Э.Бат-Үүл: Зарим нөхөд АН-ын дотоод ардчиллыг үгүй хийх гэж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Зарим нөхөд АН-ын дотоод ардчиллыг үгүй хийх гэж байна

АН дотроо хоёр хуваагдаж, тус бүр намын даргаа сонгох дотоод сонгуулийн товыг зарлаад байгаа юм. Тодруулбал, Ц.Тувааны тал АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулж дууссан. Улмаар гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болно.

Харин С.Эрдэнийн тал намын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19, 20-ны хооронд бүртгэж, санал хурааалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнээс өмнө буюу энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгуулах тул өнөөдөр (2021.03.11) нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны 22.00 цаг хүртэл сурталчилгаа явуулна. Ингээд гуравдугаар сарын 17-ны өдөр намын дунд шатны дарга нарыг сонгох сонгуулийг цахимаар зохион байгуулах аж.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Бид анх удаа Монгол Улсад цахим санал хураалт зохион байгуулах гэж байна. Энэ нь ардчиллын түүхэнд анхдагч цахим сонгууль. Өнөөдөр зарим дүүргүүдэд туршилтын цахим санал хураалт явуулна. Гуравдугаар сарын 19, 20-ны хооронд АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгээд, нэр дэвшигчид сарын хугацаанд сурталчилгаагаа хийнэ. Санал хурааалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулж, тавдугаар сарын 2-ны өдөр АН-ын Их хурал хуралдаж, намын шинэ даргадаа тамга тэмдгийг нь гардуулж өгнө. Мөн энэ Их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна” гэлээ.

Э.БАТ-ҮҮЛ: ХЭРВЭЭ МАНАЙ НАМ МАН-ЫГ ДУУРАЙВАЛ ДАГУУЛ НАМ Л БОЛНО

Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч Э.БАТ-ҮҮЛ: “Би нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлж байгаа олон шалтгаан бий. 2016 оноос хойш дараагийн бүрэн эрхийг дуустал найман жилийн хугацаанд нийслэлд ажил хийсэнгүй. Бидний эхлүүлсэн ажил бүгд зогссон. Тиймээс энэ миний нэр дэвших шалтгаан гэж үзэж болно. Мөн нэг шалтгаан нь Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН-ын дотор нэлээд төвөгтэй, зөрчилтэй байдал үүссэн. Уг нь Үндсэн хуулиар шүүх гэдэг бол үүссэн маргааныг шийдвэрлэх эцсийн шат байдаг. Дээд шүүх энэ үйл ажиллагаагаа хийгээгүйгээс болоод манай нам дотор зөрчилтэй байдал үүссэн. Энэ асуудлыг бид шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуульд ч эрсдэл үүсч мэдэхээр байна. Тиймээс би энэ намын гол зүрх, хүндийн төв болсон нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Хэрвээ энэ сунгаад амжилт үзүүлбэл энэ намыг нэгтгэх том үйл ажиллагаанд нийслэлийн намыг дайчилж ажиллана гэсэн хүсэл зорилго байгаа.

АН-ыг хагарсан гэх буруу ойлголт байгаа юм. Зөрчил бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид иймэрхүү зөрчилтэй тулгарч байсан. Гэхдээ энэ удаа шүүхийн гаргасан шийдвэрийг би ойлгохгүй байна. Хэрвээ шүүхийн шийдвэрийн цаана ямар нэгэн санаа бодол байгаа бол энэ АН-д үнэхээр том эрсдэл учруулна. Тиймээс их санаа зовж байна. Түүнээс биш АН Монгол Улсад бүртгэлтэй хамгийн том намын нэг. Бусад намыг бодвол сунгаа явуулж, дотоод ардчиллаараа гишүүд нь шийддэг учраас бусад намд байхгүй маш сайн гишүүдийн бүртгэлтэй. Энэ хагарлыг эцсийн эцэст хэн шийдэх вэ. Улс төр гэдэг бол сонгогчид, энэ намын гишүүд. Түүнээс биш дарга цэргийн асуудал огт биш. Тиймээс бид жирийн гишүүдээрээ асуудлыг шийдүүлнэ.

С.Эрдэнэ дарга энэ асуудлыг шийдэх гэж зориглож, сунгааг зарлаж байна. Энэ сунгаа гишүүдээ нягтруулсан, энэ асуудлыг ойлгуулах учраас маш чухал ач холбогдолтой. Тиймээс нөгөө талд байгаа зарим нэг нөхдүүддээ уриалмаар байна. Одоо дотоод сонгуулийн хороонууд, нэр дэвшигчид нэг шугамд гараад, сунгаагаа явуулчихвал манай нам асуудалгүй хямралаас гарна. Тиймээс нэгдэж, сунгааны үйл ажиллагаанд орохыг уриалж байна. Намын дарга С.Эрдэнэ “Энэ асуудал АН-ын дотоод ардчиллыг үгүй хийх гэж байна. АН-ын гишүүд өнөөдрийг хүртэл гишүүдээрээ асуудлыг шийдүүлж ирсэн. Гэтэл үүнийг устгах гэж байна. Ингэж хэрхэвч болохгүй. Хэрвээ манай нам МАН-ыг дуурайвал дагуул нам л болно. Тиймээс С.Эрдэнэ даргад би баяр хүргэх ёстой гэж бодож байна. Намынхаа дотоод ардчиллыг аврах гэж байгаад нь. Нөгөө тал ч гэсэн сунгаа зарлаж байна гэдэг нь сунгаанаас өөрөөр асуудлыг шийдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Нэгэнт л хүлээн зөвшөөрч байгаа юм чинь нэгдээд сунгаагаа явуулбал ямар ч асуудалгүй. Энэ бол намын хувь заяаг шийдэх хамгийн гол утга учир” гэлээ.

Мөн өнөөдөр (2021.03.11) АН уламжлалынхаа дагуу сэтгүүлчидтэй хийдэг "4:11" уулзалтаа хийж, ирэх сард болох намын даргаа тодруулах сонгуулийн талаар мэдээлэл өглөө.

АН хууль ёсны даргатай болсныхоо дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүх гишүүд дундаасаа, дотоод сунгаагаар тодруулна гэж тус намын дэд дарга Ц.Оюундарь хэллээ.

"И.МӨНХЖАРГАЛ, Ц.ТУВААН  НАР ХУУЛЬ БУС  ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДАА ЗОГСООХГҮЙ БОЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗААСАН ГЭМТ ҮЙЛДЭЛ БОЛНО"

АН-ын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ: “Улсын бүртгэлийн гэрчилгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын долдугаар Их хурлаас гарсан тогтоол бүгд хүчинтэй. Бусад үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу биш гэсэн үг. Намын дүрэм хаана хүчинтэй байна тэнд хууль ёсны үйл ажиллагаа, шийдвэрүүд гарна. Дотоод сонгуулийн хорооны гишүүн байсан И.Мөнхжаргал, Ц.Туваан зэрэг хүмүүс хууль бус үйл ажиллагаануудаа зогсоохгүй бол Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл болно шүү гэдгийг анхааруулмаар байна. Намын тамга тэмдэг, баримт бичиг, бланкыг хуурамчаар ашиглах нь гэмт хэрэг. Бүх гишүүний дунд явуулах сонгуульд С.Эрдэнэ дарга ба түүний удирдлагын баг дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвших эрхгүй. Тодруулбал, Х.Тэмүүжин, Ц.Туваан, З.Нарантуяа, Ц.Баатархүү нарын зургаан дэд дарга намын дүрмээр дахин нэр дэвшихгүй. Сонгууль явагдаж дуустал, тавдугаар сарын 2-нд намын их хурал батламжилтал С.Эрдэнэ дарга үйл ажиллагаагаа явуулж байгаад сонгогдсон хүнд бүх бичиг баримт, тамгаа хүлээлгэн өгнө" гэлээ.

АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ: Улс төрийн намын тухай хууль болон АН-ын дүрмийн дагуу дотоод сонгуулийг цахимаар зохион байгуулж, 140 мянган гишүүний хамгийн олонх санал авсан хүнийг бид намын даргаараа сонгоно. Үүний дараа шинээр сонгогдсон намын даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ. Улсын дээд шүүх бүртгэх үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт намын тамга, тэмдэг, бүртгэл бүгд байгаа. Дүрмийн өөрчлөлт хийх хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан гэж ярьдаг. Тэрийг УДШ хуульд нийцээгүйг тогтоосон. Тэр асуудалд намын даргыг өөрчлөх тухай байгаагүй. Зөвхөн дүрмийн өөрчлөлтийн асуудлаар хуралдсан.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэхийг сэтгүүлчид асуухад тэрбээр “Одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар нам урьдчилж нэр дэвшигчийг зарлахыг хориглосон. Нам хуулийн дагуу гурав хоногийн хугацанд л нэр дэвшигчээ зарлах ёстой. АН Ерөнхийлөгчийн сонгуульд 50 нас хүрсэн, энэ намаас нэр дэвших сонирхолтой бүх хүнийг өрсөлдүүлж, хамгийн олон хүний санал авсан хүнийг зарлана. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөх хүсэлтээ гаргавал бид дотоод сонгуульд оруулаад явна” гэсэн юм.

АН-ын даргад нэр дэвшигчид 35 сая төгрөгийн зардал гарах тооцоолол хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж