Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн батлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон.
Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлж, завсарлагагүйгээр явуулж дуусгана. Гар тооллогын ажиллагааг зохион байгуулагчид буюу хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалт бүхий бээлий, богино ханцуйтай цамц өмсөх ба хяналтын тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах юм.
“Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээ хийх заавар”-ыг баталжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэхүү зааврыг боловсруулахдаа сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээ хийх дараалал, хадгалалт, хамгаалалт, хариуцлагын талаарх зохицуулалт оруулсан байна.
Бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй буюу хөгжлийн бэршээлийн улмаас гарын хуруунд тэмдэглэгээ хийх боломжгүй бол энэ талаар тэмдэглэл хөтлөх аж. Тэмдэглэгээ хийх бэх хүний биед болон гадна орчинд хоргүй болох талаар мэргэжлийн байгууллагуудад хандан баталгаа, дүгнэлт гаргуулна.
СЕХ-ны хуралдаанаар сонгууль ажиглах журмыг шинэчлэн баталж, сонгууль ажиглаж буй бүх ажиглагч ёс зүйн дүрэм мөрдөн ажиллахаар болов. Журамд сонгуулийн санал авах ажлын явцыг цахимаар болон хяналтын камераар ажиглах зохицуулалтыг тусгажээ.
Эх сурвалж: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Б.ЖАРГАЛ