"Вакцин хийлгэснээс хойш 2 сарын дараа цусаа өгнө"

Хуучирсан мэдээ: 2021.03.12-нд нийтлэгдсэн

"Вакцин хийлгэснээс хойш 2 сарын дараа цусаа өгнө"

"Вакцин хийлгэснээс хойш 2 сарын дараа цусаа өгнө"

Цус сэлбэг судлалын үндэсний төв  (ЦССҮТ)-ийн донор зохион байгуулагч Ч.Тунгалагаас цусны нөөцийн талаар тодрууллаа.


-ЦССҮТ-д цусны нөөц хэр байна вэ. Сүүлийн үед цусны нөөц хомсдлоо гэх мэдээлэл их гарах боллоо. Нөөц дууссан тохиолдолд гаднын орноос цус авах шаардлага тулгарах уу?

-Манай төвийн хувьд 30 гаруй төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнийг үндсэн гурван төрөлд ангилж үздэг. Сийвэнгийн төрлийн бүтээгдэхүүн нэг жилийн нөөцтэй байна. Улаан эсийн бүтээгдэхүүн бүлгээсээ хамаараад 14-21 хоногийн нөөцтэй байна. Гуравт, ялтаст эсийн бүтээгдэхүүн 3-5 хоног хадгалагддаг тул уг төрөлд ашиглах цусыг өдөр бүр цуглуулж, эмнэлгийн захиалгыг хангах шаардлагатай байдаг.  Одоогоор манайд нөөц нь дууссан бүтээгдэхүүн байхгүй. Тиймээс гаднын орноос нөөц авах шаардлагагүй, тийм тохиолдол ч гарч байгаагүй.

-Цаашид нөөцийг нэмэгдүүлж, эмнэлгийн хэрэгцээг таслахгүй байхын тулд ямар ажил хийх вэ?

-Өнгөрсөн жил улсын хэмжээнд 36500 донороос цус цуглуулсан. Үүний 80 хувийг Улаанбаатар хотод буюу ЦССҮТ-д цуглуулсан байдаг. Энэ жилийн хувьд Covid-19-тэй холбоотойгоор цус цуглуулах үйл ажиллагаа харьцангуй багассан. Манайх суурин болон явуулын гэсэн хоёр хэлбэрээр цус цуглуулдаг. Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах төв Сүхбаатар, Баянзүрх, Дүнжингарав гэсэн гурван суурин газар бий. Одоогоор хоёр нь ажиллаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 15-наас Дүнжингарав цус цуглуулах төв ажиллаж эхэлнэ. Эдгээр төвүүдэд өдөрт 70-100 донороос цус цуглуулж байна. Хоёрдугаарт, манайх явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Ингэхдээ албан байгууллага, хамт олон, их дээд сургуулиуд дээр очиж, өдөрт 60-100 донороос цус цуглуулдаг. Covid-19-тэй холбоотойгоор энэ хэлбэрээр 20-80 донороос цус цуглуулж байна. Явуулаар цус цуглуулахад 70 орчим хувь нь их, дээд сургуулийн оюутнууд байдаг. Халдвартай холбоотойгоор сургуулиуд хаагдсан тул манайх албан байгууллагуудад очиж цус цуглуулж байна.

-Вакцинжуулалт эхэлсэнтэй холбоотойгоор цусны нөөц багасах эрсдэлтэй байгаа гэсэн үү?

-Сүүлийн үед цусны нөөц багасах эрсдэл үүсээд байна. Энэ нь Covid-19-ийн эсрэг вакцинжуулалттай холбоотой. Учир нь, вакцин хийлгэсэн эхний тунгаас хойш хоёр сарын дараа цусаа өгөх боломжтой. Үүнтэй холбоотойгоор цус хандивлах донорын тоо багасах эрсдэл үүсч болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс иргэддээ вакцин хийлгэхээсээ өмнө цусаа бэлэглэхийг иргэддээ уриалж байна.

-Хаврын улиралд цус өгч буй хүн юун дээр анхаарах вэ?

-Цусыг 17-60 насны,  45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа бүх хүн аль ч улиралд өгөх боломжтой. Цус өгөхөөр ирсэн хүнээр тусгай асуумж бөглүүлдэг. Дараа нь эмч үзэж ярилцаад боломжтой гэж үзвэл нэг удаад 350-400 мл цус өгдөг. Эрэгтэй хүн хоёр сар тутамд нэг, эмэгтэй хүн гурван сар тутамд цус өгөх боломжтой. Цус өгөхөөр ирэхдээ зургаагаас дээш цагаар унтаж амарсан байх, өөх тостой хоол, эм тариа хэрэглээгүй байх, мөн өөрт ямар нэгэн зовуургүй байх гэсэн шаардлага тавьдаг. Түүнчлэн аль болох шингэн зүйл ууж ирэхийг зөвлөдөг.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж