Дүүргүүдэд дагнасан шүүх байгуулах төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Дүүргүүдэд дагнасан шүүх байгуулах төсөл боловсруулжээ

Дүүргүүдэд дагнасан шүүх байгуулах төсөл боловсруулжээ

Хөдөө орон нутгийн шүүхүүд болон нийслэл дэхь анхан шатны шүүхүүдэд албан томилолтоор ажиллаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг тайлагнаж, иргэдтэй уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг сонссон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нар ажлын албаны төлөөллийн хамт 2016 оны 4дүгээрсарын 13-ны өдөр Улсын дээд шүүхэд ажиллав.

Ажлын албаны төлөөлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Одонгэрэл, Шүүхийн захиргааны удирдлагын газрын ахлах референт С.Энхбаяр нар ажиллалаа.

Ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв угтан авснаар шүүгч, ажилтнуудын уулзалт эхлэв. Уулзалтанд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х. Сонинбаяр болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шүүхийн ерөнхий зөвлөл үйл ажиллагааныхаа тайланг шүүхүүдэд хүргүүлэх тухай болон Шүүгчдийн зөвлөгөөнд тайлагнах тухай хуулийн заалт бий. Тус хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга миний бие болон гишүүд 2013 оноос эхлээд биеэр очиж, тайлангаа тавьж хэвшсэн. Ингэж өөрсдийн биеэр очиж тайлан тавьж, хэлэлцүүлсний эцэст шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсч, цаашдын бодлого тодорхойлох, шийдвэрлэвэл зохих асуудлуудтай газар дээр нь танилцах, шийдвэрлэх зорилттойгоор ажиллаж, хэвшил болгосон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд Д.Эрдэнэчулуун гишүүний хамт Улсын дээд шүүхэд шүүхийн үйл ажиллагааны тайланг тавихаар зорьж ирлээ. Би албан томилолтын хуваарийн дагуу баруун 8 аймгийн шүүхүүдээр явж ажиллалаа. Ингэж явсан зорилго маань тайлан тавьж, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, ажилтнуудын санаа бодлыг сонсохоос гадна 8 аймгийн иргэд, олон нийттэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлогын учир шалтгаан, үндэслэл, үйл явц, үр дүн ямар байгааг бодит байдал дээр нь сонсох байв. Би та бүхэнд сайн мэдээ дуулгах гэж үүнийг хамгийн түрүүнд ярья гэж бодлоо. 2013 онд намайг анх зүүн аймгуудаар явж байхад шүүгчдийн талаар гомдол санал гардаг, нэг хэсэг бэлтгэгдсэн хүмүүс танхимын урдуур суугаад зовлон бэрхшээл их тоочдог байсан. Баруун 8 аймгийн миний уулзсан 4000 гаруй иргэд дунд шүүгчийн талаар ганц аймагт санал гарсан. Бусад аймгуудад шүүгчдийн талаар огт шүүмж гараагүй, харин шүүхэд талархсан хүмүүс маш олон байна. Орон нутагт иргэдийн эрхийг хохироосон янз бүрийн "хар шуурга” их байдгийг иргэд жишээ, баримттай ярьж байна. Энэ хар шуурганаас иргэд хамгаалдаг ганц зүйл бол шударга шүүх болжээ. 3 шатны шүүх миний эрхийг ингэж хамгааллаа гэсэн талархлын үгийг иргэд өндөр сэтгэгдэлтэй ярьж байна. Эндээс би Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үр дүн иргэдэд хүрсэн юм байна гэсэн дүгнэлтийг хийж ирлээ. Энэ бол та бидний хамтын амжилтын үр дүн юм. 3 жилийн хугацаанд шүүх ингэж хурдан өөрчлөгдөнө гэдэг амаргүй зүйл. Богино хугацаанд ийм амжилтанд хүрсэн нь Монгол улсын бүх шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын чармайн ажилласны үр дүн гэдгийг би та бүхэнд юуны өмнө сайн мэдээ болгож хэлэхэд таатай байна. Иргэд маань их гярхай болжээ. Шүүхийн шинэтгэлийг анхааралтай ажиглаж, үр дүнг нь мэдэрч, дэмжих халуун сэтгэл бий болсон байгааг та бүхэнд онцгойлон дуулгая. Цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хамтад нь шинэчлэхгүй бол шүүхийн шинэтгэл доголон болох нь гэж иргэд нээлттэй санал нэмэрлэж байна” гэж ярианыхаа эхэнд онцлон тэмдэглээд, шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, түүний онцлох 10 үр дүнг тайлагнаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонслоо.

Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Батцэрэн нар тус тус дараах санал, асуултуудыг тавьж, харилцан санал солилцов.

Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр:

-Тайлангаас харахад хийсэн ажлын үзүүлэлт эерэг сайн дүр зураг ихтэй, бид ч өөрсдөө мэдэрч байгаа. Энэ хугацаанд иргэний хэргийн нэгдсэн программ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа шүүн таслах ажиллагааны тодорхой ачааллыг багасгаж, хэргийг чирэгдэлгүй шуурхай шийдвэрлэхэд ач холбогдолтой байгааг бид дүгнээд явж байгаа. 147 шүүгчийн орон тоо одоо сул байгааг сая ярьсантай холбогдуулаад нэг санал хэлэх гэсэн юм. Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд ихэнх нь 3 шүүгчтэй, ажлын ачаалал жилээс жилд өсч байгаа. Нэг шүүгч өвчтэй юм уу, чөлөө авахад шүүн таслах ажиллагааны доголдол гарах хүндрэлтэй. Хэргийг өөр адил шатны шүүхэд шилжүүлэхэд хэрэг алдагдах, хэргийн оролцогчдод чирэгдэл үүсэх нөхцөл бий болдог. Тэгэхээр хуульд заасан шүүгчийн орон тоог гүйцээж ажиллуулахад анхаарахгүй бол 3 шүүгчтэй ажиллахад хүндрэлтэй нь харагдаж байгаа. Түүнчлэн зарим хөдөө орон нутагт 3-4 шүүгчийн дунд нэг туслах ажиллаж байгааг ядаж 2 шүүгчийн дунд нэг туслах байх хэмжээний боловсон хүчний сонголтыг зохицуулахгүй бол хүндрэлтэй байна.

Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь:

-2 асуулт, нэг санал хэлье. Нэгдүгээрт, түрүү жил Д.Эрдэнэчулуун гишүүн ирж, тайлан тавихад миний бие нэг санал хэлж байсан юм. Тэр санал маань юу болсон бэ гэсэн нэг асуулт байна. Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой ч одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлд ийм чиг үүргийн бүтэц байхгүй байна. Ийм бүтэц бий болгох боломж байна уу. Энэ хэлтэс, газар байгуулагдах юм бол ямар чиг үүрэгтэй байж болох уу, юу хариуцах уу гэдгийг судалж үзсэн үү? Хоёрдугаарт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нэг цэгийн үйлчилгээ рүү орчихлоо. Дүнжингарав зах дотор төрийн бүх үйлчилгээ төвлөрчихсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл үүн дээр хамтарч ажиллаж байгаа юм байна уу? Шинэ шүүх байгуулах тухай хуулиар шүүх улам олон болох гэж байна. Тэгэхээр шүүхийн супермаркет буюу нэг цэгийн үйлчилгээ бий болгох боломж байдаг юм болов уу? Иргэдэд заавал олон тийшээ явах ачаа үүрүүлж байхаар төрийн үйлчилгээний нэгдсэн стандартын адил шүүхийн үйлчилгээ супермаркет хэв маяг руу орох талаар судалгаа хийж байна уу? Гурав дахь нь нэг санал хэлье. Захиргааны процессын хуулинд цахим нотлох баримт гэдэг ойлголт орсон байгаа. Одоо шүүгчдэд юу гэж хэлж байгаа вэ гэхээр ямар ч байсан хэргийн оролцогчид маргахгүй, электрон байдлаар байгаа нотлох баримтыг нотариатаар баталгаажуул гэдэг ийм үлгэрийн шаардлага тавихаа боль оо гэж бид эхний байдлаар хэлж байна. Цаашдаа шүүх хуралдааны танхимд энэ цахим нотлох баримтыг үнэлэх боломж бүрдүүлчих юм бол тэр баримтыг үнэлж байгаа процесс нь протоколоор явж байгаа учраас хавтаст хэргийг хэрэгтэй хэрэггүй цаасаар дүүргэж, нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно гэсэн үг. Шүүх хуралдааны танхимд цахим нотлох баримтыг үнэлэх гэсэн боломжийг анхаарч өгөөч. Энэ асуултыг Д.Эрдэнэчулуун гишүүнд хандаж тавьж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун:

-Өнгөрсөн жил тайлан тавьснаас хойш Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурьтай ажил хэргийн шугамаар хэд хэд удаа уулзаж байсан. Миний бие энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд шүүгчийн хараат бус байдлыг хариуцсан алба, эсвэл хэлтэс зайлшгүй байгуулах шаардлагатай гэсэн асуудлыг тавьж байгааг уламжлан, танилцуулж байсан. Харамсалтай нь, энэхүү асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэн нэгэн гишүүн дангаараа шийдэх эрх мэдэл байхгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж:

-Монгол Улсын Үндсэн хуулинд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах гэж байж байгаа байгууллага. Тийм учраас шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалдаг бие даасан газартай байсан ч болох юм байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даан байгуулагдсанаас хойш ямар шуурга явсныг та нар мэдэж байгаа. Саяхан УИХ-ын гишүүн Су. Батболд нэг сонинд "Монголд төрийн албан хаагчдыг цөөрүүлэх нэрийн дор монголын төрийг сулруулах бодлого явж байна. Энэ бодлого гадаад, дотоодын хаанаас явж байна вэ” гэж ноцтой асуудал хөндсөн байсан. Одоогоор шүүх эрх мэдлийн захиргааны байгууллагыг 100 хүнтэй байж болохгүй гэж үзээд байгаа. Бид энэ шахалтаар шүүгчдийнхээ орон тоог л хасуулахгүй бол яамай гэдэг үүднээс 3 хүний ажлыг нэг хүн хийх жишгээр 80 гэсэн орон тоонд багтаж ажиллаж байна. Үнэхээр орон тоо гэдэг зөв менежмент хийгээд зөв ажиллаад байх юм бол хүн хүч их хэрэгтэй юм билээ. 3 хүний ажлыг 1 хүн хийнэ гэхээр оромдолт л явагдаж байгаа юм. Цалингийн хэмнэлт гардаг байж магадгүй ч төрийн үйлчилгээ суларч, чиг үүргийн хэрэгжилт муудна гэсэн үг. Ийм шахалт хавчилгаас болоод бид энэ нэгжийг байгуулж чадахгүй байгаа. Яваандаа монголчуудын төрийн албаа хямдруулж, төрөө сулруулдаг энэ үзэл засагдах юм бол нэгжээ байгуулахад татгалзах зүйл огт байхгүй. Хэрэгтэй байгаа, хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн. Хэрэв цаашдаа ийм байдал хэт газар авах юм бол шүүхэд хүртэл хандаж байж, шүүхээр шийдвэр гаргуулдаг ч юм бил үү гэж бодож байгаа.Одоо манайд энэ асуудлыг хавсарсан ажилтан маань шүүхийн аюулгүй байдлаа давхар хамаарч ажилладаг. М.Батсуурь тэргүүний хөндсөн Дүнжингарав худалдааны төв дэхь "Нэг цэгийн үйлчилгээ”-г бид хэрэгжүүлээд, одоогийн байдлаар туршилтын журмаар үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа. Ямар үйл ажиллагаа явуулах уу гэдэгт бид илүү нухацтай бодох шаардлагатай. Нэхэмжлэх хүлээж авах юм уу, үгүй юу, зөвхөн зөвлөгөө өгөөд сууж байдаг газар байх юм уу гэдэгт маргаантай байна. Үүнийг Дээд шүүхийн танхимын тэргүүнүүдтэй яриад, Монгол улсын хуульд нийцүүлээд нэгэнт л супермаркет шинэ үйлчилгээг хэрэгжүүлье гэж байгаа бол зөвлөгөө өгчихөөд павилион бөглөсөн хүмүүсийг цалинжуулах хэрэггүй л дээ. Хуульд нийцүүлээд шүүхийн үйлчилгээг өргөн утгаар хэрэгжүүлэх боломж байгааг бид судалж байгаа. Манай зарим хүмүүс программ нь тэнд орсон учраас нэхэмжлэл хүлээж авах боломжтой гэж үзэж байгаа. Цаасаар авсан нэхэмжлэлийг яах юм, нотлох баримтыг алдаж үрэгдүүлвэл яах вэ гэж манай зарим гишүүд болгоомжилж байгаа. Ямартаа ч энэ асуудал судалгааны түвшинд явж байгаад шийдэгдэх байх гэж бодож байна. Харин бид цаашдаа энэ үйлчилгээн дээр тэтгэвэрт гарсан шүүгчдээ гэрээгээр ажиллуулдаг юм бил үү гэж бодож байгаа.

Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь:

-Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах нэгжийг давтан яриад байгаагийн маань учир нь сая Н.Лүндэндорж даргын илтгэлдээ дурьдсанаар "УИХ, захиргааны байгууллагаас шүүхийн хараат бус байдал руу халдаж, Шүүхийн тухай багц хуулийн "Шүүхийн төсвийг өмнөх жилийнхээс бууруулахгүй байна” гэдэг заалтыг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахад, Үндсэн хуулийн цэц рүү хандах гарцуудаа шүүх нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн аль нь ашиглах ёстойг шинээр байгуулах тэр нэгж нь хариуцах ёстой. Хоёрдугаарт, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгч рүү хандсан байнгын захиалгат нийтлэл явж байна. Би сүүлийн үед байнгын 2,3 хүнээр л ээлжлээд бичүүлж байдаг болсон. Энэ дагуу би хаашаа хандахаа мэдэхгүй. Тэртэй, тэргүй олон нийтийн дунд хэвлэлд бичүүлсэн шигээ хэргийг шийдсэн нэр хүндтэйгээ дуусах юм шиг байна. Нэг дэхь өдөр шүүх хуралдаанаар орох гэж байгаа хэргийн талаар өмнөх 5 дахь өдөр нь захиалгат нийтлэл гарч байдаг. Гуравт, нөлөөллийн мэдүүлгийг бас яримаар байна. Шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг нэг мэргэжилтэн хариуцдаг юм шиг байна. Эдгээр чиг үүргүүдийг нэгтгэсэн хэлтэс байгуулвал Үндсэн хуулийнхаа чиг үүрэгт нийцэх юм болов уу гэсэн санал байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж:

-Маш чухал асуудал байна. Шүүгчийн нэр төр, ажил мэргэжлийн нэр хүндийн эсрэг олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан дайраад байхад яах ёстой талаар бодлогын судалгаа хийж үзье. Нэг нийтлэл гарахад урдаас нь үзэлцээд байх ёстой юм уу, олон улсын жишигт нь яадгийг судалж үзэх ёстой. Үүнийг хаяад байж болохгүй асуудал. Цахим нотлох баримттай холбоотой асуудалд манай холбогдох хүмүүс анхаарлаа сайн хандуулаарай. Х.Сонинбаяр шүүгчийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 шүүгчийн орон тоотой байгааг анхаараарай гэсэн санал бол бидний анхааралд байгаа, бараг зүүдлэх шахсан асуудал мөн. Тулсан 3 орон тоонд байгаа шүүгчдийн нэг нь өвдөж, амарч болдоггүйтэй бид газар дээр нь танилцсан. Сүүлдээ бид шүүгчдээсээ "Та нар минь түр тэвчээд өгөөрэй” гэж гуйдаг болсон. Шүүгчид үнэхээр нөхцөл байдалтайгаа эвлэрч, тэвчиж байгаа. 2016 оны улсын төсөв дээр шүүгчдийн цалингаас 7.5 тэрбумыг бууруулахгүй байх асуудалд Б.Болор сайд эр зориг гаргаж, нэмж татаж тавьж өгсөн.1.5 тэрбумын дутууг бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны төсвөөс, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын хоолны мөнгөнөөс, бусад зардлаас танаж хассаар байгаад бүрдүүлсэн. Сангийн яамны "Та нарын цалинг хэвээр үлдээсэн учраас 2016 онд та нар нэг ч шүүгч шинээр нэмж авахгүй шүү” гэсэн барьцаанд бид үг хэлж чадаагүй. Одоо бол дандаа орон гаран, жирэмсний амралттай байгаа эсвэл тэтгэвэрт гарсан цалингийн сан нь батлагдсан хүний орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт явуулж байна. Иймээс Х.Сонинбаяр шүүгч ээ, 2016 онд байдал хүндээрээ байхаас өөр арга алга. Даалуу тоглож байгаа хүн, даалуу нүхлээд тоглож болдоггүй гэдэг шиг бид төгрөг дээр төгрөг зурж болохгүй байгаа учраас бас л чардайхаас өөр аргагүй. Бодит байдал, хүндрэлийг бол сайн ойлгож байгаа. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр очиход ачаалал маш их, шүүгчид гартаа 70,80 хэрэгтэй байна.

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн:

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тавьсан тайланг сонслоо. Энэ олсон амжилт, үүнд хүрэхийн тулд та бүхний гаргасан хичээл зүтгэлийг бид өндрөөр үнэлж байгаа. Ялангуяа шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг энд онцлох ёстой. Би өөр асуудлыг хөндөж асууя. Шүүх байгуулах тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулаад шүүхийн бүтэц, зохион байгуулалтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл ямар байр суурьтай байна вэ? 2013 онд Шүүхийн тухай хууль батлагдсантай холбогдуулаад нэр бүхий шүүгчдийг өөрсдийнх нь саналыг харгалзахгүйгээр өөр шүүхэд томилсон, зарим шүүгчдийг томилоогүй асуудал давтагдахвий гэсэн болгоомжлол байна. Эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүсийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан чиг үүргийн хүрээнд яаж анхаарч, ямар үр дүнд хүрэв? Хоёрт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн хараат бус байдал, шүүгчдийн цалинтай холбогдуулаад 2 ч удаа тайлан судалгаа гаргасан. Сүүлд "Нээлттэй нийгэм” форум энэ талаар судалгаа хийснийг үзэж танилцаад ямар дүгнэлтэнд хүрч байна вэ гэхээр өнөөгийн УИХ-ын тогтоол бол шүүгчийн цалингийн асуудлыг шийдвэрлэсэн ч гэсэн цаашид улам баталгаажуулах шаардлага байна. Улсын төсвийн тодорхой хувиар шүүхийн төсвийг тогтоож өгдөг бусад орны жишиг рүү бид орох ёстой. Энэ чиглэл рүүгээ анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэсэн санал байна. Гуравдугаарт, шүүхийн төсөвт шүүн таслах ажиллагааны зардлыг тусгаж байгаа юу. Маш олон шүүх хуралдаан хойшилдогийн шалтгаан нь алслагдмал аймаг, орон нутгаас өмгөөлөгч нар зардалгүйн улмаас ирж чадахгүй байна. Гэтэл эрүүгийн хэрэг маргаан дээр заавал өмгөөөлөгч оролцох шаардлагатай. Процессын хуульд шүүхээс зардлыг нь гаргаж шийдвэрлэж байх ёстой. Үүнийг тодруулж өгөөч. Дөрөвдүгээрт, шүүхийн захиргааны ажилтнуудын асуудал дээр цаашдаа яаж анхаарах вэ? Зарим улс оронд бол шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдаа бэлтгэх гэж сургалтын төв байгуулдаг. Хуульчаар ажилласан жил, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэнд тооцогдохгүй гэснээс болоод чадварлаг шүүхийн захиргааны ажилтнууд маань шүүхээс гарч байгаад бид санаа зовж байна. Шүүхийн захиргааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас харж байхад шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах чинь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарахаар үндэслэл бий. Энэ эрхийг хүлээн зөвшөөрөх юм бол шүүхийн мэргэшсэн албан хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдэхээр байна. Тэдний цалин хангамжид ч анхаарах хэрэгтэй талаар та тайлбар хэлэхгүй юу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж:

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу МУ-ын Засгийн газартай зөвшилцөхөөр өнгөрсөн долоо хоногт явуулсан. Энэ төсөлд Улсын дээд шүүхийн оролцоо маш өндөр байсан. Бүхэл бүтэн төслийг боловсруулж Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн байсан. Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөл, танай төлөөлөл оролцоод тал талаасаа дундын хувилбар гаргахдаа 2 зарчим барьсан. Нэгдүгээрт, мөнгөгүй учраас хэрэгжихгүй хууль хийж болохгүй тул мөнгө, орон тоо нэмэхгүй. Хоёрдугаарт, дагнасан шүүхээс ухрахгүй гэсэн зарчмыг баримталсан. Одоогийн бидний явуулаад байгаа төсөл бол аймгуудад давж заалдах шатны шүүхүүдийг танхимтайгаар байгуулья. Жишээ нь, Өвөрхангай аймагт нэг ерөнхий шүүгч, нэг эрүүгийн шүүгч, нэг иргэний шүүгч байна. Ерөнхий шүүгч танхим харгалзахгүй эрүү, иргэндээ ороод нэг хүн дутахаар нөгөө аймгаас бүрэлдэхүүн авах төсөл хийсэн. Үүнтэй холбогдуулаад процессын хуулиудад өөрчлөлт оруулах саналыг хамт өргөн мэдүүлж байгаа. Анхан шатны болон нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр Цэцэд асуудал байхгүй. Дүүргүүдийн шүүхийг тус тусад нь салгая гэж байгаа. Харин нэг онцлог бол Дархан-Уул, Орхон зэрэг хэрэг маргаан их гардаг том шүүхүүд дээр бүрэлдэхүүн нь байж байгаа нөхцөлд бид тэнд дагнасан шүүхийг нь тус, тусад нь байлгахаар төсөл явууллаа. Зарлиг гараагүй 12 шүүгчийн асуудлыг та бүхэн өөрсдөө сайн мэдэж байгаа. Биднийг дахин өргөн мэдүүл гэдэг хүсэлтийг хичнээн ч удаа тавьсан. Дандаа шүүгч, хуульч байсан улс яагаад олон дахин асуудал тавиад байдаг юм бол гэж гайхдаг ч авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэдгийн зовлон байх даа гэж ойлгодог. Хэзээ дахин өргөн мэдүүлэх вэ гэдгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан байгаа. Шүүхээс тэдгээр хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдсөн байна гэсэн шийдвэр гарсан бол бид өргөн мэдүүлэх үүрэгтэй. Эдгээр 1 хүний асуудал дээр 3 шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Шийдвэр юу гэж гарсан гэхээр энэ 12 хүнийг чөлөөлөх, томилох зарлиг гараагүй нь хууль зөрчсөн, тэдгээрийн эрх ашиг хөндөгдсөн асуудал байхгүй байна гэж хамгийн эцэст нь Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын шийдвэр гарсан байгаа.Тиймээс 12 хүний асуудлыг дахин өргөн мэдүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй болчихоод байгаа юм. Санал харгалзахгүй томилсон гээд байгаа тухайд шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөхөд шүүх нь байхгүй болчихож байгаа юм. Тэгэхээр шүүгч өөр аймаг руу явна. Үүн дээр санал харгалзвал байгаа газарт нь шүүх нь байхгүй болчихоор шүүхээс гарах болчихно.Шүүхээ дагаад явахаас өөр аргагүйг хуулиар зохицуулсан. Шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдсөн нөхцөлд шүүгчийг шилжих, сэлгүүлэхэд авдаг санал харгалзах тухай асуудал үйлчлэхгүй гэсэн утга санаа бүхий заалт хуульд бийг та бүхэн сайн мэдэж байгаа. Шүүгчийн цалинг баталгаажуулах тухайд Б.Батцэрэн шүүгч ээ, би цалинг баталгаатай гэж боддог. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-ийг би дахиад хэлье. "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байх, амьдралд нь хүрэлцээтэй баталгаатай байна” гээд үсгээр тогтоочихсон. Харин сая Азийн хөгжлийн банк, "Транс перенси интернэйшнл” зэрэг Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага авилгыг тодорхойлох судалгаа хийгээд Монголын төрийн байгууллагуудад санал дүгнэлт ирүүлсний дотор шүүхтэй холбоотой 3 асуудал ирсэн. Түүнд Монгол улс шүүгчдийнхээ цалинг хуулиар тогтоолоо гэсэн байсан. Хуулиараа тогтоосон байгаагаа УИХ хүлээн зөвшөөрөхгүй тогтоол гаргасан. Тэр маргааныг би Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хийгээгүй. Хийх нь Монголын шүүхэд ашиггүй байсан. Нэгэнт одоо бууруулахгүй нөхцөл үүсчихээд байхад би буулт хийсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүд, бүх шатны шүүгчдийн цалин урамшууллыг тус тус хуулиар зохицуулна гэсэн заалттай. Үүн дээр Дээд шүүх тайлбар хийгээд гаргачихвал бүр сайн. Шүүн таслах үйл ажиллагааны зардлыг бид төлөвлөдөг. Төлөвлөгдсөн болгон батлагдахгүйн зовлон бас байна. Капла нарын хэрэгтэй холбогдуулаад төлөвлөгдөөгүй орчуулгын зардал палхийтэл гараад ирсэн. Тэр хэдэн зуун хуудас материалыг орчуулна гэдэг ямар өндөр хөлстэй билээ. Цаашдаа шүүн таслах ажиллагааны зардлыг мэдээж анхаарсаар байх болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг цаашид яаж харж хандах вэ гэдэг чухал асуудал. Одоогийн байдлаар Монгол улсын шүүхийн захиргаа хувийн хуулийн сургууль төгсөгчдийг ажлаар хангадаг тогтолцоо болсон. Тэр нь тогтвортой биш, жаахан юм сурч аваад гарчихдаг. Бид цаашдаа шүүхийн захиргааг тогтвортой мэргэшсэн болгох чиг хандлага руу явж байгаа. Манай дээр хэрэгжүүлж байгаа Германы олон улсын хамтын ажиллагааны төслийн гол зорилго ч тийм байгаа. Энэ зунаас МУИС-ийн Хууль Зүйн Сургуультай хамтраад шүүхийн захиргааны ажилтны сертификат олгох сургалт явуулна. Энэ нь цаашдаа хөгжөөд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэдэг колллеж болох болов уу гэж бодож байгаа. Цаашдаа захиргааны ажилтнуудаа яаж анхаарах вэ гэдэг асуудал миний толгойд бол бий. Шүүгчийн туслах хүн шүүх эрх мэдэлд сайн болон саараар ч нөлөөлөх бололцоотой, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр оролцоотой хүн.Тэдний хөдөлмөрийг яам, агентлагын ширээ тэвэрсэн төрийн захиргааны ажилтантай харьцуулшгүй. Яваандаа төрийн албаны тогтолцооноос шүүхийн захиргааны ажилтныг гаргах ёстой. Ингэж байж тэдний цалин, хангамжийг тусад нь тогтоох боломж бүрдэнэ. Бидэнд концепци нь байна. Түүнийг ойлгож хүлээж авдаг улс төрийн таатай уур амьсгал одоохондоо алга. Үүнд манай Дээд шүүх дэмжлэг үзүүлвэл сайн байна.

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд Р.Дворкины "Хуулийн эзэнт гүрэн”, Ж.Роульсийн "Улс төрийн либерализм” номуудыг бэлэглэж, амжилт хүссэнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг илтгэсэн албан томилолтоо өндөрлөлөө.

Ш.ОТГОНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж