Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдээр буюу 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, 15-нд өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.
Энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөв гарчээ. Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.