Хүмүүнлэгийн үйлстэн, бизнес эрхлэгч, уран зураг цуглуулагч, панк рок тэрбумтан Юсакү Маэзава япон хүний цусанд байдаг хөдөлмөрч, уйгагүй чанарынхаа ачаар өнөөдрийн амжилтанд хүрчээ. Тэрбээр цөөн хэдхэн сайхан санаануудаараа хөрөнгө босгож хөл дээрээ бат зогссон нэгэн аж. Гэхдээ одоо ч түүний амжилт, бүтээл, ажил, санаж бодсон зүйлс дуусаагүй байгаа гэнэ. Бид энэ удаагийн ХҮМҮҮС буландаа сар луу хамт аялах аялагчдынхаа бүх зардлыг даана хэмээн дэлхий нийтэд зарласан тэрбумтан Юсакү Маэзаваг онцолж байна.
Өдгөө Маэзавагийн ойрын ирээдүйн зорилго бол бүтээлч сэтгэлгээтэй найман танихгүй хүн цуглуулж, бүх зардлыг нь өөрөө даан 2023 онд Space X компанийн бүтээсэн хөлгөөр хамтдаа сансарт нисч, сарыг тойроод ирэх аялал аж. Тэрбээр уг төлөвлөгөөгөө “Эрхэм хүндэт сарнаа” хэмээн нэрлэж байгаа бөгөөд төлөвлөгөөнийхөө тухай нарийн ширийнийг болон хамтдаа нисэх хүмүүс хайж байгаа тухайгаа энэ долоо хоногт дүрс бичлэг болгон цахим орчинд нийтэлсэн байна.
45 настай тэрбээр “Саранд хүртэл гурван өдөр ниснэ. Дараа нь сарыг тойроод мөн л гурван өдөр нисч дэлхийд эргэн ирнэ. Аялалын бүх зардлыг би хувиасаа төлнө. Тэртэй тэргүй хөлгийн бүх суудлыг би худалдаад авчихсан тул тэр нислэг зөвхөн бидний хувийн аялал болох юм. Миний хувьд эх дэлхийгээ, том цэнхэр гаригаа өөрийн нүдээр гаднаас нь харахыг хамгийн ихээр тэсэн ядан хүлээж байна. Харин түүний дараа сарны цаана очоод бид “дэлхий мандахыг” үзнэ гэхээс үнэхээр догдолж байна. Би үзэж байгаагүй зүйлээ үзэж, очиж байгаагүй газартаа очиж сэтгэл ханамж авах маш их дуртай. Харин түүний дараа би дэлхий хэчнээн гайхалтай болохыг өөртөө үргэлж сануулан амьдрах болно. Би өөрийн гэр орон болсон энэ гарагтаа талархлаа илэрхийлэхийг маш ихээр мөрөөдөж байна. Эцэст нь би өөрийнхөө хэчнээн жижиг, эгэл амьтан болохыг тэгж мэдэрмээр байна” хэмээн ярьжээ.
Маэзава өнгөрсөн жил сар луу хамт нисэх насан туршийн ханиа хайж байгаагаа нээлттэй зарласан билээ. Түүний тавьсан гол шаардлага нь 20-оос дээш насны эерэг хандлагатэй эмэгтэй байсан юм. Түүнээс хойш 28 мянга гаруй хүн түүнд хүсэлт илгээсэн ч Маэзава дээрх санаагаа түр хойш тавьсан гэнэ.
Тэрбумтан Маэзавагийн өнөөг хүртэл амьдрал тийм ч дардан бус, амжилт, бүтэлгүйтэл хосолсон өөд, уруугаар дүүрэн байсан аж. Тэрбээр Токиогийн зүүн талын Чиба мужийн Камагаяа нутагт төрсөн гэнэ. Маэзава Васэда Жицүгё ахлах сургуулийг төгссөн цагаасаа эхлээд амжилтын амтанд дурлажээ. Хамгийн анх тэрбээр ахлах сургууль төгсмөгцөө тухайн үеийн инди, панк рок хамтлагуудаас үлгэр жишээ авч, өөрийн гэсэн рок хамтлагтай болжээ. Маэзава хамтлагтаа бөмбөр тоглодог байсан бөгөөд эхний бие даасан уран бүтээлээ 1993 онд гаргаж байжээ.
Удалгүй хичээлийн шинэ жил эхлэхэд Маэзава их сургуульд элсэхийн оронд найз охиноо даган АНУ-ыг зорьсон байна. 2014 онд сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэрбээр дээрх шийдвэрээ “Би өглөө бүр замд тааралдах цалинтай ажилтнуудын ядарсан царай харсаар залхсан учир бусад хүмүүсийнх шиг эв энгийн замналаар амьдрахыг хүсээгүй юм” хэмээн дурсчээ.
АНУ-д очмогцоо Маэзава Японд маш ховор, өндөр үнэтэй байдаг дуртай хамтлаг, дуучдынхаа цомгуудыг цуглуулах хоббитой болжээ. Удалгүй 1995 онд нутаг буцаад Маэзава цуглуулганаасаа санаа авч, гадаадаас алдартай уран бүтээлчдийн цомгийг захиалан авчирч зардаг хувийн бизнесээ эхлүүлэх санаа олсон байна. Улмаар Маэзава 1998 онд өөрийн анхны компани Start Today-ийг байгуулж, маш түргэн хугацаанд цахим худалдааны аргаар хөлжиж эхэлсэн аж. Гэвч бизнесийн шаардлагаар Маэзава хөгжмийн сонирхлоо 2001 оноос хойш тавьж эхэлжээ. Удалгүй тэрбээр 2004 онд Zozotown хэмээх хувцасны цахим худалдааны сайтаа нээсэн гэнэ. Түүнээс хойш найман жилийн дотор Zozotown Японы хөрөнгийн зах зээлд данстай компани болж чаджээ.
Харин 2019 онд Маэзава компанийхаа удирдах эрх буюу 50.1 хувийн хувьцааг Softbank-д 400 тэрбум иен буюу 3,7 тэрбум ам.доллараар заржээ. Тэрбээр мөн компанийхаа 30 хувийн хувьцааг Yahoo Japan-д зарсан гэнэ.
Ийнхүү мөнгөтэй, завтай болсон Маэзава зүрх сэтгэлээ орчин үеийн урлагт зориулахаар шийдсэн юм. тэрбээр шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжихээр 2012 онд Контемпрари урлагийн сан байгуулсан аж.
Тэр цагаас хойш Маэзава авьяаслаг зураачдын уран бүтээлүүдийг цуглуулсаар 2016 оны тавдугаар сард төрсөн нутагтаа хувийн музей нээжээ. Тэрбээр уран зурагт тун нүдтэй, харамгүй сэтгэлтэй нэгэн аж. Тухайлбал, Маэзава Жан-Мишель Баскиатын бүтээлийн дуудлага худалдаанд оролцон 57.2 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ нь тус зураачийн хувьд хамгийн өндөр үнээр зарсан бүтээл болсон байна. Маэзава мөн Кристлфер Вүүлийн бүтээлийг 13.9 сая ам.доллар, Жефф Күүний бүтээлийг 6.9 сая ам.доллар, Ричард Принсийн бүтээлийг 9.7 сая ам.доллараар худалдан авсан аж. Түүнчлэн 2017 онд болсон Сотебигийн дуудлага худалдаанд тэрбээр хувийн дээд амжилтаа эвдэж, Баскиатын өөр нэгэн нэргүй бүтээлийг 110.5 сая ам.доллараар өөрийн болгосон гэнэ.
Түүний дараахан Маэзава цахим хуудсандаа “Би энэ агуу бүтээлийг өөрийн болгож чадсандаа хязгааргүй баяртай байна. Би анх энэ бүтээлийг хармагцаа урлагт хичнээн хайртайгаа дахин ухаарч, хамаг сэтгэл минь догдолсон юм. Мөн би тэр мэдрэмжийг аль болох олон хүнд мэдрүүлэхийг хүсч байна” хэмээн бичиж байжээ.
Маэзава мөн сайн үйлсээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэрбээр Чибагийн бэйсболлын багийн стадионыг дахин барих ажилд хувиасаа 1 сая ам.доллар хандивлаж, 2012 онд өөрийн компанийн ажилчдыг гэр бүлүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж өөрсдийн хоббигоо хөгжүүлэг хэмээн ажлын цагийг зургаан цаг болгон богиносгосон байна.
Маэзавагийн хайр дурлалын амьдралын талаар мэдээлэл хомс байдаг ч нэгэн цагт тэрбээр жүжигчин, загвар өмсөгч Саэко Докютай нэр холбогдож байгаад салжээ. Мөн түүнийг хэд хэдэн хүүхдийн эцэг гэх эх сурвалжуудын мэдээллүүд байдаг аж.
Эх сурвалж: SCMP.COM