Сурвалжлага: Шоудаж буй залууст covid-19 "хамаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шоудаж буй залууст covid-19 "хамаагүй"

Сурвалжлага: Шоудаж буй залууст covid-19 "хамаагүй"

Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хоёрдугаар сарын 23-аас эхлэн хөл хориог сулруулж, төрөл бүрийн уралдаан тэмцээн 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өртгөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа диско баар, цахим тоглоомын газраас бусад ААН үйл ажиллагаа хэвийн явуулах шийдвэр гарсан.  

Диско баар үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас лаунж нэрийн дор ажиллаж 22.00 цагаас хойш 00.00 цаг хүртэл залуус дискоддог байна.  Ингэснээр  “хоригдсон” хотын шөнө “амь орж” баар  залуусын хөлд дарагджээ.

Үүдээ нээсэн баар  ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөгдөж буй эсэхийг сурвалжлахаар бямба гаригийн 22.00 цагт хотын төвд байрлах нэгэн газраар  оров. Хэдийгээр хөл хорио үргэлжилж байгаа боловч их хотын шөнө хөл хөдөлгөөн ихтэй. Энд тэндхийн буланд хөл дээрээ тогтож ядан гуйван зогсох согтуу залуус олон байлаа.  Насанд хүрээгүй болов уу гэмээр охид, хөвгүүд  баарны гадаа тамхи  зуучихсан, тас тас инээлдэнэ, архиндаа халамцсан эрчүүд хажуугаар нь зөрсөн охид, хүүхнүүдийг өдөж хоргооно. Энэ бүхнийг машин дотроос хэсэг хугацаанд харж суулаа. Улмаар баар руу орохоор зүглэв. Баарны зохион байгуулагчид баар руу орох залуусын  халууныг  үзэж, хаалганы хажууд наасан байршлын цэгийн QR кодыг уншуулан, такс таслан оруулж байлаа.

Цааш орвол зөөгч “Хэдүүлээ яваа вэ” гэсээр бүжгийн талбайн голд байрлах  ширээн дээр биднийг  урив. Тус баар нь бүжгийн сул талбайг  ашиглахын тулд хоёр  хүний суух зориулалттай текний 20 гаруй  ширээ, сандалыг байрлуулжээ. Ширээ хоорондын зай нь 500 см байх аж. Хэрэв 1.5-2 метрийн зайд ширээгээ байрлуулсан бол  ердөө аравхан ширээ багтах  учраас алдагдлаа нөхөхийг чухалчилсан бололтой юм. Удалгүй нүргэлсэн хөгжим явж, залуус өөрсдийн ширээнийхээ хажууд бүжиглэж эхлэв. Амны хаалт зүүх нь бүү хэл тэврэлдэх нь холгүй бүжиглэж буй залууст  Covid-19 халдварын аюул огтхон ч хамаагүй бололтой. Угаасаа зай барихыг хичээсэн хүн ч ховор.

Баарны хамгаалагчид амны хаалтаа зүүхээс төвөгшөөсөн залууст амны хаалтаа зүүхийг сануулавч “Амны хаалттай яаж бүжиглэх юм бэ. Халууцаад байна шүү дээ. Энд угаасаа пиво уухдаа амны хаалтаа авч л байгаа биз дээ”  хэмээн уурсах залуус олон байсан юм.

Хэдийгээр бааранд архи согтууруулах ундаа хэрэглэж,  бүжиглэх эсэх  нь хувь хүний эрх боловч нөгөө талаас хувь хүний ухамсар, хариуцлагын асуудал ч энэ цаг үед яригдана.  Баар, караоке 23.30 цагт гаднаас хүн авахаа больж, доторх хүмүүсээ гаргах гэсээр 00.00 цаг болдог аж. Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа учраас цагаа яг барьж 23.30 гэхэд баарны гэрэл асч, залууст тарах дохио өгөв. Согтуу залуучууд уулга алдсаар үргэлжлүүлэн бүжиглэмээр байгаа нь илт. Баарны зохион байгуулагч залууст “Хэрэв нууцаар цаг хэтрүүлэн ажиллаж байгаад баригдвал байгууллагын тусгай зөвшөөрлийг шууд цуцалж байгаа” гэдгийг учирлан тэднийг тарахыг дахин сануулав. Баар хаагдсан ч гэр гэрлүүгээ харих бодол залууст байсангүй. “Одоо хаачих уу”, “Онгорхой бар байна уу”, “Үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярин нэг, нэгийгээ ээрэх нь түгээмэл.

МИКРОФОНЫ НЭГ УДААГИЙН БҮРХЭВЧ УУТЫГ СОЛИОГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд  366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, хоёр буфет, нэг хүргэлтийн хоол зэрэг нийт 1,175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалт хийсэн байнаШалгалтаар 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Зөрчлүүдээс дурдвал,

  • QR код байршуулаагүй
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй
  • Тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй байжээ.

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ДАРААХ 14 БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАНА

Нэг л хүний хариуцлагагүй үйлдлээс болж нийтийн эрх ашиг хөндөгдөж мэдэхээр эгзэгтэй цаг үед баар, цэнгээний газруудыг нээснээр залуус амны хаалтгүй  зугаалж, нэг дор бөөгнөрсөн нь цар тахлаас сэргийлж ажиллаж буй олон хүний хичээл зүтгэлийг үгүй болгож мэдэх эрсдэл дагуулав. Тиймээс  Улсын Онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 хоногийн хугацаанд гуравдугаар түвшинд буюу улбар шар түвшинд  шилжиж ажиллах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь өнөөдрөөс /2021.03.15/ эхлэн  мөрдөгдөнө.  Ингэснээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газар дээр саун бассейн, дэн буудал, сүм хийд, фитнесс, алжаал тайлах төв, баар, караоке, алжаал тайлах төвүүд нэмэгдэж  байгаа юм.

Нийслэлийн хүн амын дунд тархсан Covid-19-ийн тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд халдварын тохиолдол 100-аас  буурсангүй. Өнгөрсөн бямба гаригт 169 хүнээс халдвар илэрсэн нь  Монгол Улс дотооддоо халдвар алдсан үеэс буюу 2020 оны арваннэгдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлалтай аж.  Ерөнхийдөө хүн амын дунд халдвар өргөн тархсан үе гэсэн үг. Тиймээс халдварын тархалтыг хязгаарлахын тулд дээрх арга хэмжээг аваад байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж