2019 он хүртэл ОУ-ын тэмцээнд оролцох боломжгүй болоод байна

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

2019 он хүртэл ОУ-ын тэмцээнд оролцох боломжгүй болоод байна

50 гаруй жилийн түүхтэй Монголын Сагсан бөмбөгийн холбоо өнгөрөгч хоёрдугаар сард бүх гишүүдийн хурлаа хийсэн. Тус хурлаар Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал хуралд оролцогчдын олонхийн саналаар сонгогдсон юм. Энэхүү хурлыг ажиглаж, дүгнэлт хийхээр Монгол улсын Эрүүл, мэнд спортын яам, Монголын Оюутны спорт холбоо, хуулийн багийнхан болон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-н албан ёсны төлөөлөгч оролцож байсан.

Архив. 2016.02.05

Тэгвэл өнөөдөр(2016.04.14) Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал хэлэхдээ "Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бичиг явуулснаас болж, цаашид холбоо үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй боллоо. Өнгөрөгч хоёрдугаар сард болсон холбооны хурлыг үгүйсгэлээ. Бид МҮОХ-ны удирдлагуудтай өчигдөр уулзсан. Тэд FIBA-д бүртгүүлсэн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоо шүүхийн маргаантай байгаа учраас түдгэлзүүлж өгнө үү гэсэн бичгийг явуулсан гэсэн тайлбарыг хэлээд байгаа. Сагсан бөмбөгийн холбоодын дунд зөрчилтэй асуудал 2015 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон. Гэтэл энэхүү маргаан улам л даамжирч байгаад харамсаж байна. Учир нь Азийн аваргын тэмцээний сугалаа явагдах дөхөөд байдаг. Энэхүү сугалаанд Монголын баг орж чадахгүй бол бид 2019 он хүртэл олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болох юм. Мөн сүүлийн үед холбооны үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл гарч байна. Сагсан бөмбөгийн “Ахмадын супер лиг”-ийн тэмцээний үеэр н.Баттулгын нас барсныг холбооны буруугаас болсон гэж байгаа. Үнэн хэрэгтээ тэмцээн дууссаны дараа гэнэт бие нь муудсан. Тухайн үед анхан шатны тусламж үзүүлсэн боловч түргэний машиныг хүлээлгүй шууд хотруу авч явсан. Энэ талаар ар гэрийнхэн нь гомдолгүй гэдгээ хэлсэн” гэсэн юм.  

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал шүүхийн шийдвэрийн тайлбараас хүргэлээ.

Үүнд “Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилыг уг ажлаа өгсөн, түүний дараа нь Ч.Ганхуяг, н.Тамир нарыг тус холбооны ерөнхийлөгчөөр томилж байсан гэх боловч Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Ганхуяг, н.Тамир нарыг бүртгүүлсэн талаар баримтгүй эдгээр хүмүүсийг уг холбоог төлөөлөх эрхтэй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Мөнх-Оргил уг холбооны ерөнхийлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 36 дугаар тал/

Шүүхийн шийдвэр ийм байхад биднийг хууль бус хурал хийлээ гээд байгаад харамсч байна гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж