Т.Мөнхсайхан: Мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.13-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан: Мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байна

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлага, тодруулгуудаа багцлан хүргэж байна. Энэ удаагийн зочдоор Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргих, “Тань руу нүүж явна” кинонд Жаргалын дүрийг мөнхөлсөн жүжигчин, сэтгүүлч Р.Гэрэл нар уригдлаа.


“Цар тахлын үед алдах эрх байхгүй”

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д эргэн очжээ. Тэрбээр тус төвд мэс заслын эмчээр 10 гаруй жил ажилласан байдаг юм, түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Таныг Гэмтэл согог судлалын үндэсний төвдөө ажиллаж, мэс засал хийж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ, би саяхнаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаагаа хийж эхэлсэн. Өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна өвдөг, мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Сайд байх хугацаандаа хагалгаагаа хийж амжаагүй. 2011 оноос хойш 10 жил энэ төрлийн хагалгааг хийж байна. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллана.

–Энэ хагалгааг ямар оноштой хүнд хийдэг юм бэ?

-Өвдөг, түнхний хиймэл үе суулгах шаардлагатай хүмүүс ихэвчлэн ахмад настан байдаг. Харин дурангийн мэс заслыг ихэвчлэн залуу, спортын тамирчид хийлгэдэг юм.

Тухайн хүний үений өөрчлөлт ямар түвшинд байгааг нарийн оношилсны дараа хагас, бүтэн үе суулгах мэс заслын аль нэгийг сонгоно. Хиймэл үе суулгах мэс засалд орж буй иргэдийн 20-30 хувь нь хагас хиймэл үе суулгах мэс засалд орох боломжтой.

-Гэмтэл согог судлалын төвөөс гадна улсын хэчнээн эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг хийдэг вэ?

-Энэ мэс заслыг бие даан хагалгаа хийдэг эмнэлэг нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Цаашид орон нутгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт уг хагалгааг хийлгэх боломжтой болох биз. Энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар ч олон болсон.

–Ийм төрлийн мэс заслын өртөг нь хэд вэ?

-Эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний 75 хувийг даадаг. Үйлчлүүлэгч үлдсэн 25 хувь буюу хоёр сая орчим төгрөг төлж байна.

-Та “Монголын түлэнхийн сан”-г  байгуулсан,  сангийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа юу?

-Одоогоор “Монголын түлэнхийн сан” үйл ажиллагаа явуулахгүй байгаа.

Эрүүл мэндийн салбарт сайдаар ажиллахад хүндрэл бэрхшээл нь юу байв?

-Салбартаа хийе гэж зорьсон, бодож төлөвлөсөн ажил маш их байсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд дөнгөж эхлэл нь байсан.

-Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо 60, 70, 100-д хүрлээ. Таны хувьд ямар тактикыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж харж байна вэ?

-Сүүлийн үед батлагдсан тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Салбар яамнаас нөхцөл байдал, цаг үетэйгээ тохирсон арга хэмжээг авах ёстой. Халдвар илрүүлэлтийн хувьд хэнээс шинжилгээ авах, ямар хүнээс үнэгүй, ямар хүнээс төлбөртэй шинжилгээ авах уу гээд лабораторийн хүчин чадлыг зөв тооцоолж шаардлагатай.

Одоо сайн дурынхныг PCR шинжилгээнд хамруулах бус халдвар тараах эрсдэлтэй бүлгүүдээс тогтмол шинжилгээ авч, хянах нь чухал. Эрүүл мэндийн яамнаас цар тахлын эмчилгээний заавар, тактикаа өөрчлөх хэрэгтэй.

-Зарим хүмүүсийн хувьд вакцинжуулалтаа хурдан хийвэл өвчлөлийн тоо буурна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Цар тахлын эсрэг вакциныг яаралтай хийж эхэлбэл Covid-19 халдвараас илүү өндөр эрсдэл гарч, хүний амь нас хохирч болно шүү дээ. Тэгэхээр вакцинжуулалтын явцыг хурдасгаж болохгүй байх.

Цар тахлын үед алдах эрх байхгүй. Мэдээж хүн ажиллаж байгаа учраас жижиг сажиг зүйл  дээр алдаа гаргана. Ерөнхий бодлогын хувьд алдаа гаргаж болохгүй. Бодит тоон дээр тулгуурласан судалгааг үндэслэж, зохих арга хэмжээг авч чадвал эрсдэл багатай даван туулах боломжтой.

А.ЦЭЭСҮРЭН


"Алдаагаа давтаж, халдварын том голомтууд үүсгэлээ"

Covid-19  халдварын тархалт ба урьдчилан тооцооллын талаар МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Улам-Оргихтой ярилцлаа.

–Дотоодод халдвар гарснаас хойш эрсдэлийн үнэлгээг хэдэн удаа хийгээд байна вэ? Хамгийн сүүлд хийсэн үнэлгээгээр ойрын хугацаанд халдварын тархалт, нас баралт ямар байх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэд судалгаа шинжилгээний баг байгуулагдсан. Тус багт манай МУИС-ийн хоёр багшаас гадна анагаахын чиглэлийн 10 орчим судлаач эрдэмтэд байдаг. Бид цаг тухай бүр шинэ тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоонд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, прогноз тооцооллыг хийж гүйцэтгэн албан ёсоор хүргүүлж байсан нь тодорхой хэмжээгээр бодлогын шийдвэрт тусгагдаж ирсэн.

Бидний анхны даалгавар бол халдвар тархалтыг боломжтой бол бүрэн хумих, түүнчлэн нас баралтыг аль болох цөөн байлгах байлаа. Сэлэнгэ, Дарханы байдал Улаанбаатар хотоос харьцангуй хүнд байсан ч бүрэн дарагдсан нь Улсын болон Орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааны нэг эерэг үр дүн байсан. Харамсалтай нь нийслэл хотод байдал хүндэрч байна. Иймд эмнэлгийн ачааллыг халдварын эхэн үед тухайн үеийн бодит байдлаар 500-гаас хэтрүүлэхгүй байхаар хөл хорионы горимыг тогтоох зорилго тавьсан. Одоо эмнэлгийн боломж нэмэгдсэн учир 1000-гаас хэтрүүлэхгүй бол өвчилсөн бүх хүнийг эмнэлэгт бүрэн эмчлэх боломжтой. Тооцоо судалгаа дээр үндэслэн улсын түвшинд, байгууллагын түвшинд, хувь хүний түвшинд эрсдэлээс хамгаалах бодлогыг илүү шинжлэх ухаанч болгох шаардлагатай байна.

Уг халдвартай холбоотой хоёр төрлийн туйлшрах хандлага байна. “Зүгээр нэг ханиадны төдий тул сүржигнэх хэрэггүй” гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь “харвал халдах, үзвэл өвдөх, өвдвөл үхэх” мэт хэт айдастайгаар хүлээн авч байна. Энэ хоёр туйлд авталгүйгээр зохих мэдлэгтэй,  шинжлэх ухаанчаар хандаж ухаалаг, өөдрөг байвал аль ч түвшинд халдварлах болон өвчлөхөөс сэргийлэх  бүрэн боломжтой.

Японд уг халдвараар нас барж байгаа хүний тоо амиа хорлож байгаа тооноос гурав дахин бага байхад, АНУ-д 500 гаруй мянган хүн Covid-19-ийн халдвар аван нас барсан байна. Дэлхийд дунджаар 100 хүн тутамд 2-3 хүн нас барж байна. Гэтэл Мексикт бараг 10 хүн тутмын нэг нь нас барж байгаа.

Харин манайд одоогийн байдлаар 1000 хүн тутамд 2-3 нас баралт байгаа нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэргүүн фронтод ажиллаж байгаа олон хүний хичээл зүтгэлийн үр дүн.

Хэдий тооцоо үнэлгээ байгаа боловч тэдэн хүн өвчилж, тэдэн хүн нас барна гээд шууд хэлбэл иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө. Монгол хүний амь нас хамгийн эрхэм зүйл учраас халдварын тархалт, нас баралтыг үүнээс нэмэгдүүлж болохгүй учиртай.

-Тэгэхээр хүн амыг бүрэн вакцинжуулж дуусах хүртэл нийт халдварын тоо, нас баралт ямар байх талаар шууд хэлэх боломжгүй юм уу?

-Халдвар ба нас баралтын бодит тоо нь та бидний үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогоос хамаарна. Вакцинжуулалт, үзвэр үйлчилгээ, сургууль хэрхэн нээх зэргийг тооцсон олон янзын тооцоолол бий. Тухайн нэг өдөрт хэд гарахыг шууд хэлэх боломжгүй ч 5-7 хоногийн дундаж тоо нь тооцооллын үр дүнтэй нилээд таарч байгаа. Тухайлбал, 14 хоног доторх урьдчилан тооцоолол 90-95 хувийн магадлалтайгаар таарахаас гадна урт хугацаандаа ч өсөх буурах хандлагыг зөв тодорхойлж ирсэн. Энэ олон тоог хэлэхийн оронд хэрхэн халдварт өртөхгүй байх, хэрхэн өвчнөө хүндрүүлэхгүй байх талаар ярих нь зөв. Одоо нас баралт бага байгаа нь эмнэлгийн хяналтад эрт авч байгаа бодлоготой холбоотой. Иймээс зарим хүн “өвдөхгүй байхад эмнэлэгт авчирлаа” гэсэн яриа ч гаргаж байгаа нь нийгэмд сөрөг мэдээ болж очих юм. Өвчин хүндрэхгүй бол үүнээс сайн зүйл гэж юу байхав дээ.

Ер нь бол барууны зарим орны хэрэгжүүлж байгаа шиг, бодлого зарим хүний хүсээд байгаа шиг харьцангуй чөлөөтэй орхих юм бол өвчлөлийн тоо эрс нэмэгдэж, эмнэлэг, эмч мэргэжилтэн хүрэлцэхээ больж хамгийн түрүүнд хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх шаардлага гарна. Энэ тохиолдолд өвчлөгчийн өөрийн хайхрамжгүй зан, эсвэл биеийн онцлогоос шалтгаалан хөнгөнөөс хүндэвтэр, хүнд хэлбэрт шилжих тохиолдол их болно. Мөн халдвартай хүн хяналт султайгаас нийтэд халдвар тараах эрсдэл ихсэж нас баралтын түвшин дэлхийн дундаж хэмжээнд өөрийн эрхгүй хүрнэ. Манай улсын Засгийн газраас гол хэрэгжүүлж буй бодлого бол ийм байдалд хүргэлгүй, Covid-19 цар тахлыг хумихаас гадна эмнэлэгийн ачааллыг хэтрүүлэхгүйгээр барьж нас баралтыг хамгийн бага байлгах зорилготой.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2409094/ линкээр орж унших боломжтой.


"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

Дөрвөн ч сайдын нүүр үзээд байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11  км замыг шинэчлэн барих ажил хэзээнээс эхлэх талаар тус барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбатаас тодрууллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог гэх судалгаа бий. Тиймээс хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тэгвэл  Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил хэзээнээс эхлэхээр байна вэ?

–Азийн хөгжлийн банкны /АХБ/ 83 сая ам.долларын  санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн  эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр барих юм. Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг. ЕСБХБ-аас 2020 оны аравдугаар сарын сүүлээр   тендер зарлахад Хятадын дөрөв, Монгол нэг  компани шалгарсан. Тус банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу 2020 онд гэрээгээ байгуулсан. Дарханы замыг дөрвөн эгнээ болгох эхний ээлжийн компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард  Монголд ирээд кемпээ байгуулсан. Ерөнхийдөө хүйтний улирлыг ашиглан барилгын бэлтгэл ажил болох материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг нээх зэрэг хийх ажлуудаа амжуулсан.

Тиймдээ ч барилгын ажлыг  энэ сарын 15-аас  эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангасан. Дээрх таван гүйцэтгэгч компаниуд бүгд талбай дээр гарсан.

-2019 оноос барилгын ажлыг эхлүүлэхдээ Дарханы замыг таван багц болгон хуваасан. Багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж байсан ч өнгөрсөн онд  хоёр компани гэрээгээ цуцалсан шүү дээ. Дээрх хоёр багц дээр ажиллах компаниуд шалгарсан уу?

-Зам засварын хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлтийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан.  Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп,  Дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп хариуцаж байсан. Гэсэн ч Шинжаан хотод Covid-19 халдварын улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх шалтгаанаар 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.

Дараагийн гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд тус хоёр багц хэсгүүдэд хамаарах авто замд дотоодын компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. АХБ худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулалт хийсэн. Одоогийн байдлаар гэрээ дүгнэгдэж байна. Ерөнхийдөө  хоёр, дөрөвдүгээр  багцын ажил энэ сарын 15-нд Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажилтай зэрэг эхэлнэ.

-Тэгвэл үлдсэн гурван багцын  ажил жигдэрсэн гэж ойлгож болох нь ээ?

–Тийм ээ. Ихэнх ажлаа өнгөрсөн жил амжуулсан. Нэгдүгээр багц болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам, гуравдугаар багц Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, тавдугаар багц  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын хучилтын ажлыг хийх л үлдсэн. Цаг агаар дулаарахаар буюу  газар сайн гэссэний дараа барилгын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Тавдугаар сарын сүүлээр хучилтууд дуусч, зургадугаар сард бэхэлгээний ажил хийгдэнэ.Ерөнхийдөө  долдугаар сарын эхээр дээрх гурван  багц бүрэн ашиглалтад орно.

Барилгын ажилд Хятад болон дотоодын хичнээн  инженер, техникийн ажилчид дайчлагдах вэ?

-Хятадын гүйцэтгэгч компаниуд бидэнд 600-800 хятад ажилчин авах хүсэлт гаргасан. Гэхдээ дотоодын гүйцэтгэгч компаниудыг монгол ажилчдаар хангах ёстой учраас АХБ, ЕСБХБ төсөл дээр ажиллах инженер, техникийн 174 хятад ажилчдыг оруулж ирэхээр Засгийн газартай ярилцаж байна. Ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлнэ.  Тэгэхээр дээрх 174 хятад ажилчид ороод ирэх юм бол үлдсэн ажилчид нь дотоодынх гэсэн үг. Барилгын ажилд аль болох монгол ажилчдаа дайчилна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дарханы замын ажилд оролцсон 70 хятад ажилчдыг  нутаг буцаагаагүй. Учир нь нэгэнт Хятад руу явчихвал эргэж ирэх боломжгүй байсан.

-Дарханы зам 2020 оны зургадугаар сарын 21-нд ашиглалтад орох байсан ч хойшилсоор 11 сартай золгосон. Зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсныг албаныхан Covid-19 халдвар, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэгтэй холбон тайлбарласан. Тэгвэл энэ жил ч мөн адил дээрх шиг зүйл давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?

–Гуравдугаар сарын 15-нд орж ирэх ёстой байсан  105 хятад ажилчин наймдугаар сарын 27-нд орж  ирсэн. Тусгаарлалтаас гараад есдүгээр сарын 3-нд талбайд гарсан.

Хэрэв гурван сард ороод ирсэн бол  1,3,5 багцын ажил дуусчих байсан юм. Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалахгүй бол төлөвлөгөө ёсоор Дарханы зам бүрэн  2022 оны арваннэгдүгээр  сард ашиглалтад орно.

2,4 багцийн ажил дөнгөж 8-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хэдэн хоолой тавьж, далангийн өргөтгөл хийснээс өөр зүйлгүй  учраас барилгын ажил энэ жилдээ дуусахгүй. Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Дарханы замыг хэсэгчлэн хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан. Хэрэв тушаал гарчих юм бол гуравдугаар сарын 15-аас ч өмнө ажлаа эхлүүлэх боломжтой.

–Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дүнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн сая төгрөгийн тэтгэлэгтэй, сургалтыг ирэх сараас эхлүүлэхээр болсон. Энэ нь ажиллах боловсон хүчин дутагдалтай гэгддэг  танай салбарт тус, дэм болно гэж харж байна уу?

-Барилгын салбарт ажиллах хүчин бол үнэхээр дутмаг. Орон нутагт, нийслэлд ч тэр замын ажилд оролцох хүн олдох нь ховор.  Говь-Алтай аймагт зам засварын ажилд оролцох  хүн олдохгүй нийслэлээс хүн авч ажиллуулж байсан. Өнгөрсөн жил Дарханы замд ажиллах хүч олдохгүй мөн л  Говь-Алтай аймгаас хүмүүс ирж ажилласан.  Зарим залуус хоёр өдөр ажилчхаад “Хэцүү юм байна” гээд ажлаа хаяаад яваад өгдөг.  Замын ажлын 70-80 хувь нь механикжсан боловч гар ажиллагаагаар хийх зүйлс бас  бий. 18-20 насны залуус Дарханы замд хүрз бариад шороотой зууралдана гэдэг юу л бол.  Залуу хүмүүс хүйтэнд даарч халуунд халахаас л халширч, биеэ зовоолгүй өндөр цалин авах л сонирхолтой байх шиг байна.

Р.Гэрэл: Жаргалын дүрд нүдээрээ л тэнцсэн байх гэж боддог

Одоогоос 37 жилийн өмнө эхийн сэтгэл, эх үрийн холбоо, хагацал, хайрын тухай өгүүлсэн “Тань руу нүүж явна” Монголын уран сайхны киног бүтээсэн. Уг киноны гол дүр болох Жаргалын дүрээр ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин, яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэлийг энэ удаагийн “Мартагдашгүй танил" булангийн зочноор урьсан юм.

-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?

-Сайхан. Хотод корона нэмэгдээд, сүйд болж байна?

-Харин тийм ээ. Энэ корона байхгүй байсан бол сувилалд явах байлаа. Одоо ч гэрээсээ гарч, орж чадахгүй, зохиол бүтээлээ бичээд л байж байна.

-Ямар зохиол гэдгийг сонирхож болох уу. Хэчнээн ном зохиол бичсэн бол?

-“Хар цувт” гээд роман бичиж байгаа. “Малчин хүн малаа тоолдоггүй” гэдэг шиг бичсэн шүлгээ тоолж явсангүй. Ихэвчлэн хайр сэтгэл, эх орон, эх хүний сэтгэлийн тухай шүлэг бичнэ. Эх орноо магтан дуулна. Миний мэргэжил утга зохиолч, сэтгүүлч гэж явдаг.

-Танд баяр хүргэе. Саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан гэж дууллаа?

-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар нэвтрүүлэгт урилгаар оролцож, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Би тамирчин хүнээр яривал спортын мастер цолоо хүртлээ. Маш их баярлаж байна. Намайг “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлэгт урих гэж бөөн эрэл хайгуул болсон юм билээ.

Тэгсэн “Гул Аранжин” кинонд илгээлтийн эзний дүрд тоглосон Б.Сэлэнгэ маань намайг олсон гэсэн. Улсын багшийн дээд сургуулийн 1984 оны төгсөгчид дунд нэг Соёлын тэргүүний ажилтан цол нэмсэндээ баяртай байна.

-Нэг ангийн жүжигчин, уран бүтээлчид гэвэл?

-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин “Унаган хайр” дууны Б.Нармандах, “Гул Аранжин” кинонд тоглосон Б.Сэлэнгэ, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй 1984 оны төгсөгчид бий.

-Таны анхны гол дүр “Гул Аранжин” киноны дүр мөн үү?

-Тийм ээ. Би ээжтэйгээ Их дэлгүүрт явж байтал жүжигчин, найруулагч  Ц.Цэрэндорж (Сэлэм Тогмид) гуай намайг Монгол кино үйлдвэр дээр пробонд орох саналт тавьсан. Тэгэхэд би дөнгөж 19 настай охин байлаа. Гул Аранжингийн дүрд Монгол кино үйлдвэрийн туслах найруулагч байсан, жүжигчин Л.Хишигдорж маань тоглосон шүү дээ.

-“Тань руу нүүж явна” киноны пробонд хэрхэн орж, тэнцсэн бэ?

-Би 22 настай байсан юм. Тухайн үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгсөөд л “Тань руу нүүж явна” уран сайхны киноны Жаргалын дүрд тоглосон. Тэгэхэд Ардын жүжигчин Б.Дамчаа гуай сонгон шалгаруулалтад байсан санагддаг. Миний хувьд Жаргалын дүрд нүдээрээ л тэнцсэн байх гэж боддог.

-Кино зураг авалтыг Өмнөговь аймагт авсан гэдэг?

-Тийм ээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Долоон бургас гэдэг газарт зураг авалтыг хийсэн. Монгол кино үйлдвэрийн баг бүрэлдэхүүн найман автобустай хөдөөг зорьж байлаа. Тэнд бүтэн зургаан сарын хугацаанд кино зураг авалт үргэлжилсэн байх.

Би чинь Улаанбаатар хотод төрсөн. Тэгж л анх удаа говь нутагт очиж үзсэн. Надад маш сайхан санагдсан. Гүрвэл олонтой газар учраас их айдаг байлаа. Хэдийгээр хүн хазаад сүйд болохгүй ч их эвгүй амьтан. Бид шөнө лааны гэрэлд гүрвэл уралдуулдаг байлаа. Ямар сайндаа "Хотын шүлэг" номондоо “Гүрвэл уралдуулсан бага нас” гээд шүлэг бичсэн.

-Хань Цэрэнгийн дүрд жүжигчин Г.Адилбиш тоглосон. Ард түмэн “Мартагдсан дууль” киноны “Санги ах” гэдэг дүрээр нь сайн мэддэг шүү дээ?

-Жүжигчин Г.Адилбиш  ах мундаг жүжигчин байсан. Надаас дөрвөн ангиар ах хүн л дээ. Тэр үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги хоёр хоёр жилээр завсарладаг байсан. Миний хувьд Адилаа ахыг огтоос танихгүй, ярьж сууж ч үзээгүй. Их дуу цөөтэй хүн байсан. Ер нь киноноос хойш кино багийнхан огт уулзаж байгаагүй ээ.

-“Тань руу нүүж явна” кино нээлтээ хийхэд ямар сэтгэгдэл төрүүлж байв?

-Миний хувьд кинонд дуу оруулдаг болохоор өөрийнхөө алдааг л олж харсан. Би жаахан шулганаж ярьдаг, хааяа огцом босч байгаа харагдсан. Харин хүүхэдтэй ажиллах тал дээр сайн байсан шүү. Эмэгтэй хүн ханиа аргадахад ухаан зарна. Эх хүн л эх хүний зовлонг ойлгодог. Тэр ганцаараа үлдсэн эх хүнд хүнээс илүү зүйл гэж юу байх вэ дээ.

-Хүүхдүүд нь өөрсдийнх нь хүүхдүүд байсан уу?

-Үгүй ээ. Бидний хүүхдүүдийн дүрд Монгол кино үйлдвэрийн монтажчин болон өөр ажилтны хүүхдүүдийг тоглуулсан. Ахмад уран бүтээлчид маань олон хүүхэд дундаас харж байгаад л Адилаа ах бид хоёртой төстэй хүүхдүүдийг сонгосон юм билээ. Хөдөө аав, ээжийгээ дагаад натурт гарчихна. Манай бага хүү Учрал маань Монгол кино үйлдвэрт ажилладаг гэж сонссон.

-Дараа нь Уралын их сургуульд сэтгүүлчээр сурч, Москвагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм уу?

-Би “Тан руу нүүж явна” кинонд тоглосныхоо дараахан Урал руу сэтгүүлч мэргэжлээр сурахаар явсан. Москвагийн их сургуульд дэд докторын зэргээр хоёр жил суралцаж төгссөн. Намайг 1999 онд эх орондоо ирэхэд нийгэм солигдчихсон байсан. Тэгээд л “Болсон явдал” гээд сонинд хэсэг ажилласан. Өөр газар ажилд авахгүй байгаа юм чинь.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?

-Багаасаа кинонд их дуртай хүүхэд байсан. Намайг аравдугаар ангид байхад “Мартагдашгүй намар” кино гарч эхэлсэн. Тэр киног дууриаж үсэрч, хариагаад л явдаг байлаа. Би 1979 онд Монголын радиод “Залгамжлагч радио станц”, “Өглөөний мэнд” гэх хоёр нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Бас Барилгачдын соёлын ордны кино драмын ангид явдаг байсан. Ер нь их хөдөлгөөнтэй,  сурлага сайтай охин байсан шүү. Би 21 дүгээр сургууль төгссөн. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Манай аав, ээж хоёулаа цэргийн хүмүүс байсан юм.

-Төрийн соёрхолт, зохиолч С.Оюун нэгэнтээ амиа алддаг малын эмч Дарьсүрэн бол бодит дүр гэдгийг хэлсэн байдаг?

-Булган аймгийн нэг суманд малын эмч мэргэжилтэй айлын ганц хүү байсан гэдэг. Тэгээд хүний төлөө гүйж яваад амиа алдсан юм билээ. Тэрнээс хойш ээж нь хаана хүү төрнө, дээл оёод л гүйж явдаг байсан гэсэн. Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй. Сүүлд сонинд ажиллаж байхдаа С.Оюун эгчид “Тан руу нүүж явна” киноны түүхээ ярьж өгөөч” гээд ярилцаж байлаа.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?  

-Би зургаан сайхан дүүтэй хүн. Одоо хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүд маань ажил амьдралтай болцгоосон.

Бүтээсэн он: 1984

Бүлгийн тоо: 10 (хар, цагаан)

Найруулагч  –  Бэгзийн   Балжинням
Зохиогч-  Санжаажавын Оюун
3ураглаач  –  Бэгзийн Балжинням, Гэнэнгийн  Цэрэн
3ураач  –  Батдэлгэрийн  Төмөрбат
Хөгжмийн зохиолч  – Зундуйн Хангал

Гол дүр:

Дулам  –  Лувсандоржийн  Дуламжав
Цэрэн   – Ганжуурын Адилбиш

Жаргал  – Рагваагийн  Гэрэл
Дарьсүрэн –   Лувсангийн Нямсүрэн
Хандмаа  –   Лхамсүрэнгийн Долгорсүрэн

Дүрүүдэд:

Р.Дамдинбазар, Ж.Сүххуяг, Б.Бархас, Э.Булган, Ц.Цэцэгмаа, М.Учрал

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж