Онцын шаардлагагүй бол Covid-19-ийн шинжилгээ өгөх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Онцын шаардлагагүй бол Covid-19-ийн шинжилгээ өгөх хэрэггүй

Онцын шаардлагагүй бол Covid-19-ийн шинжилгээ өгөх хэрэггүй

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, 100-гаас дээш бүртгэгдэх болсон. Иргэд шинжилгээний цаг авсан ч өдөржин урт дараалалд зогсоод ч шинжилгээ өгч чадахгүй бухимдаж байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаагаас шинжилгээний цэгийн тоо багасч, ачаалал нь нэмэгдэх болсон шалтгааныг тодрууллаа.


-Нийслэлийн хэмжээнд нийт хэчнээн шинжилгээний цэг ажиллаж байна вэ. Ямар шалтгаанаар шинжилгээний цэгүүдийг цөөлж, улмаар ачаалал нь нэмэгдэх болов?

-Нийслэлийн хэмжээнд найман PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Өмнө нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд есөн дүүргийн хэмжээнд 25 цэг ажиллаж, 400 мянган хүнд шинжилгээ хийсэн. Одоо шинжилгээний цэгийн тоог цөөлөхөөс өөр аргагүй. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн бүх өрхийг PCR шинжилгээнд хамрууллаа. Хоёрдугаарт, сүүлийн үед Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас голомт дагасан өргөтгөсөн тандалт судалгаа, шинжилгээ илүү хийх шаардлага гарч байна.

Яг одоо шинжилгээний цэгүүдээс илэрсэн батлагдсан тохиолдлын тооноос халдварын голомтоос илэрсэн тохиолдлын тоо өндөр байгаа. Тиймээс шинжилгээний цэгийн тоог нэмэхээс илүү голомт дагасан шинжилгээгээ хийх нь үр дүнтэй байгаа юм.

-Зарим байгууллага ажилчдаасаа 72 цагийн PCR шинжилгээ шаардаж байна. Гэтэл шинжилгээ өгөх шаардлагагүй гэж албаныхан хэлж байсан?

-Цөөн тооны шинжилгээний цэгт нэн шаардлагатай хүмүүс цаг авч, PCR шинжилгээ өгнө. Жишээлбэл, зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг руу явах, буяны ажилд оролцох, эмнэлэгт хэвтэх гэж байгаа хүмүүс шинжилгээ өгнө. Өөр бусад шалтгаантай хүмүүс PCR шинжилгээ өгөхгүй гэдгийг олон удаа хэлж байгаа.

Албан байгууллагын зүгээс ажилчдаасаа 72 цагийн дотор шинжилгээ шаардахгүй. Ийм асуудал байж болохгүй. Ямар ч үр дүнгүй гэдгийг хэлсэн. Иргэд PCR шинжилгээ өгснөөр тухайн мөчид л халдвар авсан эсэхийг тогтооно.

-Шинжилгээ өгөхөөр очсон иргэд халдвар авах эрсдэлтэй нөхцөлд урт дараалалд олон цагаар зогсч байна. Үүнд ямар байгууллага хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Нэн шаардлагатай иргэд PCR шинжилгээ өгөхдөө цаг авч байгаа. Гэхдээ цаг аваагүй иргэд олноор очиж, дугаарлаж байна. Тэрийг эрүүл мэндийн байгууллагаас зохицуулахад хүндрэлтэй шүү дээ. Тэнд шинжилгээ өгөхөөр зогсч буй хүмүүс хүн хоорондын зай барих эсэх нь хувь хүний ухамсрын асуудал. Иргэд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. Заавал хэн нэгнээр шаардуулж байж зай барина гэвэл хэцүү. Яагаад ухамсраараа хоорондын зайгаа бариад зогсч болохгүй гэж. Халдварт өвчнөөс өөрийгөө л хамгаалах хэрэгтэй.

-Хан-Уул дүүрэг дээр өчигдөр (2021.03.11) дөрвөн шинжилгээний цэг ажиллаж байсныг нэг болгож нэгтгэснээр ачаалал хэд дахин нэмэгдсэн. Яагаад шинжилгээний цэгийг нэгтгэсэн юм бэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга өчигдөр 18 дугаар сургуульд байрлах шинжилгээний цэг дээр очиж лайв хийсэн. Тухайн цэг дээр ачаалал үүссэн нь үнэн. Бид ачааллыг бууруулах зорилгоор хоёр автобус байрлуулж, тэнд байгаа хүмүүсээс шинжилгээ авсан. Онцын шаардлагагүй бол PCR шинжилгээ өгөх хэрэггүй гэдгийг дахин хэлье.

Одоо халдварын тоо эрс нэмэгдэж байна. Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын шинжилгээнд эмч мэргэжилтнүүд маань их явж байгаа  Хүний нөөц хязгаарлагдмал. Тиймээс бид халдварын голомт дагасан шинжилгээг хийх шаардлага гарч байна.

-Найман шинжилгээний цэг дээр хэчнээн эмч мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний хэд нь дархлаажуулалтын эмч вэ. Эмч мэргэжилтний тоо хүрэлцээтэй байгаа юу?

-Шинжилгээний нэг цэг дээр 10-12 эмч мэргэжилтэн ажилладаг. Ачаалал ихтэй цэгүүдэд эмч нарынхаа тоог нэмж ажиллуулж байгаа. Аль болохоор иргэдэд хурдан үйлчлэхийг хичээж байна. Вакцинжуулалтын цэгт тусгай сургалтад хамрагдсан эмч, сувилагч нараас гадна дархлаажуулалтын эмч нар вакцин хийж байна. Тусгайлсан вакцинжуулалтын эмч вакцин хийнэ гэсэн зүйл байхгүй. Иргэдэд вакцин хийх үйл явц нь тариа л хийнэ гэсэн үг шүү дээ. Бүх эмч үзлэг хийж, асуумж авсны дараа харшлах зүйлгүй гэвэл вакцин хийж байгаа. Нийслэлийн 14 сургуулийн спорт зааланд дархлаажуулалтын цэг байгуулсан. Тухайн цэгт эрчимт эмчилгээгээр мэргэшсэн эмч нар бас ажиллаж байна. Нийслэлд өдөрт 40-45 вакцинжуулалтын цэг ажиллаж байна.

Иргэд эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулахгүйгээр онц шаардлагагүй бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 9-нийг хүртэл PCR шинжилгээний цэг олон хэвээрээ байсан. Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд халдвар авсан байх вий гэдгээ мэдэх гэж шинжилгээ өгөхийг үгүйсгэхгүй. Хэрвээ та эрүүл мэнддээ санаа зовж байгаа бол амны хаалтаа зүүж, гараа ариутгах, хүн хоорондын зай барихаас гадна олон нийтийн газраар явахгүй, баяр наадам тэмдэглэхгүй байх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж