“Дулам гуай танай хүүг гуйвал өргүүлэх болов уу гэж байна лээ” гэхэд “Яасан хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ. Эх хүний зовлонг эх хүн ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ. Гэхдээ ганц хүүг минь гуйна гэж даанч санасангүй” хэмээн өгүүлэх киноны энэ хэсгийг та бүхэн сайн санаж буй биз.
Одоогоос 37 жилийн өмнө эхийн сэтгэл, эх үрийн холбоо, хагацал, хайрын тухай өгүүлсэн “Тан руу нүүж явна” Монголын уран сайхны киног бүтээсэн. Уг киноны гол дүр болох Жаргалын дүрээр ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн жүжигчин, яруу найрагч, сэтгүүлч Р.Гэрэлийг энэ удаагийн “Мартагдашгүй танил" булангийн зочноор урьсан юм.
Түүний нүүр дүүрэн инээмсэглэл одоо ч танил дотно хэвээрээ. Одоо 60 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний ярилцлагыг хүргэе.
-Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Хотод корона нэмэгдээд, сүйд болж байна?
-Харин тийм ээ. Энэ корона байхгүй байсан бол сувилалд явах байлаа. Одоо ч гэрээсээ гарч, орж чадахгүй, зохиол бүтээлээ бичээд л байж байна.
-Ямар зохиол гэдгийг сонирхож болох уу. Хэчнээн ном зохиол бичсэн бол?
-“Хар цувт” гээд роман бичиж байгаа. “Малчин хүн малаа тоолдоггүй” гэдэг шиг бичсэн шүлгээ тоолж явсангүй. Ихэвчлэн хайр сэтгэл, эх орон, эх хүний сэтгэлийн тухай шүлэг бичнэ. Эх орноо магтан дуулна. Миний мэргэжил утга зохиолч, сэтгүүлч гэж явдаг.
-Танд баяр хүргэе. Саяхан Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан гэж дууллаа?
-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар нэвтрүүлэгт урилгаар оролцож, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Би тамирчин хүнээр яривал спортын мастер цолоо хүртлээ. Маш их баярлаж байна. Намайг “Монгол киноны хүүхнүүд” нэвтрүүлэгт урих гэж бөөн эрэл хайгуул болсон юм билээ.
Тэгсэн “Гул Аранжин” кинонд илгээлтийн эзний дүрд тоглосон Б.Сэлэнгэ маань намайг олсон гэсэн. Улсын багшийн дээд сургуулийн 1984 оны төгсөгчид дунд нэг Соёлын тэргүүний ажилтан цол нэмсэндээ баяртай байна.
-Нэг ангийн жүжигчин, уран бүтээлчид гэвэл?
-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин “Унаган хайр” дууны Б.Нармандах, “Гул Аранжин” кинонд тоглосон Б.Сэлэнгэ, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй 1984 оны төгсөгчид бий.
-Таны анхны гол дүр “Гул Аранжин” киноны дүр мөн үү?
-Тийм ээ. Би ээжтэйгээ Их дэлгүүрт явж байтал жүжигчин, найруулагч Ц.Цэрэндорж (Сэлэм Тогмид) гуай намайг Монгол кино үйлдвэр дээр пробонд орох саналт тавьсан. Тэгэхэд би дөнгөж 19 настай охин байлаа. Гул Аранжингийн дүрд Монгол кино үйлдвэрийн туслах найруулагч байсан, жүжигчин Л.Хишигдорж маань тоглосон шүү дээ.
-“Тан руу нүүж явна” киноны пробонд хэрхэн орж, тэнцсэн бэ?
-Би 22 настай байсан юм. Тухайн үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги төгсөөд л “Тан руу нүүж явна” уран сайхны киноны Жаргалын дүрд тоглосон. Тэгэхэд Ардын жүжигчин Б.Дамчаа гуай сонгон шалгаруулалтад байсан санагддаг. Миний хувьд Жаргалын дүрд нүдээрээ л тэнцсэн байх гэж боддог.
-Кино зураг авалтыг Өмнөговь аймагт авсан гэдэг?
-Тийм ээ. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Долоон бургас гэдэг газарт зураг авалтыг хийсэн. Монгол кино үйлдвэрийн баг бүрэлдэхүүн найман автобустай хөдөөг зорьж байлаа. Тэнд бүтэн зургаан сарын хугацаанд кино зураг авалт үргэлжилсэн байх.
Би чинь Улаанбаатар хотод төрсөн. Тэгж л анх удаа говь нутагт очиж үзсэн. Надад маш сайхан санагдсан. Гүрвэл олонтой газар учраас их айдаг байлаа. Хэдийгээр хүн хазаад сүйд болохгүй ч их эвгүй амьтан. Бид шөнө лааны гэрэлд гүрвэл уралдуулдаг байлаа. Ямар сайндаа "Хотын шүлэг" номондоо “Гүрвэл уралдуулсан бага нас” гээд шүлэг бичсэн.
-Хань Цэрэнгийн дүрд жүжигчин Г.Адилбиш тоглосон. Ард түмэн “Мартагдсан дууль” киноны “Санги ах” гэдэг дүрээр нь сайн мэддэг шүү дээ?
-Жүжигчин Г.Адилбиш ах мундаг жүжигчин байсан. Надаас дөрвөн ангиар ах хүн л дээ. Тэр үед Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги хоёр хоёр жилээр завсарладаг байсан. Миний хувьд Адилаа ахыг огтоос танихгүй, ярьж сууж ч үзээгүй. Их дуу цөөтэй хүн байсан. Ер нь киноноос хойш кино багийнхан огт уулзаж байгаагүй ээ.
-“Тан руу нүүж явна” кино нээлтээ хийхэд ямар сэтгэгдэл төрүүлж байв?
-Миний хувьд кинонд дуу оруулдаг болохоор өөрийнхөө алдааг л олж харсан. Би жаахан шулганаж ярьдаг, хааяа огцом босч байгаа харагдсан. Харин хүүхэдтэй ажиллах тал дээр сайн байсан шүү. Эмэгтэй хүн ханиа аргадахад ухаан зарна. Эх хүн л эх хүний зовлонг ойлгодог. Тэр ганцаараа үлдсэн эх хүнд хүнээс илүү зүйл гэж юу байх вэ дээ.
-Хүүхдүүд нь өөрсдийнх нь хүүхдүүд байсан уу?
-Үгүй ээ. Бидний хүүхдүүдийн дүрд Монгол кино үйлдвэрийн монтажчин болон өөр ажилтны хүүхдүүдийг тоглуулсан. Ахмад уран бүтээлчид маань олон хүүхэд дундаас харж байгаад л Адилаа ах бид хоёртой төстэй хүүхдүүдийг сонгосон юм билээ. Хөдөө аав, ээжийгээ дагаад натурт гарчихна. Манай бага хүү Учрал маань Монгол кино үйлдвэрт ажилладаг гэж сонссон.
-Дараа нь Уралын их сургуульд сэтгүүлчээр сурч, Москвагийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм уу?
-Би “Тан руу нүүж явна” кинонд тоглосныхоо дараахан Урал руу сэтгүүлч мэргэжлээр сурахаар явсан. Москвагийн их сургуульд дэд докторын зэргээр хоёр жил суралцаж төгссөн. Намайг 1999 онд эх орондоо ирэхэд нийгэм солигдчихсон байсан. Тэгээд л “Болсон явдал” гээд сонинд хэсэг ажилласан. Өөр газар ажилд авахгүй байгаа юм чинь.
-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу?
-Багаасаа кинонд их дуртай хүүхэд байсан. Намайг аравдугаар ангид байхад “Мартагдашгүй намар” кино гарч эхэлсэн. Тэр киног дууриаж үсэрч, хариагаад л явдаг байлаа. Би 1979 онд Монголын радиод “Залгамжлагч радио станц”, “Өглөөний мэнд” гэх хоёр нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Бас Барилгачдын соёлын ордны кино драмын ангид явдаг байсан. Ер нь их хөдөлгөөнтэй, сурлага сайтай охин байсан шүү. Би 21 дүгээр сургууль төгссөн. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Манай аав, ээж хоёулаа цэргийн хүмүүс байсан юм.
-Төрийн соёрхолт, зохиолч С.Оюун нэгэнтээ амиа алддаг малын эмч Дарьсүрэн бол бодит дүр гэдгийг хэлсэн байдаг?
-Булган аймгийн нэг суманд малын эмч мэргэжилтэй айлын ганц хүү байсан гэдэг. Тэгээд хүний төлөө гүйж яваад амиа алдсан юм билээ. Тэрнээс хойш ээж нь хаана хүү төрнө, дээл оёод л гүйж явдаг байсан гэсэн. Би тухайн үед энэ талаар огт мэдээгүй. Сүүлд сонинд ажиллаж байхдаа С.Оюун эгчид “Тан руу нүүж явна” киноны түүхээ ярьж өгөөч” гээд ярилцаж байлаа.
-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Би зургаан сайхан дүүтэй хүн. Одоо хоёр дүүтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүд маань ажил амьдралтай болцгоосон.
“ТАН РУУ НҮҮЖ ЯВНА”
Бүтээсэн он: 1984
Бүлгийн тоо: 10 (хар, цагаан)
Найруулагч – Бэгзийн Балжинням
Зохиогч- Санжаажавын Оюун
3ураглаач – Бэгзийн Балжинням, Гэнэнгийн Цэрэн
3ураач – Батдэлгэрийн Төмөрбат
Хөгжмийн зохиолч – Зундуйн Хангал
Гол дүр:
Дулам – Лувсандоржийн Дуламжав
Цэрэн – Ганжуурын Адилбиш
Жаргал – Рагваагийн Гэрэл
Дарьсүрэн – Лувсангийн Нямсүрэн
Хандмаа – Лхамсүрэнгийн Долгорсүрэн
Дүрүүдэд:
Р.Дамдинбазар, Ж.Сүххуяг, Б.Бархас, Э.Булган, Ц.Цэцэгмаа, М.Учрал
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ