Дэлхийн хөлбөмбөгийн ирэх 10 жилийг түүчээлэх хоёр эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөлбөмбөгийн ирэх 10 жилийг түүчээлэх хоёр эрдэнэ

Дэлхийн хөлбөмбөгийн ирэх 10 жилийг түүчээлэх хоёр эрдэнэ

Аливаа үлгэр, домог бүхэнд сайхан төгсгөл байдгийн адил дэлхийн хөлбөмбөгийн нэгэн аравныг чимсэн хоёр агуу хөлбөмбөгчний тамирчны замнал эцсийн шатандаа орлоо. Энэ долоо хоногт УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны хасагдах шатны хариу тоглолтууд явагдаж, Мессигийн Барселона, Роналдогийн Ювентус тус тус мултарав. Сүүлийн 16 жилийн хугацаанд Месси, Роналдо хоёр Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнийг ингэж эрт орхиж байсангүй. Магадгүй энэ нь төгсгөлийн эхлэл байх. Месси энэ жил 34 нас хүрэх бол Роналдо сарын өмнө 36 хүрсэн. Одоохондоо 10 жилийн өмнөх шигээ гялалзсан тоглолт үзүүлж байгаа ч дахиад хэр удаан үргэлжлэх бол?

Месси, Роналдо гэх холбоо үг шиг энэ нэрсийг хүн төрөлхтөн анх 2007 онд хамтад нь сонсч байв. Тухайн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог алтан бөмбөг буюу Баллон д’Орын санал асуулгад Бразилын алдарт Кака тэргүүлж, Роналдо, Месси хоёр удаалж байсан түүхтэй. 2007 оноос л Манчестер Юнайтедын Роналдо, Барселонагийн Месси нар бусдаас онцгойрч, ривал үүсч эхэлсэн. Тэдний энэхүү ривал Роналдог Реал Мадридад ирэхэд улам дүрэлзсэн.

2018 оны Лука Модричийг эс тооцвол Месси Роналдо хоёр алтан бөмбөгийн шагналыг хамтдаа 11 удаа хүртжээ. 2008 оноос хойш бүхэл бүтэн 11 жил дэлхийн хөлбөмбөгчдийн дээд шагналыг хуваан хүртэж байсан нь гайхалтай. Хөлбөмбөгийн түүхэнд хэн ч энэ хоёр агуу эрхэм шиг алтан бөмбөгийг тав болон түүнээс дээш удаа хүртэж, бүтэн аравныг хуваан эзэмшиж байсангүй.

Аль ч спортод нэг үе солигдоно гэж бий. Хөлбөмбөгийн яг нэг үе одоо солигдож байна. Та бүхний 10 жилийн өмнө тоглолтыг нь шимтэн үздэг байсан гайхалтай тамирчид өдгөө зодог тайлж, эхнээсээ дасгалжуулагчийн замналаа эхлүүлээд байна. Роналдо, Месси хоёр ч гэсэн 2008 онд Роналдиньо, Кака, Тьерри Анри, Андрей Шевченко нарын түүчээг үргэлжлүүлж гарч ирсэн. Харин одоо энэ хоёрын түүчээг үргэлжлүүлэх Килиан Мбаппе, Эрлин Холанд гэсэн хоёр залуу хэдийнэ гарч иржээ.

Өмнөх үеэ бодвол хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ хөгжсөн өнөө үед шинэ, залуу тамирчид олны анхааралд өртөж, хүлээлт үүсгэх нь олширсон ч амжилт үзүүлж буй нь цөөхөн. Та бүхэн Ренато Санчес, Андерсон, Фредди Аду, Боян Киркич, Денилсон зэрэг хүлээлтэд хүрэлгүй, сураггүй болсон олон авьяаслаг залуу тамирчны жишээг мэднэ. Тэдгээрийн хажууд Килиан Мбаппе, Эрлин Холанд жинхэнэ эрдэнэсүүд.

Энэ жил дөнгөж 23 нас хүрэх Килиан Мбаппе өчигдөр Мессиг Барселонатай нь УЕФА Аваргуудын лигээс хаслаа. Тэрбээр энэ улиралд Барселонагийн эсрэг хоёр тоглолтод оролцохдоо дөрвөн гоол оруулав. Ер нь Месситэй таарвал учрыг нь олоод байдаг гэж хэлж болно. Эргэн сануулахад, 2018 оны ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатанд Мессигээр ахлуулсан Аргентин болон Мбаппед довтолгооны шугамаа даатгасан Франц хоёр учраа таарахад Килиан Мбаппе хоёр гоол оруулж, Месси болон түүний нөхдийг нутаг буцааж байлаа.

Кристиано Роналдо, Лионель Месси нар 22 насандаа УЕФА Аваргуудын лигт нийлээд 17 гоол оруулж байсан бол өдгөө 22 настай Мбаппе 24 гоол оруулаад байна.

Францын лиг ч Мбаппед жижигдэж байна. Ирэх жилүүдээс буурь сэлгэж, Англи, Испани, Италийн өрсөлдөөнтэй, топ лигүүдэд хүч үзэх биз ээ. Сонирхуулахад, Мбаппегийн анхны шүтээн нь Зинедин Зидан байсан бөгөөд удалгүй Кристиано Роналдог шүтэж эхэлсэн аж.

Норвеги хүүгийн хувьд Европын өрсөлдөөнтэй шилдэг лигүүдийн нэг болох Германы Бундеслигт зогсоогдошгүй байна. Австрийн Ред Булл Салзбург Боруссиа Дортмундад ирсэн Эрлин Холанд өдгөө дэлхийн шилдэг довтлогчдын тоонд зүй ёсоор тооцогдож байгаа. Бундеслигийг Роберт Левандовскигийн хамтаар эзэгнэж буй Эрлин Холанд энэ долоо хоногт УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Испанийн Севилья багийн эсрэг хоёр гоол оруулсан бол өнгөрөгч амралтын өдөр Европ, дэлхийн клубуудын аварга Байерн Мюнхений хаалганд мөн хоёр гоол шигтгэсэн.

2000 онд төрсөн Эрлин Холанд Европын клубуудын хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт 14 тоглолт хийхдээ 20 гоол оруулж, хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 20 гоол оруулсан тоглогч болжээ. Түүнээс өмнө энэхүү амжилтыг Килиан Мбаппе эзэмшиж байв.

Эрлин Холанд ч Мбаппегийн адилаар том тоглолтод илүү тодоор гялалздаг. Анх тэрбээр УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Ливерпүүлийн эсрэг Энфилдэд, дараа нь Наполи, ПСЖ зэрэг багуудын эсрэг гоолдож байлаа. Эрлин Холанд болон Килиан Мбаппе нар 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр анх удаагаа учраа тааран тоглож, Эрлин Холандын хоёр гоолын ачаар Боруссиа Дортмунд ПСЖ-ийг талбайдаа хожиж байв.

Transfermarkt.com сайтаас гаргасан судалгаагаар Килиан Мбаппегийн зах зээлийн ханш 180 сая еврод хүрч, одоогоор дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр нэрлэгдэж байна. Харин түүнээс хоёр насаар дүү Эрлин Холандын зах зээлийн үнэлгээ 110 сая еврод хүрчээ. Гэтэл Лионель Мессигийн зах зээлийн ханш 80 сая еврод хүрч буурсан бол Кристиано Роналдо 60 сая еврогоор үнэлэгдэж байна.

Месси, Роналдо хоёр яг хэзээ зодог тайлах вэ гэх асуулт олны дунд эргэлзээ үүсгээд байна. Мэргэжилтнүүд, хөлбөмбөгийн аналистуудын үзэж буйгаар 2022 оны Катарт зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий дараагаар дээрх хоёр эрхэм их спортоосоо зодог тайлах талаар нухацтай бодож эхлэх аж.

Кристиано Роналдо оны өмнөхөн хэвлэлд өгсөн ярицлагынхаа үеэр “2022 оны хөлбөмбөгийн ДАШТ бол миний Португалийн шигшээ багтайгаа оролцох сүүлийн тэмцээн” гэж мэдэгдсэн. Харин Мессигийн хувьд ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай төдийлөн дурдаагүй боловч Америкт амьдарч, тэнд хөлбөмбөгийн лигт тоглох нууцхан мөрөөдөлтэйгөө илэрхийлсэн.

Магадгүй Месси, Роналдо хоёр тамирчны замналын сүүлийн жилүүдээ Америкт тэр дундаа нэг багт өнгөрүүлэх боломжтой л юм. Саяхан АНУ-ын Мэйжор лигийн Интер Майами багийн хамтран эзэмшигч Дэвид Бекхэм багтаа Месси, Роналдо хоёрыг авчрах хүсэлтэйгээ мэдэгдсэн. Хоёр тамирчин ч цаашдын бизнес, ажил төрлөө төвшитгөе гэж бодож байвал Америк таатай орон.

Месси, Роналдо хоёр хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан дагинаас бусад бүхий л томоохон шагнал, цомуудыг хүртэж үзсэн гэж хэлж болно.

Ямартай ч Месси-Роналдо гэсэн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу эрин үеийн төгсгөл ирж явна. Энэ хоёр гайхалтай эрхмийн эрин үед амьдарч, түүхэн амжилтуудынх нь амьд гэрч болсон өнөөгийн бид үнэхээр азтай.

Хэрэв та бүхэн дэлхийн хөлбөмбөгийн ирэх 10 жилийг түүчээлэх Килиан Мбаппегийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд, Эрлин Холандын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж