ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Friday, March 12, 2021
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдрийн (2021.03.13) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
-Өчигдөр нийт 19319 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Улаанбаатар хотын нийт өвчлөл 2958 боллоо. Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж гарлаа. Халдвартай нь тогтоогдсон иргэдийн 156 нь өмнөх халдварын ойрын хавьтал бол 13 тохиолдлын халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг багасгах, бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг шаардлагыг Улсын онцгой комисс (УОК)-т хүргүүлсэн. Болж өгвөл хөл хорио тогтоох нь зөв гэдгийг хэлсэн. Иргэд маань өөрсдөөсөө хамаарах зүйлсээ сайн хийх хэрэгтэй. Вакцинд хамрагдаад халдвар авахгүй юм шиг аашилж байна. Эхний тунгаа хийлгээд л халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй. ХӨСҮТ болон НЭМҮТ-ийн боловсон хүчин, машин техникууд илүү цагаар ачаалалтай ажиллаж байна. Тиймээс иргэдэд үйлчлэх хугацаа нь бага зэрэг удааширч магадгүй.
Халдвар цочир нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яам УОК-т 28 хоногийн хөл хорио тогтоох санал хүргэсэн. Хэрэв ийм боломж байхгүй бол үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргэсэн байгаа.
ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:
-Иргэн бүр өөрөө өөртөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Таны өвдөх эсэх таниас хамаарна шүү. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 15-наас эхлэн гар утсанд тань мессежээр очихгүй. Зөвхөн eruul.gerege.mn сайтаас хариугаа хараарай.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Өчигдрийн байдлаар 44 цэгт 97 баг ажиллаж нийт 84017 хүнийг вакцинд хамруулаад байна. Нийт хүн амын 12 хувийг вакцинжуулах вакциныг хүлээн авсан. Энэ долоо хоногт худалдааны салбарт ажиллаж буй үйлчилгээний салбарын хүмүүсийг вакцинжуулна. Ирэх долоо хоногт халдвар аваад хүндрэх эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинжуулна. 680 орчим эмч, эмнэлгийн ажилчид эдгээр ажилд оролцоно. Вакцин хийлгэсний дараа хариу урвал гарвал эмчид хандаарай. Эхний тунгаа хийлгэсэн хүмүүс тайвшрах болоогүй.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултд хариулт өгөв.
-Хоёрдахь тунг хэзээ хийх вэ?
-Товлосон хугацаандаа хийлгэнэ. Иргэдийн утсанд мессеж очно. Хамгийн багадаа 8 долоо хоногийн дараа AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийвэл дархлаажуулалт тогтох нь сайн байгаа.
–Халдвартай гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэвэл яах вэ?
-Вакцин хийлгэх үедээ халуурч байгаа, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч буй хүмүүс вакцин хийлгэж болохгүй. Мөн PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс вакцин хийлгэхгүй.
Холбоотой мэдээ