Дундговь аймагт 4 сумын зургаан хүн энджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Дундговь аймагт 4 сумын зургаан хүн энджээ

Дундговь аймагт 4 сумын зургаан хүн энджээ

НЭМЭЛТ: 12.30

Дундговь аймгийн Шуурхай штабаас өнөөдөр /2021.03.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


“Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн сумын зургаан хүн нас баржээ. Энэ хүмүүсийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Аймгийн Шуурхай штаб, Онцгой байдлын газрын алба хаагчид 24 цагаар ажиллаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Аймгийн хэмжээнд нийт 345 дуудлага ирсний 455 нь хүн сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу 223 алба хаагч, 74 техник хэрэгсэл, ар гэрийнхний 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 46 техник хэрэгсэлтэйгээр өчигдрийн 19.00 цагаас эрэн хайж байна. Одоогийн байдлаар 17 хүнийг эрэн хайж байна.

Тус аймгийн Цаг уурын байгууллагаас мэдээлэхдээ “Мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд цаг тухайд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Гуравдугаар сарын 14-нд 15.15 цагт Эрдэнэдалай сумаас эхлэн маш хүчтэй салхи салхилж, 34 м/секунд хүрлээ. Говь-Угтаал, Сайхан-Овоо, Сайнцагаан, Гурвансайхан, Баянжаргалан сумдаар 28 м/секунд, бусад сумдаар 16 м/секунд хүрч салхилсан бол түр зуур 34-40 м/секунд хүрсэн. Шороон шуурга нийт нутгаар шуурч, таг харанхуй болсон. Өглөөний 08.46-15.09 цаг хүртэл үргэлжилж, сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй бүх нутгийг хамарсан гамшигт үзэгдэл боллоо. Өмнө нь Эрдэнэдалай сумдад 2004, 2006, 2007 онуудад 40 м/секунд хүрч, шуурч байсан гэв.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд 460 иргэн сураггүй алга болж, одоо 17 иргэнийг эрэн хайж, бусдыг нь эсэн мэнд олсон байна. Харамсалтайгаар зургаан иргэн амь насаа алдсан. Эрэн хайх ажиллагаанд нийт 337 иргэн, 126 техник хэрэгсэл, ар гэрийнхэн хүч нэмэгдүүлэн ажилласан. Тухайн өдрийн 13.00-18.00 цаг хүртэл эрэн хайх ажиллагаа зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Аймгийн хэмжээнд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 21 гэр нурж, 20 хашаа, таван байшингийн дээвэр нурсан гэх мэдээлэл ирлээ. Энэ сарын 17, 18-нд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл болох мэдээлэл ирсэн.

Дэлгэрцогт суманд 80 гаруй настай нэг иргэн, Өндөршил суманд хоёр иргэн, сумын төв дээр нэг иргэн, Баянжаргалан суманд хоёр иргэний нэг нь 40 гаруй настай, Улаанбаатар хотоос гэрийнхэн дээрээ ирсэн хүн байсан. Одоогийн байдлаар амь насаа алдсан зургаан иргэн байна. Бас Хөөтийн уурхай дээр нэг иргэний дуудлага ирсэн. Энэ мэдээлэл хараахан баталгаажаагүй байна.

Мөн өдрийн 13.30 минутад тог тасарсан. Луус суманд байрлах 35 кв агаарын шугамд тасалдсанаас болж, Хулд, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус болон Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум зэрэг долоон сумын тог хязгаарлагдсан. Шөнийн 02.50 цагт засвар хийж, холбосон. Цахилгаан түгээх байгууллагын ажилчид 17.00 цагийн үед засвар үйлчилгээг хийсэн. Мөн гурван сум, нэг уурхайн цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан. Адаацаг сумын цахилгаан дамжуулах шугамыг засварлаж байна.


ОБЕГ: ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС БОЛЖ 1 ХҮҮХЭД, 5 ХҮН НАС БАРЖЭЭ

НЭМЭЛТ: 10.00

Ихэнхи нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон. Үүссэн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.03.15/ мэдээлэл хийлээ.


ОБЕГын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэхдээ “Өнгөрсөн амралтын өдрүүдэд монголын ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Зарим аймагт гамшигт үзэгдлийн нөхцөл байдал ажиглагдлаа. Салхины хурд 20-24 м/секунд, зарим үед 30-34 м/секунд хүрч байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Үүний улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10 гаруй аймгийн 46 суманд нийтдээ 548 иргэн төөрч, сураггүй алга болсон. Эдгээрээс 467 хүнийг эсэн мэнд олж, өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Үүний 68 нь Дундговь аймагт сураггүй алга болоод байна. Мөн Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд эндсэн.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 58 гэр нурж, 120 хашаа,  20 байшингийн дээвэр,  орон нутагт 1200 мал шуурга уруудсан байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 216 дугаар тулгуур багана унасан. Баруун бүсийн цахилгаан дамжуулах төвийн инженер техникийн ажилчид цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлаж байна.  Мөн зүүн бүсийн аймгуудад цахилгаан дамжуулдаг агаарын шугамын 207 дугаар тулгуур баганад гэмтэл гарч, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймагт цахилгаан эрчим хүчгүй болсон. Өнөөдрийн байдлаар гэмтлийг засварлаж, хэвийн горимд шилжүүлсэн.

Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.ТАМИР:

-Дундговь аймагт хүчтэй шуурганы улмаас сураггүй алга болсон гэх мэдээлэл хамгийн олон бүртгэгдсэн. Тус аймагт нийтдээ 455 хүн сураггүй болж, 387 иргэнийг эсэн мэнд олж, 68 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг, Өндөршил суманд нэг, Дэрэн суманд нэг, Баянжаргалант суманд хоёр хүн нас барсан гэх мэдээлэл ирсэн.

Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймагт хоёр, Төв аймагт хоёр, Өвөрхангай аймагт тав,  Өмнөговь аймагт дөрөв иргэн, Дундговь аймагт 68 гээд нийт 81 иргэнийг эрэн хайж байна.

“ААВ, ЭЭЖ НЬ МАЛДАА ГАРСАН ХОЙГУУР АРААС НЬ ГАРЧ ЯВААД ЭНДСЭН”

Архангай аймгийн Онцгой байдлын газраас байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа. “Архангай аймгийн хэмжээнд өчигдөр /2021.03.14/ бүтэн өдөржин хүчтэй шороон шуурга шуурсан. Энэ үеэр дээд тал нь 20 м/секунд хүрч, зарим үед 24 м/секунд хүрч шуурлаа. Хүчтэй шуурганаар зургаан айлын хашаа нурж, байшингийн дээвэр хийсч, хоёр гал түймрийн дуудлага ирсэн. Мөн Батцэнгэл суманд малдаа яваад сураггүй болсон гурван хүнийг эсэн мэнд олсон. Харин Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд алга болсон гэх дуудлагын дагуу эрэн хайхад өнөө өглөө 07.00 орчимд гэрээс нь баруун зүгт хоёр километр орчимд газраас  осгосон байдалтай эндсэн байсан. Аав, ээж нь малдаа гарсан хойгуур араас нь гарч яваад эндсэн” гэдгийг албаныхан мэдээллээ.

ХҮЧТЭЙ ШУУРГА ТҮР ЗУУР 40 М/СЕКУНД ХҮРЧЭЭ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.ОЮУНЖАРГАЛ:

-Ер нь жил бүрийн хаврын улиралд ийм хүчтэй шуурга болдог. Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын 14-нд хүчтэй цасан болон шороон шуурга болж байсан. Мөн 2015 оны тавдугаар сард, 2016 оны гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэл болж байсан. Өчигдрийн байдлаар хүчтэй шуурга дунджаар 28 м/секунд хүрч, зарим үедээ түр зуур 40 м/секунд хүрсэн. Монгол орны бүх аймаг, сумдыг хамарсан хүчтэй шуурга болж өнгөрч, хөрш залгаа орнуудад ийм хүчтэй салхи болсон. Ард иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, сэрэмжлүүлгийг хэнэггүй хүлээн авч байна. Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас өнгөрсөн баасан гаригаас эхлэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж эхэлсэн.

ЦАХИЛГААНЫ ГЭМТЛИЙГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас гуравдугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна. Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн гэв.

Онцгой байдлын ерөнхий газараас мэдээлэл хийж байна

Онцгой байдлын ерөнхий газараас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, March 14, 2021

 


ДУНДГОВЬД СУРАГГҮЙ БОЛСОН 380 ДУУДЛАГААС 199 ХҮНИЙГ ОЛЖЭЭ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас малд яваад сураггүй болсон малчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Дундговь аймагт нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг хүлээн авчээ. Аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, оройн 23.00 цагийн байдлаар 99 хүнийг олсон байна.

Нөхцөл байдлын талаар Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатараас тодруулахад “Одоогийн байдлаар /2021.03.15/ 00.30 цагт хүчтэй цасан болон шороон шуурганд малд яваад сураггүй болсон гэх 380 дуудлага хүлээн авч, 199 хүнийг оллоо. Хүн сураггүй болсон гэх дуудлага нэмж ирсээр байна” гэв.  Тус аймгийн зарим сумдад 40 м/секунд хүртэл хүчтэй салхилж,  шуурчээ.

Харин Өмнөговь аймагт малдаа яваад сураггүй болсон 30 орчим хүнийг эрэн хайж байна. Тодруулбал, тус аймгийн Цогтцэций суманд 18 дуудлага долоон чиглэлээс ирсэн, 14 автомашинтай 39 хүн эрлийн багт гарч, хоёр дуудлагыг олж бусдыг эрэн хайж байгаа талаар мэдээлжээ.

Мөн Баян-Овоод долоон дуудлага хоёр багаас иржээ. Эрлийн багт дөрвөн автомашинтай 11 хүн гарсан бол Ханбогд дөрвөн чиглэлд дөрвөн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу 12 автомашинаар 40 хүн эрлийн багт ажиллан хоёр дуудлагыг олжээ. Мандал-Овоо, Сэврэй сумын гурван дуудлага олдсон байна. Цогт-Овоо 11 дуудлага ирснээс найм нь эсэн мэнд олджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2021.03.15/ сургууль цэцэрлэгийн танхимын сургалтыг оруулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж