Хүүхдээ тэжээх үүргээс зугтаавал яах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Хүүхдээ тэжээх үүргээс зугтаавал яах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 санал гарчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүдийн дунд хүүхдээ сургахын тулд алгадаад авбал зодсон болох уу гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Уламжлал, ёс заншлаасаа юуг нь хуульд тусгах юм гэдгийг нарийн салгаж зааглаж өгөх ёстой. Хүүхэд зодох, тэтгэврийн хөгшнийг зодох ялгаагүй хүн зодож байгаа хэлбэр.  

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хүүхдээ алгадахыг уламжлал гэж бодож байгаа нь буруу. Монгол уламжлал бий, хэл соёлоор, үнэт сургаалаар хүмүүжүүлж ирсэн. Хэлээрээ үг хэлээ ололцдог болохыг хуулиар шахах ёстой.

Б.Бат-Эрдэнэ: Дорнын ухаан энэ бүхнийг хуульд тусгах ёстой. Гудамжинд гэр бүлээ зодохоор гэмт хэрэг гэж үздэг, гэртээ зодохоор гэмт хэрэг биш гэж үздэг. Энэ бүхэн нэг зарчмаар шийдэгдэх ёстой.  

Д.Оюунхорол: Үр хүүхдээ тэжээх үүргээс зугтааж байгаа хариуцлагыг яаж нэхэх вэ. Хамтран амьдарч байсан үедээ үр хүүхэдтэй болсон байтлаа тэтгэмж төлөхөөс татгалзаж байгаа бол яах вэ. Одоогийн хуулиар хүүхдээ тэжээх үүргээс татгалзсан аав ямар ч хариуцлага хүлээдэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хүрээ хязгаар дутаж байна?  

Ажлын хэсгийн гишүүн Л.Эрдэнэчимэг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хэрэгждэггүй шийдвэрийн дийлэнх хэсгийг энэ асуудал эзэлдэг. Үүнийг Гэр бүлийн тухай хуулиар илүү нарийн зааж өгсөн.

Д.Оюунхорол: Эмэгтэй хохирогч болсноос ажлаа хийх боломжгүй болбол цалин, хөлс,  тэтгэвэр тэтгэмжийг хохироосон хүнээсээ авах гэхэд өгөхгүй байвал яах вэ. Ямар арга замаар өгүүлэх вэ?.

Ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин: Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үүссэн бие махбодын хохирол, эд хөрөнгийн зардалтай холбоотой гомдлыг Иргэний хуулиар шийддэг байсан. Одоо харин Эрүүгийн процессын хуулийг дагаж энэ хэрэг нь гэмт хэрэгт тооцогдон шүүхийн шийдвэр гарах учраас албадлагын хэлбэрээр хохирлыг бүрэн төлүүлэх боломжтой болно. Хохирол барагдуулах сангийн тухай хуулийг байнгын хороогоор хэлэлцэхээр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос холбогдох асуудлаа татаж авч байна. Хохирол барагдуулах сан нь өөрөө юунаас бүрдэх вэ гэдгийг нарийн зааж өгнө. Хуулийн байгууллага хохирлыг нь барагдуулчихаад хохироосон хүнээс нь хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хийгдэнэ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж