Мексикийн Конгрессын доод танхим каннабисыг зугаа цэнгээн, эмчилгээ, шинжлэх ухааны зорилгоор хэрэглэхийг зөвшөөрөх хуулийн төслийг өчигдөр (2021.03.10) хэлэлцэн дэмжжээ. Дэлхийн томоохон эдийн засагтай төдийгүй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт өндөр энэ улс каннабисыг нээлттэй болгох нь маш чухал алхам гэж үзэж байна.
Тус улсын Конгрессын гишүүдийн 316 нь дээрх хуулийн төслийг дэмжиж, 127 нь эсэргүүцжээ. Одоо Мексикийн Конгрессын дээд танхим үүнийг хэлэлцэн батлах ёстой юм байна. Хэрэв дээрх хууль батлагдвал каннабисыг тариалах, тээвэрлэх, борлуулах, судалгаанд ашиглах, экспортлох, импортлохтой холбоотой нийт таван лиценз бий болж, 18-аас дээш насны тусгай зөвшөөрөлтэй иргэд каннабис хэрэглэх боломжтой болох юм.
Энэхүү хуулийг тус улсын Ерөнхийлөгч Лопез Обрадорын эрх баригч “Морена” нам санаачилсан бөгөөд тус нам нь Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлдэг учир энэ хууль батлагдах нь тодорхой болжээ. Уругвай улс 2013 онд каннабисын хэрэглээг хуульчилсан дэлхийн анхны улс болж байсан бол хөрш зэргэлдээ Аргентин, Чили, Колумби, Перу улсуудад каннабисыг эмчилгээнд хэрэглэхийг мөн зөвшөөрдөг. Үүний дараа 2018 онд Канад улс каннабисын хэрэглээг хуульчилсан бол АНУ-ын хэд хэдэн муж зарим хэрэглээг нь хуулиар зөвшөөрдөг билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ