Тэтгэлэгтэй залуус Соёлын яамны гаргасан загварын хувцсаар жигдэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Тэтгэлэгтэй залуус Соёлын яамны гаргасан загварын хувцсаар жигдэрнэ

Тэтгэлэгтэй залуус Соёлын яамны гаргасан загварын хувцсаар жигдэрнэ

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрөгч хоёрдугаар сард танилцуулсан. Энэ хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах нэг сая төгрөгийн нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах гэнэ. Сар бүр ажилгүй залуусыг сонгон шалгаруулсанаар жилд 5000 хүнийг ажлын байранд зуучилна хэмээн салбарын яам тооцож буй.

Сургалтад хамрагдах иргэдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэлх хувь нь дипломын болон бакалаврын түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.

Сургалтад хамрагдах хүсэлтэй залууст тавигдах шаардлагад 18-34 насны, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй байх бөгөөд Улаанбаатар хотын залуучуудыг эхний ээлжид хамруулна. Боловсролын хувьд ямар нэг шаардлага тавихгүй гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Бид эхний ээлжид 500 ажилгүй залуусыг дөрөвдүгээр сарын 1-нээс сонгон шалгаруулж, туршилтын төсөл хөтөлбөрөө явуулна. Ирэх тавдугаар сараас үндсэн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас энэ хөтөлбөр маань хэрэгжихгүй. Үргэлжлүүлэн долоо, найм, есдүгээр сард гээд энэ оныг дуустал 5000 залуусыг хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жилд уг хөтөлбөрт 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг сургалтад хамруулж, ажил олгогчидтой холбож, залуусыг ажлын байраар хангавал нийгмийн даатгалын шимтгэлийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон бүтэн жилийн турш хөнгөвчилнө” гэдгийг хэлж байв.

"5000 ЗАЛУУСЫГ СУРГАХАД 11,8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Тамираагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил 5000 залуусыг хамруулахдаа 11.8 тэрбум төгрөг төсөвлөж, 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй, зорилтот бүлгийн ажилгүй залуусыг ажлын байраар хангах болно гэсэн. Энэ жилийн төсөвт ямар ажлуудыг хийх вэ?

-Энэ жилийн төсөвт сургалт зохион байгуулах, ажлын байраар хангахад гарах бүх зардлууд болон 5000 залуучуудыг сарын нэг сая төгрөгийг тэтгэлэг багтсан байгаа. Үүнд, суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардлууд багтсан.

-Ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бүтэн жилийн урамшууллыг өгөхөөр төлөвлөж байна. Ийм аж ахуй нэгжүүдтэй хэрхэн хамтран ажиллах вэ?

-Сургалтад хамрагдаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангаж, тэднийг нэг жилийн турш тасралтгүй ажиллуулсан тохиолдолд дээрх урамшууллыг олгохоор төлөвлөсөн.

-Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа гэсэн үү. Яам тус бүр ямар ажил хариуцаж байна вэ?

-Төслийг хэрэгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалахын яам, Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Удирдлага, ерөнхий зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, сургалтын хөтөлбөр агуулгыг Засгийн газрын Хэрэгжүүлэгч газартай хамтран гаргана. Харин сургалт зохион байгуулалт, ложистикийн хэсгийг Батлан хамгаалах яам, төслийн маркетинг, PR хэсгийг Соёлын яам тус тус ахлан хариуцаж, яамдын оролцоог жигд ханган ажиллаж байна.

-Сургалтад хамрагдах залуус ижил хувцсаар жигдрэх үү. Хувцасны дизайн загварыг хаана гаргах вэ?

-Сургалтад хамрагдах залуус сургалтын хугацаанд хувцсаар жигдрэн оролцоно. Хувцасны дизайн загварыг Соёлын яамны ахалсан баг хариуцаж байна. Хувцсыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу болон дотоодын үйлдвэрлэгч нараар хийлгэхээр ажиллаж байна.

-Монгол Улс ядуурлын түвшин 28 хувьтай байна гэжээ. Зорилтот бүлгийн хэчнээн залуус ажил орлогогүй байна вэ?

-Манай улсад 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар ажил, хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны нийт 58841 залуус байна.

-Сургалтад хамрагдах залуусыг тусгаарлана гэсэн үү?

-Сургалтын хугацаа нэг сар байх бөгөөд залуучуудыг тусгай сургалтын газарт байрлуулж, цогц сургалтад хамруулна. Тэгэхээр нэг сарын хугацаанд тусгаарлагдах буюу ажил, хөдөлмөр хийх хүсэл, сонирхолтой үе тэнгийн залуучуудтайгаа бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих боломжтой орчинд байрлана.

-Хэчнээн төрлөөр ямар мэргэжлээр сургалт явуулах юм бэ?

-Хувь хүний хөгжил, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, эх оронч үзэл төлөвшлийн зэрэг 4 төрлийн сургалтыг явуулна. Мэргэжил олгох сургалт явагдахгүй. Харин мэргэжил эзэмшсэн залуучуудыг төгссөний дараа ажлын байраар хангагдах, дахин мэргэших, эсвэл мэргэжил эзэмшээгүй залуучуудыг мэргэжил эзэмших хүсэлтэй болох, ажил хөдөлмөрт дуртай болох, сурахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл,

  1. Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлах
  2. Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулах
  3. Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран мэргэжлийн болон үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулах
  4. Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж