Даяарчлагдсан энэ эрин зуунд мөнгө цаас болон зоосоор илэрхийлэгдэхээ больж, сүлжээгээр урсан, түүнийг орлосон олон янзын төлбөрийн хэрэгсэл гарч ирсээр буй. Эл сэдэв нэн шинэ биш боловч иргэд энэ талаар одоо ч хангалттай ойлголтгүй, мэдээлэл хомс хэвээр байна.
Манай улсад виртуал хөрөнгөтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй тул түүнийг эзэмшиж, ашиглахтай холбоотой эрсдэл үүсч болзошгүй юм. Хэдийгээр хөгжлийн шийдлүүд бидний хязгааргүй хүслийг хангахад оршдог ч нөгөө талдаа үүнээс болж хохирох эрсдэлүүд бий учраас виртуал хөрөнгийн харилцаанд болгоомжтой хандахыг санхүүгийн шинжээчид анхааруулсаар байна.
Монгол Улс виртуал мөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаажуулаагүй. Учир нь алт, үнэт металлаар баталгаажаагүй, хаанаас гаргасан нь тодорхой бус тул Төв банкнаас валют гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Виртуал мөнгө гэж юу вэ? Виртуал мөнгө гэдэг нь программ зохиогч, хөгжүүлэгчдийн гаргасан, виртуал орчинд ашиглагддаг, нэгдсэн зохицуулалтгүй, дижитал буюу тоон мөнгө юм. Виртуал мөнгө нь төлбөр, мөнгөн гуйвуулга зэрэг санхүүгийн үйлчилгээг хүргэх уламжлалт аргаас эрс ялгаатай.
Мөн мөнгөн хөрөнгийг илүү хурдан, эдийн засгийн хэмнэлттэйгээр шилжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой зэрэг давуу талтай мэт харагддаг. Гэвч илгээгч болон хүлээн авагчийн мэдээллийн нууцлал, гүйлгээний хурд, ханшийн хэлбэлзэл, дэлхий даяар хэрэглэх боломжтой зэргээс хамаарч ихээхэн эрсдэл дагуулдаг. Тодруулбал, виртуал мөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, татвараас зугтах болон бусад хууль бус ажиллагааны хэрэгсэл болохоос гадна мэдээллийн технологийн эрсдэл үүсгэх, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчих, улмаар санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай учраас баталгаатай гэж үзэхэд хэцүү.
Төв банкнаас криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгө нь “цахим мөнгө”-ний шинж агуулдаггүй учир Монголбанкны хяналт, зохицуулалтад хамаардаггүй, хууль эрх зүйн орчин тодорхойгүй үйл ажиллагаа болохыг анхааруулж, мэдэгдэл гаргасан билээ.
Монгол Улс 2020 онд “Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас гарсан. ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарч буйг тус мэдэгдэлд дурдсан.
ФАТФ-ын зөвлөмжийн дагуу Төв банк виртуал хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь шинэ технологид суурилсан, тогтмол өөрчлөн шинэчлэгдэж байгаа үйл ажиллагаа юм. Иймд дээрх хуулийн төсөлд эхний ээлжинд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар тусгасан байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, цахим аюулгүй байдал, бусад үүсч болзошгүй эрсдэлийг тус хуулиар зохицуулахгүй ажээ. Иймд иргэдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ авахад учирч болзошгүй эрсдэлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр дотоодын болон олон улсын криптовалют, токен зэрэг виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, арилжаа хийх нь зүйтэйг анхааруулав.
Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж, зах зээл дэх оролцогчдын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч виртуал хөрөнгийн үнэ цэнэ огцом өөрчлөгддөг, өндөр эрсдэлтэй учир иргэд оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдаж хохирох боломжтой юм.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан “цахим мөнгө” нь төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл юм. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Монголбанкнаас гаргасан “Цахим мөнгөний журам”-аар үйл ажиллагааг нь зохицуулдаг бөгөөд холбогдох шаардлагыг бүрэн хангасан хуулийн этгээд зөвшөөрөл авсны үндсэн дээр “цахим мөнгө” гаргах боломжтой ажээ.
ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ БОЛОМЖГҮЙ
Дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарыг өөрчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, түргэн шуурхай, амар хялбар аргаар санхүүгийн үйлчилгээг орон зайнаас үл хамаарч үзүүлэх боломж бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болоод буй. Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон билээ.
Энэхүү технологийн шинэчлэл, инноваци нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэйг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан билээ.
Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэддээ анхааруулсаар байгаа юм. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “…Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой” гэж анхааруулсан билээ.
Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савалгаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүйг анхааруулжээ.
Мөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас "Биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэл дагуулдагийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай" хэмээн сэрэмжлүүлсэн нь бий.
Иймд виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн Та өөрөө хариуцах болно гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй юм.
Холбоотой мэдээ