УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10.00 цагаас нээлтээ хийнэ. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан. Энэ жилийн хувьд чуулганыг эхлүүлэх хуулийн хугацаат өдөр ажлын өдөр таарч байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ парламентын хувьд анхны хаврын чуулган. Товчхондоо хаврын чуулганы нээлт хаврын улс төрийг эхлүүллээ.
Энэ парламентын тухайд намрын чуулганы завсарлагааны төгсгөлд нэгэн үйл явдал тохиосон нь У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, шинээр танхимын сайд нарыг хэлэлцэн томилсноор завсарласан. Намрын чуулганы завсарлагааны хугацаанд улс төр намжаагүй улам ч буцалж байлаа. Гэхдээ энэ нь аль нэг гуравдагч хүчин эсвэл иргэний хөдөлгөөний зүгээс бус Ерөнхийлөгч, эрх баригчдын дотоодын асуудлын хүрээнд явагдсанаараа онцлогтой байлаа. Чуулган завсарласан хугацаанд ээлжит бус чуулган хуралдуулдуулах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёронтоо гаргасан боловч УИХ-ын дарга хүлээж авалгүйгээр ээлжит чуулганыг ийн хугацаанд нь эхлүүлж байна. Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёр асуудлаар хуралдуулахыг хүссэн. Тухайлбал, covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай тогтоолын төсөл буюу цар тахлын хүнд үед өрх бүрт нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйгаа дэмжих зорилготой төслийг хэлэлцүүлэхийг хүссэн. Хоёр дахь нь удаа дараа УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардсан Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах агуулгатай Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч анх 2018 онд хоёр ч удаа өргөн барьсан ч өнөө хэр УИХ хэлэлцэхгүй хойшлуулж ирсэн.
Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч уг хуулийн төслийг оруулаагүй.
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн анхаарлын гол сэдвийн нэг нь чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ямар "тэрсэлсэн" үг хэлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татна. Ерөнхийлөгчийн хувьд дээрх хоёр хуулийн төслөө яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг онцлох нь тодорхой. Мөн Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн. Тэрбээр уг асуудлыг УИХ-аар ойрын хугацаанд оруулах нь лавтай.
Энэ долоо хоногийн чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас өргөн барьсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэцлэх эсэхийг нь хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд цаг үеийн шинжтэй асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх юм байна.
9 САР ХОРИГДСОН Ж.ЭРДЭНЭБАТ ТАНГАРГАА ӨРГӨНӨ
2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт ялалт байгуулсан МАН-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөхийн өмнө УИХ-ын гишүүний үнэмлэхээ авч чадалгүй хоригдсон. Бүтэн есөн сарын турш хоригдож, шүүхдсээр саяхан суллагдаж, хаврын чуулганаар тангаргаа өргөхөөр болсон. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигчийн сурталчилгааны мандатаа авчихсан, кампанит ажилдаа оролцож байхад нь баривчилсан. Мөн дахин УИХ-ын гишүүнээр Сэлэнгэ аймгаас сонгогдоод байхад нь ялласныг Олон улсын парламентын холбоо “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан удаатай.
ТӨСВИЙН ТОДОТГОЛ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ, БАЯЛГИЙН САН, УЛС ТӨРИЙН НАМЫН САНХҮҮЖИЛТ
Хаврын чуулганаар шийдэх ёстой олон чухал асуудал бий. Ерөнхийлөгчйин сонгууль угтсан хаврын улс төрийн халуурал өндөр байх нь тодорхой. Түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэнэ хэмээн найдлага тавьж буй хэд хэдэн чухал хуулийн төслүүд бий. Тухайлбал, энэ оны төсөвт тодотгол хийх явдал юм. УИХ-аар уг хуулийг өнгөрсөн онд батлахдаа эргээд тодотгол хийх нөхцөлтэйгээр баталж байсан.Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцсон. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, 2021 оны төсвийг баталсан. Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор төсвийг баталсан.
Сангийн шинэхэн сайд Б.Жавхлангийн хувьд төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал гэж тодотгож байгаа ч цар тахалтай холбоотойгоор төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсныг эдийн засагчид ч сануулж байгаа.
Мөн парламент дамжин хүлээгдэж буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Улс төрийн намтай холбоотой гурван заалт орсон. Үүнд:
- Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
- Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. (2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ)
- Намын дотоод зохион байгуулалт нь ардчлсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж тусгасан. Тэгэхээр эдгээр өөрчлөлийн дагуу Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэнэ. Ялангуяа намын санхүүжилтийг энэ хуулиар шийдвэрлэнэ.
Дараагийн хэлэлцэх чухал асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой гурван заалт орсны нэг нь “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Уг заалт энэ жилийн сонгуулиар мөрдөгдөнө.
Гуравт, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэцэнэ. Уг хуулийн төслөөр Үндэсний баялгийн сан байгуулах юм. Сүүлийн хэдэн жил энэ талаар дуугарсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд “Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно. Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллахаа" Ерөнхий сайд болсон даруйдаа тэрбээр илэрхийлсэн.
Монгол Улс сүүлийн 20 жилд эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байдаг. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах шаардлагатайг бидэнд зөвлөж буй. Үүнийг бид анхаарч ажил хэрэг болгох нь Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулиар тодорхой болгох учиртай.
Эдгээрээс гадна нийгмийн анхаарлын төвд буй Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллаж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа танилцуулах үеэрээ "Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто"-д санал тавьсан хэмээн мэдэгдсэн.
ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ:
1/“Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
10/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
24/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
33/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
41/Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
Холбоотой мэдээ