"Ирэх сараас танхимын сургалтыг эхлүүлэхээр тооцоолж байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

"Ирэх сараас танхимын сургалтыг эхлүүлэхээр тооцоолж байна"

"Сурагчид хоёр хуваагдах, амны хаалт зүүхгүй хичээллэх боломжтой"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын сургалтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүний дагуу нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг хийжээ. Энэ үнэлгээний талаар тус газрын Орлогч дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.


Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын үнэлгээг гаргажээ. Бэлтгэл ажлыг хэдэн хувьтай хангаж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 5-ны байдлаар цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажил 83 хувьтай байна. Одоогоор ерөнхий боловсролын сургуулиудын нэгдсэн үнэлгээ гараагүй байна. Засгийн газраас эцсийн байдлаар танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаагүй ч  дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын сургалт эхэлнэ гэж урьдчилсан байдлаар ярьж байгаа.

Танхимаар хичээллэх бэлтгэл ажлын хүрээнд хичээл сургалт, ариутгал халдваргүйжүүлэлт гэх хоёр чиглэлийн 20 асуумжаар дотоодын үнэлгээг хийлээ. Үүнд, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн үү, хичээлийн агуулгын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө байна уу, багш нарыг вакцинд хэрхэн хамруулах вэ зэргээр асуумж авсан. Хэрвээ хичээл эхлэх шийдвэр гарвал мэргэжлийн байгууллагуудаас дахин үнэлгээ хийхийг үгүйсгэхгүй.

-Шинжилгээний цэгээр ашиглаж буй сургууль, цэцэрлэгүүдийг хэзээ бүрэн чөлөөлж, ариутгах вэ?

-Одоогийн байдлаар 14 ерөнхий боловсролын сургууль дээр PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Манай байгууллагаас нийслэлийн Онцгой комисс, нйислэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу удаа дараа албан бичиг явуулсан. Танхимын сургалт эхлэхтэй холбоотойгоор шинжилгээний цэгийг нүүлгэн шилжүүлж, мэргэжлийн байгууллагаар эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэж өгөхийг хүссэн. Улсын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг эхлүүлэх тушаал гарвал долоо юм уу, 14 хоногийн өмнө шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Өнөөдрөөс эхлэн зарим  нэг сургуулиуд дээр дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.

-Боловсролын салбарын багш, ажилчдыг өнөөдрөөс вакцинд хамруулж байна. Дархлаажуулалтад хэчнээн багш хамрагдах бол?

-Боловсролын салбарын багш ажилчдыг гуравдугаар сарын 11-13-н хүртэл вакцинд үе шаттайгаар хамруулна.  Дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газартай хамтран дүүрэг дүүргээр нь вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Өчигдрийн байдлаар Баянгол дүүргийн “Эрдмийн-Ундраа” сургуулийн байранд багш нарыг вакцинд хамруулах ажлыг эхлүүлсэн. Өдөрт дунджаар 1000 багшийг вакцинд хамруулахаар тооцоолж буй. Нийслэлийн хэмжээнд 684 цэцэрлэгийн 13790 багш ажилтан, 275 сургуулийн 20943 багш ажилтан ажилладаг.

Нийтдээ вакцинд 34 мянган багш, ажилтан хамрагдана. Бид танхимын сургалт эхлэхээс 25 хоногийн өмнө үнэлгээг хийж, танхимын сургалтын бэлэн байдлыг бүрэн хангах зорилготой байна.

-Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгалын бодисын нөөц хэр байна вэ?

-Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яам болон ЖАЙКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хандивласан ариутгалын бодис, төхөөрөмжийг нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тараах ажлыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан. Хандивын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг бүрд автомаск төхөөрөмж, таван литрээр савлагаатай ариутгалын спирт 28-33 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна тухайн сургуулиудын ариутгалын бодисын нөөцийн судалгааг авч байгаа. Ер нь сургууль, цэцэрлэгийн ариутгалын бодисын нөөц харьцангуй сайн байгаа.

Энэ судалгаанаас харахад танхимын сургалт эхлэх хугацаа тодорхой бус байгаа учраас хичээлийн хуваарийн төлөвлөгөөгөө хийх дутуу байна. Мөн вакцин хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал хийгдээгүй байгаа. Танхимын сургалт эхлэхэд бэлтгэлийг бүрэн хангах боломжтой.

үх сургуулийн анги, бүлэг болгон хоёр хуваагдаж хичээллэх нөхцөл байдал үүсэх тухай албаныхан мэдээлсэн. Цэцэрлэгүүд хэрхэн хичээллэх бол?

-Цэцэрлэгийн хувьд ч адилхан зохицуулалтыг хийнэ. Жишээлбэл, 40 хүүхэдтэй анги хоёр хуваагдаж орно. Ингэхдээ теле хичээл, танхимын сургалт хосолно. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ танхимын сургалтад явуулахгүй гэрээр хичээл үзэж, судалж болно. Боловсрол, шинжлэх ухааны сайдын цар тахлын голомттой үед хичээл сургуулийг эхлүүлэхэд баримтлах А/58 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хүрээнд хэрэгжүүлнэ. Хүүхдүүд сургуульдаа ирэхдээ амны хаалтыг тогтмол зүүнэ. Харин анги дотроо амны хаал зүүхгүй. Хүүхэд гэрээсээ сургууль хүрэх замдаа гадуур алхаж, нийтийн тээврээр зорчдог. Анги танхимд 4-5 цаг, цэцэрлэгийн хүүхэд 6 цаг амны хаалт зүүх нь зохимжтой биш. Эргээд халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлтэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж