Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа өчигдрөөс (2021.03.13) албан ёсоор эхэлсэн. Энэхүү сунгаанд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм. Тэд өнөөдөр /2021.03.14 /намын гишүүдтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын үеэр нэр дэвшигч Э.Бат-Үүл гэр хорооллыг барьцаалан зээлжүүлэх замаар орон сууцжуулах тухай мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
ЦАРЦСАН ТӨСЛҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
-АН-ын гишүүн Э.БАТ-ҮҮЛ:
-Миний нэр дэвшиж байгаа шалтгаан бол намын эв нэгдлийг бий болгох асуудал юм. Намын эв нэгдлийг хангахад нийслэлийн нам шийдвэрлэх үүрэгтэй юм. Намын эв нэгдлийг хангахад бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр гишүүддээ л хандах юм. Гишүүдийн асуудлыг шийддэг хэлбэр намын даргын сунгаа юм. Бид ер нь дээрээ хагарахаараа дандаа гишүүд рүүгээ гүйдэг түүхтэй нам. Ардчилсан нам сунгааныхаа хүчээр 12 жил Ерөнхийлөгчийн сонгуулийг алдалгүй ялсаар ирсэн юм. Манай намын сунгаа явсны дараа Ардчилсан намын рейтинг өсдөг юм.
Дээрээс нь Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж байгаа бас нэг шалтгаан бол 2012-2016 онд хэрэгжүүлж байсан ажлуудыг Монгол Ардын намынхан зогсоосон. 2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина. Төрийн супермаркет буюу үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр авлигад автаж болзошгүй дарга нарын шийдвэрийг нээлттэй үнэлж гаргаж тавина. Намын дэргэд боловсролтой залуусыг бэлтгэх, боловсрол төвтэй улс төр академийг байгуулж ажиллана. Дарга нарын эрх мэдлийг иргэдэд өгч, хороо руу шилжүүлнэ. АН-ыг Монгол Ардын намын дагуул нам байлгах гэсэн санаархлуудыг таслан зогсооно гэлээ.
ИРГЭДЭД БИЗНЕС ЭРХЛЭХ, АЖИЛЛАХ ОРЧНЫГ НЬ БҮРДҮҮЛНЭ
Нийслэлийн АН-ын гишүүн Л.УРТНАСАН:
-Э.Бат-Үүл баатартай хамт нэр дэвшээд зогсч байна гэж зүүдэлж байсангүй. Энэ бол нэр төрийн хэрэг. Залуучууд бид ачаа үүрч ардчиллаа хамгаалах, намаа хөгжүүлэх ажилд гар бие оролцох цаг болсон. Ардчилсан намыг өөх ч биш булчирхай ч биш байлгахаас залуус бид залхлаа. Ардчилсан нам сонгуульд ялбал ялсан шиг ялж, төрд засаглаж, ажил хийж, улсаа хөгжүүлмээр байна. Ардчилсан нам сөрөг хүчин биш ялагч хүчин болж улсаа хөгжүүлэх цаг болсон.
Миний хувьд Монгол үндэсний өв соёлыг хөгжүүлэн засаглах Ардчилсан болно гэдэг зорилт тавьж байгаа. Ардчилсан оронд иргэдээ бизнес хийдэг, ажил хийдэг орчин бүрдүүлэх бодлогыг нь гаргаж өгөх нь улстөрчдийн үүрэг. Тиймээс энэ чиглэлээр Ардчилсан зоригтой шинэчлэл хийж, засагладаг нам болох ёстой.
Өнөөдөр Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлын талаар товчхон хэлье. Дүрэм, журамгүйгээр энэ намыг авах гэсэн хүмүүсийн хуйвалдаан л өнөөдөр явж байна. Энд тэнд дураараа дотоод сонгуулийн хороо байгуулаад, хүчингүй тамга тэмдэг дараад явж байгаа л хэсэг нөхдүүд хутгаад байна. Хэрэв энэ асуудлаа цэгцэлж чадахгүй бол Ардчилсан нам сонгууль гэж яриад ч яах юм. Яг үнэндээ эрх барьж байгаа коммунист нам манай намын үйл ажиллагаанд оролцож, Ц.Туваан гэдэг нөхрийг намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж шүүх дээр бичээд, өнөөдрийн энэ завхарлыг бий болголоо. Тиймээс Ардчилсан намаа хүчтэй ялагч нам болгохоос нааш би улс төрийн индрээс хэзээ ч буухгүй гэлээ.
Энэ сарын 17-нд Ардчилсан нам Монголд анх удаа цахим сонгууль зохион байгуулж, нийслэлийн АН-ын дарга болон дүүргийн намын дарга нарыг сонгох юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ