"Өндөр цолны тааварт явж байгаа харцагуудаа оролцуулахыг зорьсон"

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

"Өндөр цолны тааварт явж байгаа харцагуудаа оролцуулахыг зорьсон"

"Өндөр цолны тааварт явж байгаа харцагуудаа оролцуулахыг зорьсон"

Төрөөгийн Баасанхүү төрчихсөн бөхөө гэж аргагүй энэ цаг үеийн уран барилдаант бөхчүүдийн нэг гэдгээ харууллаа. Удаан хугацаанд барилдаан явагдаагүй байсан Монгол бөхийн өргөөнд өчигдөр/2021.03.14/ Монголын үндэсний бөхийн холбоо, "Green show" продакшн нарын хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд шилдэг 8 харцагын тойргийн барилдаан зохион байгуулагдаж, Увс аймгийн Тэс сумын уугуул улсын харцага Т.Баасанхүү таван даваа, хоёр унаатай түрүүлэв.

Өдгөө 31 настай тэрбээр О.Хангай, Х.Гантулга, А.Цацабшир, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн зэрэг харцагуудыг өвдөг шороодуулан цомын эзэн болсон бол түүний араас Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ. Харин О.Хангай харцага дөрвөн даваа, Х.Гантулга харцага гурван даваа, Ц.Одбаяр харцага гурван даваа, А.Цацабшир харцага гурван даваа, Д.Анар харцага гурван даваа, Д.Бат-Эрдэнэ харцага хоёр даваатай тус тус удааллаа.

Өчигдрийн барилдааны үеэр "Борхойн өргөө" ХХК нутгийнхаа бөх улсын харцага А.Цацабширын даваа бүрийг 500 мянган төгрөгөөр үнэлсэн бол Ажнай корпораци улсын харцага Ц.Одбаярыг таван сая төгрөгөөр урамшуулсан.

Энэхүү барилдааныг зохион байгуулагчид цар тахлын улмаас өнөө цагийн шилдэг найман харцага цолтой бөхчүүдийг зочид буудалд зургаан хоног байрлуулж, реалити шоу болгон ард түмэнд хүргэсэн нь шинэчлэг байлаа. Тус шоуны зургаа дахь өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд зохион байгуулагчид болон оролцогч бөхчүүдтэй цөөн ярилцсан юм.

Улсын харцага Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Шоу маань хэр зохион байгуулагдаж байна вэ?

-Энэхүү реалити шоу маань уламжлалт үндэсний бөхийг шинэчлэг хэлбэртэй, бөхчүүдийн өдөр тутмын амьдрал хэрхэн өнгөрдгийг ард түмэнд харуулж байгаа нь онцлог байна.

-Бэлтгэл хэр байгаа вэ. Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой хүлээж байна.

-Зургаан хоног байрлаад бэлтгэлээ хангалаа. Өмнө нь цар тахлын улмаас хувь хувийнхаа бэлтгэлийг хангаж байсан. Бэлтгэл дажгүй байгаа шүү. Үеийн хүчтэнүүдтэй үнэн хүчийг үзсэн сайхан барилдаан гаргана.

Улсын харцага Д.АНАР:

-Шоуны талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ цаг үеийг өнгөлж яваа хүчтэнүүдтэй сайхан бэлтгэл хийх аз завшаан тохиолдлоо. Ач холбогдол өгч хийсэн бэлтгэл үр дүнгээ өгөх байх. Ирэх барилдаанууд л харуулна даа.

-Шоуны үеэр улсын том цолтой мундаг багш нарыг бэлтгэл дээрээ урьж авчирч, хамтарч бэлтгэл хийж байгаа харагдсан ?

-Баг бүр ярилцаж бэлтгэл дээрээ багш нарыг урьж авчирч байсан. Манай багийн хувьд Г.Элбэг харцагийг урьсан. Г.Элбэг харцагаас үнэтэй сайхан сургааль сонссондоо баяртай байгаа. Харцагийг ид барилдаж байх үедээ бусгаа мэхээр олон давж байхыг нь харсан. Тиймээс тэр мэхийг заалгаж, сураад авъя гэж бодсон.

-Бэлтгэл хэр хангагдсан бэ? Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Үеийн хүчтэнүүдтэй хийсэн бэлтгэл үр дүнгээ өгөх байх.

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн том зорилго бол 100 жилдээ сайхан барилдаж, нутгийнхаа түмэн олон, уул усыг баярлуулах. Үүнийхээ төлөө ч бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх. Цолоо ахиулж, дээшээ сайхан барилдахыг хүсч байна.

Улсын харцага О.ХАНГАЙ:

-Найман харцага маань зургаан хоногийн турш хамтдаа байрлаж, бэлтгэл сургуулилтаа хамт хийж, санал бодлоо солилцлоо. Харцагуудаас маань хүмүүсийг баярлуулж, цусны төвд очиж цусаа хандивлах, наймуулаа нийлээд допингийн шинжилгээ өгөх хүсэлтээ үндэсний бөхийн холбоондоо өгөх зэрэг олон сайхан шинэчлэг санаанууд гарлаа. Мөн баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр наймуулаа нэгдэж, саналаа хүргүүлсэн. Үүнээс гадна барилдаанаасаа олсон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд зориулъя гэж шийдсэн. Барилдааны дараа тусдаа нэвтрүүлэг болгож, ард түмэндээ хүргэнэ.

Шоуг хамтран зохион байгуулагч "Green show" продакшны захирал Б.БАТЗОЛБОО:

-Яагаад заавал улсын харцага цолтой бөхчүүдээс төслөө эхлүүлье гэж бодов ?

-Цол цолны бөхчүүдтэйгээ ярилцаад, үндэсний бөхийн холбоотойгоо зөвшилцсөний үндсэн дээр л харцага цолтой бөхчүүдээ сонгосон. Үзэгчид харцагуудыг маань харсан байх. Аливаа үйл ажиллагаанд тун идэвхитэй оролцож, санаачлагатай байдаг. Аягүй эерэг сэтгэлгээтэй, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тийм учраас төслийн маань эхний ээлжинд улсын харцага цолтой бөхчүүд оролцсон.

-Энэхүү төслөө хэзээнээс боловсруулж эхэлсэн бэ?

-Ер нь бол 2009 оноос хойш бодож боловсруулсан. Би өөрөө ч бөхөд хайртай хоббитой. Жил бүр л төслөө сайжруулж байсан. Тэгээд ийнхүү 2021 онд зорилгодоо хүрлээ.

-Бөхчүүд маань олсон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд хандивлах гэнэ. Юунд зориулахаа шийдсэн байгаа юу?

-Шийдсэн байгаа. Гэхдээ одоохондоо нууц хэвээр байг. Арга хэмжээ, сайн үйлсийн аян гээд үзэгч татах гээд байгаа юм шиг муухай санагдах байх. Ямар ч байсан шат дараатай хийх юмнуудаа төлөвлөчихсөн байгаа.

-Төслийн маань дараагийн ээлжинд улсын начин цолтой бөхчүүд оролцох уу?

-Тийм. Дөрөвдүгээр сарын сүүл үеэс л дараагийн төслөө эхлүүлнэ дээ. Ерөнхийдөө бөхчүүдтэйгээ эхнээс нь холбогдоод л байна. Харин нэрс нь нууц хэвээр үлдэг. Үзэгчдэд сонирхолтой байг.

Улсын ахлах бөх тайлбарлагч, МҮБХ-ны менежер С.ГАНТӨР:

-Уншигчид маань гайхаж магадгүй л дээ. Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Н.Батзаяа зэрэг бусад улсын харцага цолтой бөхчүүд яагаад оролцсонгүй вэ гэж. Энэ дээр тайлбар өгөөч.

-Үзэгчид энэ төслийн талаар аягүй хүлээлттэй байсан. Төслөө харцага цолтой бөхчүүдээр эхлүүлэх нь зөв юм байна гэж үзсэн. Өндөр цолны тааварт явж байгаа, шилдэг сайн харцагуудаа аль болох оролцуулахыг зорьсон. Монголын үндэсний бөхийн холбоо албан ёсны хуудсаараа энэ төслийн талаар танилцуулж, барилдах боломжтой, бэртэл гэмтэлгүй, бэлтгэл сургуулилт сайн байгаа улсын харцага цолтой бөхчүүдийг техникийн зөвлөгөөнд ирэхийг урьсан. Ирсэн бөхчүүдтэй ний нуугүй сайхан ярилцсан. УОК-ын шийдвэрийн дагуу оролцогчдын тоо хязгаартай байсан тул хэн хэн оролцох боломжтойг нь сайтар судалж, бүгд оролцохоор бол дунд барилдаан явуулаад шалгарсныг нь оруулъя гэсэн. Нилээдгүй харцагууд маань бэртэл гэмтэлтэй, хөдөө орон нутагт байна гэх хүндэтгэх шалтгаантай байсан. Иймээс эдгээр найман харцагыг сонгосон.

-Монгол үндэсний бөхийн холбоо ойрд ямар ажлуудыг төлөвлөөд байна вэ?

-Холбооны хувьд үндсэн үйл ажиллагаа болох барилдаанууд идэвхитэй зохион байгуулахыг зорьж байна. Өнгөрсөн намар есдүгээр сард нээлтээ барилдаанаа эхлүүлээд л уламжлал ёсоор он дуустал хуваариа гаргачихсан байсан. Харамсалтай нь хөл хорио гээд төлөвлөгөөт ажлууд маань биеллээ олоогүй. Иймээс барилдаан зохион байгуулах өөр шинэлэг аргуудыг судалж үзсэн. Сар шинийн барилдаанаа ч зохион байгуулъя гэсэн боловч бидний саналыг хүлээн аваагүй. УОК, Биеийн тамир, спортын улсын хорооноос 8-10 тооны бөхчүүдийг барилдуулна гэсэн шийдвэрийн дагуу л явж байна. Угтаа бөхийн өргөөнд 50 хувийн дүүргэлттэй арга хэмжээ зохион байгуулж болох ч цар тахлын эрсдэл улам нэмэгдэж байгаа учир ард иргэддээ аюул учруулахыг хүсээгүй. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болох гэж байна. Бөхийн хорхойтнууд, бөхчүүд маань их хүлээлттэй байна. Холбоо ч энэ хавартаа багтаагаад Их эе хурлаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ хурлаа зохион байгуулснаар бөхийнхөө дүрмэнд өөрчлөлт оруулах, холбооныхоо дүрмийг баталж, цаашид ажиллах чигээ тодорхойлдог. Мөн үндэсний их баяр наадмын тухай хуульд олон жил өөрчлөлт ороогүй. Энэ дээр холбооны зүгээс хуулийн нэмэлт өөрчлөлтөд саналаа хүргүүлэхээр хүсэлтүүдийг авч байна. Одоогоор 20 гаруй хүнээс санал ирсэн.

-Бөхчүүд маань энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэр идэвхитэй оролцож байна вэ?

-Идэвхитэй оролцож байна. Жишээлбэл, энэхүү төсөлд оролцож буй найман харцага маань ярилцаж байгаад өөрсдийн саналаа албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж