"Хүнсний хомсдолд орсон гэх айлын хүү төрийн алба хаагч"

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

"Хүнсний хомсдолд орсон гэх айлын хүү төрийн алба хаагч"

"Хүнсний хомсдолд орсон гэх айлын хүү төрийн алба хаагч"

Үндэсний аудитын газраас "Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүнд аудит хийжээ. Нийтдээ 442 мянган иргэнийг хамруулж, нийт 18.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. 

Аудит "Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүйн улмаас уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байна. Мөн энэхүү арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл зэрэгцэж явагдсанаас хяналт, үнэлгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулсан" гэж дүгнэжээ. 

Хэдийгээр тус арга хэмжээний эхний гурван хоногт зорилтот 100 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн ч тухайн өрхүүд хамрагдсан эсэхийг тогтоох нарийвчилсан судалгаа, нэгдсэн бүртгэлгүй байгаа нь голомтот хэсгүүд бүрэн хязгаарлагдсан гэж дүгнэх бололцоогүй гэж үзсэн байна. 

ХҮНСНИЙ ХОМСДОЛД ОРСОН ГЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН АЙЛЫН ХҮҮ ТӨРИЙН АЛБА ХААГЧ БАЙСАН

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажиллагаа үндэслэлтэй төлөвлөгдөөгүй, урсгалаараа явагдсан байна. Эмзэг бүлгийн нэг өрхийн дөрвөн ам бүлийн өдрийн хэрэглээг дунджаар 14 хоногоор бодож, нийт 29715 өрхөд 3.6  тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Гэвч уг халамж зорилтот бүлэгт хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Аудитын ажлын хэсгийн гишүүд хүнсний  хомсдолд орсон гэж  хүсэлт гаргасан, хүнсний хангалт авсан өрхийг түүвэрчлэн, газар дээр нь танилцахад нэг ам бүлд хамтран амьдарч байгаа ач хүү нь төрийн албан хаагч болох зөрчил илэрсэн байна. Тиймээс энэ мэтээр халамж авах ёстой, жинхэнэ хүнсний хомсдол орсон хүмүүст уг санхүүжилт очоогүй байх магадлал өндөр гэж аудит үзжээ. 

УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОГДООГҮЙ

"Нэг  хаалга-Нэг  шинжилгээ” арга хэмжээнд Улсын  төсвөөс санхүүжилт олгогдоогүй, нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц сангаас мөнгө зарцуулжээ. УОК, НОК-оос “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой төлөвлөлтийн өмнөх үе шатанд хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалттай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй.

Арга хэмжээтэй холбоотой санхүүгийн ил тод байдлыг бүрэн хангаагүй, хандив тусламжаар хэдэн төгрөг цугласан, түүний зарцуулалт, улс, нийслэл, орон нутгийн төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан талаарх нэгдсэн мэдээлэлгүй байна. Гамшиг тохиолдсон үед шат, шатны төсвийн санхүүжилт хийхэд төсвийн хуваарийн хүрээнд баригдаж төсөвлөгдөж буй байдал ажиглагдсан. Энэ нь шуурхай ажиллах боломжийг бууруулж байна.

ХЭЧНЭЭН БҮРТГЭЛГҮЙ ӨРХ, ТҮР ОРШИН СУУГЧ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ТАЛААРХ ТОО МЭДЭЭ ГАРААГҮЙ 

Улсын болон нийслэл, дүүргийн онцгой комиссын төлөвлөгөөнд түр оршин суугч болон бүртгэлгүй өрхийг шинжилгээнд хамруулах талаар тусгаагүй бөгөөд харьяалал харгалзахгүйгээр шинжилгээнд хамруулсан гэх боловч нийслэлийн хэмжээнд хэчнээн бүртгэлгүй өрх, түр оршин суугч шинжилгээнд хамрагдсан талаарх тоон мэдээ гараагүй байна.

ХАМГААЛАЛТЫН ӨМСГӨЛИЙН НӨӨЦ ХҮРЭЛЦЭЭГҮЙН УЛМААС ХООЛОО ИДЭЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль дээр ажиллаж байгаа байнгын цэгт хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагт очиход ариутгал хийгдэж байгаа гэсэн шалтгаанаар гадаа 90 орчим иргэний дараалал үүссэн байсан. Ажилчид нь ариутгалын материал саван, угаалгын нунтаг, гар ариутгагчийг хувиасаа авсан. Мөн тэдний хоол цагтаа ирээгүйн улмаас хоол идэлгүй ээлж солилцон ажилласан, хоол идэхдээ нэг удаагийн өмсгөлөө тайлдаг тул өмсгөлийн нөөц хүрэлцээгүйн улмаас хоолоо идэж чадахгүйд хүрдэг зэрэг хүндрэлүүд гарсан. Үүнээс гадна лабораторид цэргийн ангийн алба хаагчдаас авсан, орон нутгаас ирсэн гэх мэт олон шалтгаанаар бар кодгүй, пос төхөөрөмжид уншигдаагүй шинжилгээний сорьц хүлээн авсан нь нэгдсэн цахим тоо мэдээлэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй.

  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАНГАЛТГҮЙ

Улсын болон Нийслэлийн онцгой комиссын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс Дүүргийн онцгой комисс шинжилгээ авах үйл ажиллагааг бодит тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөөгүй, шинжилгээ авах байнгын болон явуулын багийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй, өдөр тутмын шинжилгээ авах ажлын төлөвлөгөө, бүртгэлгүй ажилласан.

Нийслэлийн хүн амын дунд тархсан Covid-19-ийн тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд халдварын тохиолдол 40-өөс буурсангүй. Лхагва гаригт шинээр халдвар авсан тохиолдол 109 хүрсэн нь Монгол Улс дотооддоо халдвар алдсан үеэс буюу 2020 оны арваннэгдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Эндээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ үр дүнгээ өгсөн эсэх нь эргэлзээ төрүүлэх болсон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж