Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Залуусаа дэмжихэд нэг сая төгрөг тус болохгүй!

Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа бий. Статистик сөхвөл, өрх бүрт ажилгүй нэг хүн байгаа нь 87.3 хувийг эзэлжээ. Харамсалтай нь, хөдөлмөрийн насны залуус ажилгүйдлийн эгнээг тэлж, эцэг эх, эхнэр, нөхрөөрөө  тэжээлгэж амьдрах болсон нь  өнөөгийн нийгмийн “гашуун үнэн”.  Эрүүл саруул хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар сахиж байгаа нь ядуурлын гол шалтгаан нь гэхэд хилсдэхгүй. Харин залуусын дийлэнх нь  “ажил олдохгүй байна” гэх үгээр биеэ өмгөөлдөг нь нууц биш.

Судалгаагаар ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгааныг хэлдэг байна. Гэтэл улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр өнөөдөр  эзнээ хүлээж байхад ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичгээр амьдарч байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас онцлов.

Иймд халамжаас хөдөлмөрт шилжих томоохон зорилтыг салбарын яамнаас зорьж буй. Энэ хүрээнд  Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталсан  “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр ирэх сараас хэрэгжиж эхлэх юм. Уг хөтөлбөрийн онцлог нь  залуус мэргэжил эзэмших нэг сарын сургалтад хамрагдаад нэг сая төгрөгийн тэтгэлэг авна. Энэхүү мэдээлэл цацагдсан даруйдаа олны анхаарлыг татаж буй.

Хөтөлбөрийн дагуу ирэх сард 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах аж. Нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамрагдах хамгийн энгийн болзол нь ажилгүй байх. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, өөрийн сонирхлоо тодорхой болгох, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн байх зэрэг шалгуурыг давсан залуус сонгон шалгаруулалтад тэнцэх юм байна.

Харин дипломтой залуус энэхүү сургалтад хамрагдах уу гэх асуулт бий. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай улсын хувьд ажилчин анги дутагдалтай байна. Иймд залуус улс орныхоо бүтээн байгуулалтад оролцооч ээ гэх үүднээс залуусыг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй ажилгүй иргэд болон цомхотголд ороогүй ч ажлаас түр чөлөөлөгдсөн сул зогсолт хийсэн зэрэг 100 мянга давсан хүн ажилгүй байна. Нөгөө талаас бүртгэлтэй ажилгүй иргэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 26 мянга гаруй байна. Тэдний дунд их дээд сургуулиа төгссөн, дипломтой ажилгүй залуус маш их  байдаг.  Мэдээж Хөдөлмөрийн зах зээл дээр бүртгэлтэй идэвхтэй ажил хайж буй хүмүүсийг ажилгүй иргэдийн тоонд авч үздэггүй” гэлээ.

“Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 5000 залууг тэтгэлэгт сургалтад хамруулж, ажлын байранд зуучлахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан 5000 залууг сургалтад хамруулах юм. Товчхондоо төр нь иргэнээ ажлын байранд зуучлах, орлоготой болгохын тулд “мөнгөөр угжиж”  байгаа нь эдийн засаг хямарсан үед байгаа оноогүй шийдвэр гэдгийг хэлэх хүмүүс олон байна. Харин залуусыг идэвхтэй хөдөлмөр эрхлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд эрэлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч нарын шаардлагыг багасгах зэрэг бодлого баримтлах хэрэгтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БАЙГАА ОНООГҮЙ

Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН:

-Нэг сая төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамрагдаж болох ч дараа нь ажил эрхлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Сургалтад хамрагдчихаад ажилгүй байвал “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөрийн үр дүн гарахгүй. Нэг сая тэтгэмжийн сургаар залуус сургалтад суудаг, “үнэгүй” гэх хандлагаар ажил хийхгүй бол ажилгүйдэл буурахгүй. Энэ бол нүдээ олсон шийдвэр биш. Өнөөдөр их дээд сургуулиа төгссөн дипломтой маш олон залуус байна. Ажлын байран дээр гарахаар шантардаг, аль болох дарга болох хүсэлтэй залуус их байгаа. Эдийн засгаа эргэлтэд оруулах, залуусыг ажлын байраар дэмжихийн тулд мөнгөөр тэтгэх биш эрэлттэй ажлын байранд ажиллах хүмүүсийн нэрсийг бүртгэж, ажлын байраар нь хангах хэрэгтэй. Мэдээж ажил олгогч нар ч бас шалгуураа тодорхой хэмжээнд бууруулах нь зүйтэй. Ажилгүй мэргэжилтэй залуусыг  эрэлтийнх нь дагуу ажлын байраар нь дэмжиж, хангах хэрэгтэй.

МУИС-ийн доктор, профессор Л.ОЮУН:

-“Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” хөтөлбөр нь ажилгүй залуусыг  мэргэжил олгох сургалтад  хамруулж байгаа нь зөв. Гэхдээ мөнгөөр тэтгэх нь буруу шийдвэр юм. Залуусыг ажилтай болгохын тулд заавал нэг сая төгрөг өгөх хэрэггүй байсан болов уу. Бэлэн мөнгөнөөс илүү эдийн засагт хэрэгцээтэй, нийгэмд эрэлттэй мэргэжил эзэмшүүлбэл ажилд орох нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Сургалтад хамрагдсан, мэргэжил эзэмшсэн залуус ажилтай, орлоготой болох үгүй нь хувь хүнээс хамаарна. Залууст ажлын байраа өөрсдөө олох боломжийг нь үлдээх хэрэгтэй гэлээ.

Ажил олгогчдын зүгээс ажлын зар зарлаад байхад ирэх хүн алга. Зам, барилга бүтээн байгуулалтын ажлуудад монгол залуус ирэхгүй байна. Тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэх гомдол саналаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд учирлажээ. Харин залуусын хувьд дийлэнх нь  “ажил олдохгүй байна”, “мэргэжлийн дагуу хайсан ажил олддоггүй” гэх шалтгаантай.

Цар тахлын нөлөөгөөр ажлын байр хумигдсан ч үүнээс ч өмнө ажилгүйдэл өндөр байв. Тоон баримт дурдвал, Үндэсний статистикийн хорооны 2018 оны ажиллах хүчний тайлан судалгаагаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.8 хувьтай байжээ. Нийт 105.6 мянган ажилгүй иргэн бүртгүүлсний 57.7 мянга нь эрэгтэйчүүд бол 44.7 мянга нь эмэгтэйчүүд.  Ажилгүй иргэдийн хувьд 15-34 хүртэлх хөдөлмөрийн насны залуус. Тэдний дийлэнх нь ажлын байранд хөл тавьсан даруйд ажилгүйдлийн эгнээнд шилждэг гэх судалгааны дүн гарчээ. Тэгвэл 2019 онд ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 10 хувьд хүрч, мөн л ажилгүй иргэдийн дийлэнх нь 15-34 хүртэлх насны залуус эзэлж байв. Ажил иргэдийн дийлэнх нь бүртгэлтэй ажилгүй залуус байгаа юм. Тэдний 72.6 хувь нь мэргэжил эзэмшсэн бол 28.9 хувийг дунд болон түүнээс доош боловсролтой мэргэжилгүй хүмүүс эзэлж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж