Манай улс цагаа урагшлуулах хуваарьт орж, бас гарч байлаа. Нэг Засгийн газар гараад зөв зүйтэй юм хийхэд, нөгөө нь үүнийг бүр дордуулж, үгүйсгэдэг жамтай.
Цаг урагшлуулах горимыг ямар нэгэн шалтгаан хэлээд болиулж, цагийг хэвээр нь үлдээсэн. Үүнээс болж, улс орны эдийн засаг улам хямарч, аж ахуйн нэгжүүд нарны гэрлийг ашиглахаа больж, айл өрхүүд даарснаас улбааж түлээ нүүрсээ ахиу түлж, агаар бохирдсоор л …
Цагийн хуваарьт шилжүүлэхтэй холбоотой шүүмж санаа гардаг билээ. Гол шүүмжлэл нь цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх. Нөгөө талд энэ шийдвэрийг дэмжих хэсэг байгаа бөгөөд зуны цагийн хуваарьт шилжих нь бүтээмжийг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг.
Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсан 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг санал болгож байсан түүхтэй. Үүний дараагаар Герман, Австри-Унгар зэрэг улсад 1916 оны 4 дүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон юм. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд, хөдөө аж ахуйд зуны цагийн хуваарьт шилжсээр иржээ. Ялангуяа, 1970-аад онд болсон эрчим хүчний хямралаас хойш өөрөөр хэлбэл, эрчим хүчээ хэмнэхийн тулд олон орнууд нарны гэрэлтүүлгийг ашиглан цагаа урагшлуулдаг болсон билээ. Гэхдээ цаг урагшлуулах гол шалтгаан нь эрчим хүч хэмнэхийн тулд бус аж үйлдвэржсэн нийгэмд хүмүүс ихээхэн ашиг олохын тулд улирлын чанартай өөрчлөлтийг ашиглах цаг урагшлуулах аргыг санаачилсан хэмээн зарим шинжээчид үздэг. Энэ нь өнгөц харахад өдрийн гэрэлтүүлгийг ашигласнаар эрчим хүч хэмнэх, эдийн засгийн ач холбогдолтой ч, нөгөөтэйгээр жижиглэнгийн худалдаа, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, оройн үзвэр гэхчлэн аж ахуйн нэгжүүд өдрийн цагийг ашиглах ашиг олж болохыг харсан байна.
Монгол улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийж байжээ.
Зуны цагийг урагшлуулах нь иргэдэд эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлж хөгжүүлэх, нийгмийн идэвхээ сайжруулахад таатай нөгөө үзүүлдгээс гадна өдрийн нарны гэрлийг ашиглах боломж нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, энергийн хэмнэлт хийх, цаашилбал агаарын бохирдлыг бууруулах гээд олон талын ач холбогдолтой байдгийг эрдэмтэд нотолж тодорхойлжээ
Ихэнх хүмүүс үүнийг нааштайгаар хүлээн авдаг нь тэдэнд ажлаа тарж ирээд ашиглаж болохуйц чөлөөт цаг гарч ирдэг нь таатай байдаг. Хүүхдүүдэд эцэг эхтэйгээ өнгөрөөх илүү цаг гарч ирэх нь тэдэнд сурлагадаа болон нийгэмшилд нь тустай хэмээн үздэг байна. Лондонгийн зам тээврийн судалгаа шинжилгээний лабораториос үүнийг автын замын ослыг бууруулдаг гэж дүгнэжээ. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ цагийг хүн өөрийн бие бялдрынхаа хөгжилд зарцуулах таатай цаг хэмээн үзэж хүний нийгмийн идэвхийг сайжруулах чийрэгжүүлэх сайн талтай гэж дүгнэдэг байна. Мөн мэдээж энэ өдрийн нарны гэрлийг урт ашиглах боломж нь цахилгаан хэрэглээг бууруулан, энергийн хэмнэлтийг гаргана гэж үздэг байна.
Зуны цагийн хуваарийг олон нийтээрээ хэрэглэх нь сайн ч, муу ч талуудтай боловч энэ нь хөгжиж буй улс орны эдийн засагт өндөр ач холбогдолтой гэж ихэнх судлаачид үздэг.
Өнөөдрийн манай эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ цагт цагийн тооллыг урагшлуулах нь үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад болоод айл өрх бүрт ихээхэн зардал хэмнэх үр өгөөжтэй алхам болох нь ойлгомжтой. Бүгд л дээр дооргүй зардлаа хэмнэх талаар ярьж, энэ бэрхшээлийг хэрхэн гэтлэх тухай хэлэлцэж байгаа тохиолдолд цагийг урагшлуулах нь хамгийн энгийн бөгөөд хамгийн эн тэргүүнд авах шийдвэр мөн.
С.БУЛГАЛ
Холбоотой мэдээ