Засгийн газар өр үйлдвэрлэж, ачаа нэмэхээс өөр ид шид үзүүлдэггүй компаниуддаа бүтцийн өөрчлөлт хийж, цэгцлэхээ мэдэгдэв. Хэлсэн шигээ хийж чадвал татвар төлөгчдийн нуруунд олон жил үүрүүлж ирсэн ачаа хөнгөрнө гэсэн үг.
Учир нь төрд 339 компани бүртгэлтэй байдгийн 232 нь орон нутгийн өмчит, 107 нь төрийн өмчит компани боловч өр нь 37 их наяд төгрөгт хүрчээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбараар 2020 онд “Эрдэнэт” үйлдвэр 1.5 их наядын, “Эрдэнэс Тавантолгой” 440 тэрбумын ашигтай ажилласныг эс тооцвол бусад нь алдагдал “үйлдвэрлэжээ” гэж ойлгож болох нь. Иймээс Засгийн газар компаниудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, бүтцийн өөрчлөлтөд оруулах нь. Үүнд:
- Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг олон нийтэд зарлаж, 100 хувь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагааг нь тогтвортой үргэлжлүүлэх
- Олон жил үр ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа, чиг үүргийг нь хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой компаниудыг татан буулгах, нэгтгэх
- Зарим компанийн 34 хүртэл хувийг нээлттэй арилжих замаар олон нийтийн хяналтад оруулж, зөв засаглалтай болгох
- Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
Гэвч энэхүү төлөвлөгөөний дагуу бүтцийн өөрчлөлт бүрэн утгаараа хийгдэж чадах уу гэдэгт одоогоор хэн ч хариулт өгч чадахгүй байна.
Учир нь УИХ-аас шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль (2019 оноос хэрэгжиж эхэлсэн) хэрэгжих болсон үеэс агентлаг, газруудыг нэгтгэх, шинээр байгуулах нэрийн дор Засгийн газрын сайд нар өөрийн гэсэн хүнээ захирлаар нь томилдог, томилогдсон хүн нь доошоо халаа сэлгээ хийж, торгуулиас бултдаг аргатай болоод буй. Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлт нэрийн дор бусдыг халж, өөр ажилд томилоход тушаал гаргасан сайд, агентлагийн дарга нар төлбөрт унахгүй. Харин бүтцийн өөрчлөлтөөс бусад шалтгаанаар чөлөөлбөл тухайн шийдвэр гаргагч хохирлыг 100 хувь хариуцах үүрэг хүлээнэ. Иймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс эхтэй энэ аргыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлэх вий гэсэн болгоомжлол байна.
Нөгөө талдаа төрийн зарим үнэ цэнэтэй аж ахуй нэгжийг зориудаар ашиггүй ажиллуулж, үнэ цэнийг нь унагасны дараа хувьчилдаг арга бий. Эл арга дахин сэргэх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдааг давталгүй төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг цэгцэлж, төр зарим ачаагаа хувьд шилжүүлж чадвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өмнөх танхимын хийж чадаагүй ажлыг нугална гэсэн үг.
Харин эс чадвал бусдынхаа алдааг давтах болж байгаа юм.
Ашиггүй хэр нь энэ олон төрийн өмчит компанийг татан буулгадаггүй байсны цаад шалтгааныг “Нэгд намын тавиулуудаа цалинтай байлгах. Хоёрт, бараа материалаас эхлээд олон зүйлийг “шахаж”, бизнесээ өргөжүүлэхэд нь төрийн өмчит компани ашиггүй ажиллаж байсан ч хэрэг болдог гэх хардлага, шүүмжлэл дагаж ирсэн. Гэвч төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанид хийж ирсэн томилгоо, "шахаа" нь хардлага, шүүмжлэлийг баталсаар ирсэн жишигтэй.
Дээр нь компани нь алдагдалтай ажиллаад байхад захирал нь үнэтэй машин унан давхиж, эхнэр, хүүхдээ албаны машинаар ажил, цэцэрлэг, сургуульд нь зөөж нэрмэхээс гадна зарим компанийн захирал хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч даалгасан баримт өнгөрсөн хугацаанд олон нийтэд ил болсон.
Тэр бүү хэл, зарим компанийн захирал орон байрны дэмжлэг хүртдэг. Энэ бүгдийг тэд “Төрийн өмчит компанийн захирлын эдлэх ёстой эрх, байгуулсан гэрээний хүрээнд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлсэн” гэж тайлбарладаг. Иймээс төрийн өмчит компаниудын захирлын эдэлдэг энэ мэт тусгай эрхүүдийг цуцлах, хяналт тавих ёстой Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь голчлон намаас томилогддог жишгийг халж, илүү мэргэжлийн салбарын хүнийг томилдог байх, үйл ажиллагааг нь нээлттэй болгох зэрэг өөрчлөлтийг ч давхар хийх шаардлага тулгараад байна. Тэр цагт нам, намынхны оромж болж хувираад байгаа төрийн болон орон нутгийн өмчит компаниуд цэгцэрнэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ