Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Элчин сайдуудыг гацаагч Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татах саналыг дахин гаргалаа. Ингэснээр тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаандаа Элчин сайдыг  эгүүлэн татах саналыг дөрөв дахь удаагаа гаргаж байгаа нь. Хамгийн анх Ерөнхийлөгч болсныхоо дараах нь буюу 2017 оны долдугаар сард Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах санал гаргаж байв. Гэхдээ дээрх саналыг нь УИХ-аар хэлэлцээгүй бөгөөд С.Баяр тухайн үед чөлөөлөгдөх өргөдлөө ГХЯ-нд гаргасан байв. Тиймээс тус оны арванхоёрдугаар сард түүний хүсэлтийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин 2018 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.

Үүнээс хойш  2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд  Ерөнхийлөгч дахин санал гаргаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг  эгүүлэн татах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг саналдаа “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Энэ дагуу УИХ-ын холбогдох байнгын хороо, УИХ-аар хэлэлцээд Б.Дэлгэрмааг  эгүүлэн татсан.

Тэгвэл сүүлд Ерөнхийлөгч АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Уг саналдаа “2018.03.23-нд Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна” гэжээ.

Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх эсэхийг ирэх Даваа гаригт эхлэх хаврын чуулганаар шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106.1-т “Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалт бий.

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаандаа дөрвөн ч Элчин сайдыг эгүүлэн татах санал гаргаж, мөн хэд хэдэн Элчин сайдыг томилохгүй гацааж ирсэн. Товчхондоо, Гадаад харилцааны гацаа нь Ерөнхийлөгч болж хувирав.

Монгол Улсаа төлөөлж гадаадын оронд суух Элчин сайд нарын томилгоо дор хаяж нэг жил дамжиж шийдэгддэг гэж хэлж болно. Улс төрийн болон бусад олон шалтгаанаас хамаарч Монгол Улс Элчин сайд нараа томилж чадахгүй парламент дамжиж буй. Элчин сайдын томилгоо үндсэндээ гурван субъектийг дамжиж байж шийдвэрлэгддэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ -ын таалалд нийцэж байж, Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын томилгоонд тун хойрго, улстөржиж ирсэн. 2018 онд Засгийн газраас Тайландын Вант улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц нарыг УИХ-аас батлаад байсан ч Ерөнхийлөгч эдгээр Элчин сайдыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэнээр тэднийг буцаан татсан.  Мөн Засгийн газраас өнгөрсөн жил зарим Элчин сайдын нэрийг өргөн барьсан ч Ерөнхийлөгч дээр очоод гацчихсан.

Манай улсаас 32 улсад  Элчин сайдын яам, 14-т нь Ерөнхий консулын газар ажилладаг.  Үүнээс өнгөрсөн онд хугацаа нь дуусч, хэтэрсэн долоон орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа бөгөөд нийтдээ 20 гаруй  Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулах ёстой.

Түүнчлэн энэ 2021 онд 10 гаруй Элчин сайдын хугацаа нь дуусгавар болох аж. 2017 онд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа гурван жил байсныг дөрвөн жил болгон өөрчилсөн. Ингэснээр 2017 оноос хойш томилогдсон Элчин сайд нарын хугацаа 2021 онд дуусгавар болно гэсэн үг.

Гадаад харилцааны сайдын хувьд Элчин сайдаар хэн хэнийг явуулах уу гэдгээ Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан.

2019 оны нэгдүгээр сард 11 орны Элчин сайдын нэрийг Засгийн газраас дэмжиж, Ерөнхийлөгчид танилцуулсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн гэх хоёр хүнийг нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэмжээгүй учир Ерөнхийлөгч Засгийн газраас оруулсан Элчин сайд нарыг томилохгүй байхаар өнөөг хүрсэн. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санал болгосон Энэтхэг Улсад суух Элчин сайд Ч.Бүрэнбаярыг хэтэрхий өндөр настай гэж, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Өнөрзаяаг туршлагагүй хэмээн шалтаглан дэмжээгүй. Үүнээс үүдэн ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөх саналаа буцаан татсанаар Элчин сайдуудын томилгоо хоёр жил гацаж байна.

Дээрх 11 Элчин сайдаас гадна нэмж 10 Элчин сайдын нэрийг хүлээгдэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон ГХ-ны сайд Б.Батцэцэгийг ажлаа хүлээж авах үеэр  түүнд "10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй” гэдгийг захисан.

ЗАСГИЙН ГАЗРААС НЭР ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЛГҮЙ ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭЛЧИН САЙД НАРЫН ЖАГСААЛТ:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг/Ерөнхийлөгч дэмжээгүй/
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
  4. Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
  7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг/МАН-ын бүлэг дэмжээгүй/,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг /МАН-ын бүлэг дэмжээгүй/
  9. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг,
  10. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газраас дэмжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж