Иргэд, байгууллага, төр засгийн байгууллагууд ч ийм дэглэмээр, шат дараатай ажлаа төлөвлөж, уялдуулах нь зүйтэй.
Цар тахлаас үүдсэн хохирлыг даван туулах, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, бизнесийг дэмжих чиглэлээр УИХ-аас баталсан хууль тогтоомжуудад нийцүүлэн Засгийн газрын “Арван их наядын цогц төлөвлөгөө”-г нэгэнт эхлүүлсэн бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх, саатал үүсгэхгүйгээр үр дүнд хүргэхэд Засгийн газар, Монголбанк, холбогдох төрийн байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд, иргэн бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм.
Вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулах, иргэдээ аль болох богино хугацаанд бүрэн хамруулах, вакцинжуулалтын явц, үр дүн, ач холбогдлын талаар ил тод, зөв мэдээллээр иргэдээ тогтмол хангахад анхааръя.
Эрхэм гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан УИХ-ын Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт эмнэлгүүдэд ажиллаж, вакцинжуулалтын нөхцөл байдалтай танилцан, санал дүгнэлт дэвшүүлсэнд талархал илэрхийлье. Үүнд үндэслэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг энэ долоо хоногт багтаан УИХ дээр сонсож, иргэддээ бодит мэдээ, мэдээлэл өгөх нь зөв гэж үзэж байна.
Зургадугаарт, Монгол Улсад Эрх зүйн төдийгүй Эдийн засгийн тогтолцооны хувьсгал хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой байна. Үүнээс үндэслэн “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн.
Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо маань буруу байна. Буруу учраас Монголын хөрсөнд сайтар идээшихгүй байна. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Нөгөө талд дэлхий дахинд “эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгддэг Азийн буюу Япон хэв загварыг экспорт-үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн шилдэг тогтолцоо гэж үзэж байна. Үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ дэмждэг, улсын иргэд ажилтай орлоготой, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнэтэй байж, улс орон нь хөгжиж цэцэглэдэг. Улсын Их Хурал дээр байгуулагдсан судлаачдын баг, Судалгааны хүрээлэн ч ийм дүгнэлтэд хүрч байгаа юм.
Хөгжлийн энэхүү загварын онцлог нь ард түмнийхээ уламжлал, ёс заншлын онцлогт суурилсан, сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой, чадварлаг төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцлийг хангасан ёс зүйтэй улс төрийг төлөвшүүлж чадсанд оршиж байна. Чухам ийм загвар Монгол Улсад хэрэгтэй, шаардлагатай болжээ. Гэхдээ энэ бол Японыг даган дуурайна, тэдний бүх юмыг сохроор хуулбарлана гэсэн үг биш ээ. Сайн жишиг, туршлагыг нь Монголынхоо онцлог, монгол түмний хураан хуримтлуулсан мэдлэг, туршлагаар баяжуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж, өөрийн гэсэн Монгол хөгжлийн загварыг бүтээж чадвал богино хугацаанд, үсрэнгүй хөгжилд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Иймээс “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй нийцүүлэн, хөгжлийн шинэ загвар, тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг УИХ-ын гишүүд, Засгийн газар, эрдэмтэн судлаачид, Монголынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй хүн бүхэнд хандан уриалж байна.
Долдугаарт, Улс төр эрүүл байх, бусад салбарынхаа хөгжилд садаа болдоггүй болох, улс төрийн намууд төлөвших нь Монгол орон зөв замдаа орох, төр тогтвортой, дархлаатай байж, түмнийхээ итгэлийг хүлээх нэг чухал хүчин зүйл мөн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улс төрийн намуудын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг шинэчлэх нь бас нэгэн чухал зорилт болж байна.
Төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх, төрийн алба хаагчдын үйл ажиллагааны ердийн хэм хэмжээ болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс Монголын төрийг ангижруулахыг цаг үе биднээс шаардаж байна. Энэ шинэчлэлийг УИХ өөрөөсөө эхлүүлэх учиртай. Тиймээс энэ удаагийн чуулганаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлахаар төлөвлөж байна.
Мөн Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ч хойшлуулалгүй хэлэлцэх хэрэгтэй байна. Ёс зүйтэй төрийг л ард түмэн нь хүндэлж дээдэлдэг. “Монголчууд төрөө дээдэлдэг, төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн” гэсэн үгээр өөрсдийгөө хуурах биш, хуулиар тогтоосон ёс зүйг ягштал сахидаг болох нь Монголын төр ард түмнийхээ итгэлд мөнх оршихын баталгаа мөн.
Наймдугаарт, энэ жил олон аймаг, сум цас зудын хүнд нөхцөлд өвлийг өнгөрөөж байна. Өчигдрийн цас, шуурганы цаг үеийн нөхцөл байдал ч дэлхийн дулаарал, цаг агаар өөрчлөгдөж байгааг сануулж байна. Урин дулаан цаг ирж байгаа ч дэлгэр зунтай золготол бас ч болоогүй байна. Өвлийн хатууг зүдэрч давсан малчдыг хаврын тарчиг, ядруу өдөр хоногууд хүлээж байна.
Тиймээс мал, малчин хоёрыг дараалсан эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааны түвшин буурахаас сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн борлуулалтыг үнийн зохистой бодлогоор дэмжих, ноос ноолуур болон малын гаралтай бусад түүхий эдийн үнэ, борлуулалтыг одооноос анхаарах зэрэг арга хэмжээг одооноос төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна. Өөр аймаг, сумдын нутагт отроор өвөлжсөн малчдад хүндрэл бэрхшээл бүрэн арилах хүртэл төрийн болон эмнэлэг, боловсрол, ахуйн бүх төрлийн үйлчилгээг тэгш, ялгаваргүй хүртээх чиглэлээр яамд, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах хэрэгтэй.
Мөн хаврын тариалалтын бэлтгэлийг сайн хангах, дутагдаж буй үр, бордооны нөөцийг бүрдүүлэх, шатахууны хүрэлцээ, техник хангамжийг зээлийн бодлогоор дэмжихийг “Арван их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу хэрэгжүүлэхийг чиглэл болгож байна.
Есдүгээрт, энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Сонгууль угтсан улстөржилт, сонгуулийн үеийн хар технологиос татгалзах нь эрүүл нийгэм, улс төрийг цогцлоох нийт монгол түмний эрх ашигт нийцнэ.
Ард түмнээ талцуулж, хагаралдуулах, Сонгуулийн хуулийг зөрчин элдэв зүйл амлах, мөнгө тараах, гүтгэлгийн кампанит ажил өрнүүлэх мэтийн үеэ өнгөрөөсөн, цөөхөн монголчуудын эрх ашигт харш үйлдлийг энэ сонгуулиас эхлэн зогсооё. Үндэсний эв нэгдлээ дээдэлье. Бодлого дэвшүүлж, шударга өрсөлдөж, сонгогчдодоо сонголтын эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хандан уриалъя.
Сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хороо, иргэний бүртгэлийн болон төв, орон нутгийн үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллагууд онцгой анхаарвал зохино.
Эрхэм гишүүд ээ,
2021 он тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он болж байна. Саяхан бид Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн. Удахгүй Ардын армийн 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой болно. Долдугаар сард Ардын хувьсгалын 100, намар Монгол Улс НҮБ-д элссэний 60, оны эцсээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой тус тус тохионо.
Эдгээр түүхэн ойнуудыг баяр ёслол болгон тэмдэглэх гэхээсээ илүүтэй, зуун дамжсан их түүх, тусгаар тогтнолын түүх, бүтээн байгуулалтын түүхээ зөв ойлгож мэдэх, туулсан замналын ололт амжилт, алдаа оноогоо дэнслэх, дараагийн зууны хөгжлийн шинэ зорилтыг хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцийн ирээдүйтэй уялдаатай авч үзэж, шинэчлэн тодорхойлох нь илүү чухал ач холбогдолтой билээ. Энэ чиглэлээр ирэх зууны зорилт, эрмэлзэх зүйлээ бид тодорхойлж ажиллах шаардлагатай байна. Дээр дурдсан бүх зүйл үүнтэй уялдвал зохино.
Бид Монгол эх орныхоо Сэргэн мандалтын гараан дээр, түүхэн цаг үед амьдарч байна. Шинэ зууны, Шинэ Монголын хөгжил дэвшлийн гарааг эхлүүлэх хувь зохиол Та бидэнд ногдсон байна.
Энэ эрхэм хүндтэй үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, эвийг нэгтгэн, зөвийг зорих, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраан мандуулахын төлөө хүн бүр хичээн зүтгэцгээе.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын чуулган нээснийг мэдэгдье.
Холбоотой мэдээ