"10 их наядын төлөвлөгөө хууль зөрчвөл Л.Оюун-Эрдэнэ нар шоронд орно"

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

"10 их наядын төлөвлөгөө хууль зөрчвөл Л.Оюун-Эрдэнэ нар шоронд орно"

"10 их наядын төлөвлөгөө хууль зөрчвөл Л.Оюун-Эрдэнэ нар шоронд орно"

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө баталснаа олон нийтэд танилцуулсан. Уг хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өмнө нь мэдээлэл хийх үеэрээ 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн 2 их наяд төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээлээр олгох шалгуур маш өндөр байгааг шүүмжилсэн. Засгийн газар шаардлагыг багасгаж, зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шаардлага тавьсныг тэрбээр дэмжиж буйгаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ "Засгийн газар 500 мянган залууд 500 тэрбум төгрөгийг хүмүүжлийн хичээлд суусных нь төлөө зарцуулах гэж байгаа нь үргүй зардал болохыг би шүүмжилсэн. Тэгвэл үүнийг багасгаж, 5000 залууд 11 тэрбум төгрөгийн сургалт явуулахаар болсон байна. Миний гаргасан хоёр шүүмжлэлийг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг дэмжиж байна. Ипотекийн зээлд 3 их наяд төгрөг зарцуулахыг Монголбанкинд даалгасан.

Ипотекийн зээл бол төсвийн шинжтэй арга хэмжээ учраас Монголбанкнаас уг хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хуулиар хориглочихсон. Цар тахлын хууль хэрэгжиж дуусах хүртэл Монголбанк хариуцаж болно. Харин хуулийн үйлчлэл дууссанаас хойш төсвийн шинжтэй арга хэмжээг Төвбанк хэрэгжүүлбэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараа нь шоронд очно.

Том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах 3 их наяд төгрөгийг дан ганц хувийн хэвшилд өгөх учир дутагдалтайг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Хувийн хэвшлүүд төрөөс том дүнтэй зээл авч, бүтээн байгуулалт хийнэ гэдэг боловч эргээд зээлээ төлдөггүй. Тиймээс 3 их наяд төгрөгийг төрөөс хэрэгжүүлэх том төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Эхний ээлжинд буюу зэсийн үнэ өндөр байгаа энэ үед Зэс баяжуулах үйлдвэр барих ёстой. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэр илүү ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн Тавантолгойн цахилгаан станцад зарцуулах шаардлагатай.

Хөдөө аж ахуйг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг зарцуулахыг бүрэн дэмжиж байна. Гэхдээ суманд эрх мэдлийг нь өгч байж хөтөлбөр илүү үр дүнтэй хэрэгжинэ.

Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөрөнгийг зах зээл рүү оруулсанаар инфляци өснө. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ханш унах зэргээр иргэдийн орлогод шууд нөлөөлөх учраас Засгийн газар давхар иргэдийн орлогыг хамгаалсан хавсарсан арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Мөн дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр Засгийн газрын өр нэмэгдэнэ.

10 их наяд төгрөгийн хөтөлбөр төсвийн шинжтэй хөрөнгө оруулалтууд учраас зайлшгүй улсын төсөвт тусгагдах ёстой. Засгийн газарт мөнгө байхгүй, зөвхөн төсвийн мөнгө л бий. 2021 оны төсөвт тодотгол хийж, мөн Монголбанкны Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах шаардлагатай. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дангаараа шийдвэл танхимаараа хуулийн байгууллагуудад очдог шиг уламжлал Л.Оюун-Эрдэнэд ч учирна" гэлээ.

10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, орон сууцтай болгох зэрэг 2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр юм.

10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ. ҮҮНД:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг зарцуулж байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх (ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох)-ээр тусгасан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж