Сурвалжлага: Иргэд, ААН дэглэмээ зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Сурвалжлага: Иргэд, ААН дэглэмээ зөрчиж байна

Сурвалжлага: Иргэд, ААН дэглэмээ зөрчиж байна

Цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан аж ахуй нэгжүүд, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа эргэн сэргээд удаагүй байна. Харамсалтай нь, эхнээсээ олон нийт цуглардаг, хөл хөдөлгөөн ихтэй аж ахуй нэгжүүдэд халдвар тархаж, өдөрт зуу, зуугаараа халдварын тохиолдлууд нэмэгдэж эхлэв. Угтаа бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа аварч үлдье гэвэл өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, үйлчлүүлэгч нартаа шаардлага тавих ёстой. Эс тэгвээс халдварын голомт болж, дахиад л удаан хугацаагаар хаалгаа барих аюултай. Иймээс бид аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлт хэр байгаатай танилцлаа.

Бидний эхний очсон газар бол "Тэнгис" кино театр. Хэзээний хөл хөдөлгөөн ихтэй байдаг тус кино театрыг гаднаас нь харахад л шинээр нээлтээ хийсэн киногүй, хуучин кинонуудын баннер өлгөөтэй, үйлчлүүлэгч багатай байгаа нь илт харагдаж байлаа. Үүдэнд нь ирэхэд үйлчилгээний ажилчид нь гадаах шатаа угааж байхтай бид таарсан юм. Дотогш орвол, угтах хэсэгт нь хамгаалагчид халуун үзэх төхөөрөмжид халуунаа үзүүлж, бүртгэлийн цэгийн QR кодоо уншуулахыг шаардаж байв.

Сэлүүхэн хүлээлгийн танхимд сууж буй цөөн үйлчлүүлэгч нар амны хаалттай, хоорондын зайгаа барьж, тэмдэг тавьсан суудлууд дээрээ дундаа зай үлдээн сууж байлаа. Доторх үйлчилгээний төвүүдийн зарим нь хаалттай, зарим нь хүнгүй, худалдагч, кассчид нь цагийг хий дэмий өнгөрүүлж буй нь нүднээ тусна. Үйчлүүлэгч бага болоод ч тэр үү цэвэр, цэмцгэр, халдвар хамгааллын дэглэм алдагдсан зүйл ажиглагдсангүй. Харин үүдний хажууд байрших бэлэн мөнгөний машин дээр иргэд зай барилгүй, бөөгнөрсөн байдалтай байлаа.

Үүний дараа бид нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй цэгүүдийн нэг болох "Алтжин Бөмбөгөр" худалдааны төвийг зорьсон юм. Автомашины зогсоол олдохгүй байгаагаас нь л харахад энэ газар "Тэнгис"-тэй харьцуулбал түм түжигнэж, бум бужигнаж байгаа нь илт байв. Худалдааны төвийн хажуугийн үүдээр ороход QR код бүртгэлийн цэг, үйлчлүүлэгчдийн халуун үзэх зэрэг ямар ч хяналт шалгалт байхгүй байлаа.

Тус төвийн хүнс ногоо, гэр ахуйн бараа байрладаг нэгдүгээр давхраар явахад иргэд бэлэн мөнгө гэхээсээ илүүтэйгээр төлбөрийн картыг зонхилон хэрэглэж байв. Харамсалтай нь, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, бээлий өмссөн худалдагч нэг ч алга. Гадуураа гялгар хаалт хийсэн хүнсний лангуунуудын зэргэлдээ үсчин, гоо сайхны газрууд ажиллаж байв. Үйлчлүүлэгч нар нь амны хаалтаа зүүж, үсчид нь амны хаалт, нэг удаагийн резинэн бээлий өмсч байсан нь сайшаалтай.

Ийнхүү бэлэн хувцас, гутал, олон үндэстний зоогийн газар байрлах хоёрдугаар давхарт гарлаа. Хоёр давхар руу гарахад л агааржуулалт муу байгаа нь шууд мэдрэгдэж, Хятад барааны нихүүн үнэр үнэртэв. Бүгчим хоёрдугаар давхарт иргэд ч, худалдагчид ч амны хаалтаа “халтуурдаж” зүүцгээж, худалдагч нар хоорондоо “Бид нар вакцин хэзээ хийлгэх юм бэ? Маргааш гэж үнэн үү?” гэх зэргээр тодорхой мэдээлэлгүй вакцины талаар яриа өрнүүлж байгаа нь сонсогдов.

Хүн багатай захын лангуунуудыг ажин явсаар “Олон үндэстний зоогийн газар” болон нийтийн бие засах газартай таарав. Хоёр газрын хаалга бие биенийхээ өөдөөс харжээ. Эхлээд нийтийн бие засах газар руу явж ороход төлбөрөө зөвхөн бэлэн мөнгөөр авч байлаа. Харин ариун цэврийн хувьд дөнгөж шалаа арчаад дуусч байгаатай таарав. Дараа нь нийтийн хоолны газар руу орлоо. Үүдэндээ халуун шалгах, бүртгэл хийх зориулалттай гар ариутгагч тавьсан ширээ зассан байсан боловч хүн алга. Үйлчлүүлэгч нар ч сандал дээрх зай барих зориулалттай хориглосон тэмдгийг үл тоон суудлаа эзэлж, амны хаалтгүй кассан дээр очиж, захиалгаа өгч байв. Харин доош буун гарах замд ганцхан төв хаалган дээрээ бүртгэлийн цэгийн QR код байршуулжээ. Гэвч тус газрын орж гарах таван хаалганы ердөө ганц дээр нь бүртгэлийн цаг байсан нь харамсалтай.

Эцэст нь "888" гэх караокегоор зочлов. Найман давхар барилгын дээд хоёр давхарт нь үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү караоке биднийг очиход үйлчлүүлэгч ихтэй байлаа. Үүдэн дээр хүн бүрийг бүртгэлийн цэг дээр QR кодоор уншуулахыг шаардаж, залуусыг насанд хүрсэн эсэхийг 1212.mn сайтыг ашиглаж шалгав. Учрыг тодруулбал, саяхан тус газар насанд хүрээгүй үйлчлүүлэгчид согтууруулах ундаа хэрэглэж, цагдаа нарт баригдсан гэнэ. Ийнхүү торгуулж, хаширсан тэд үйлчлүүлэгчийнхээ насыг шалгадаг болжээ. "888" караокены өрөө бүрт зориулалтын агааржуулагч байгаагүй нь халдвар тараах эрсдэлтэй байсан ч үйлчлүүлэгч бүрийн микрофонд шинээр микрофоны шүлсний хаалт тарааж байв.

Хүн ихтэй, халдвар тархах магадлалтай газруудад халдвар хамгааллын тал дээр алдаа дутагдал байсан учир хөл хорио тавигдсанаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар аж ахуй нэгжүүдэд хэрхэн хяналт тавьж буй талаар албаны хүнээс тодруулга авах гэсэн боловч “Ирэх Баасан гаригт ямар газруудад шалгалт, ямар зөрчил илрүүлсэн тухай тодорхой мэдээллийг өгнө. Саяхан бид өөрсдийн цахим хуудаснаа хяналт шалтгалтынхаа талаар мэдээлсэн” гэв. Тус газраас өнгөрөгч гуравдугаар сарын 9-ний өдөр аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлжээ. Энэхүү мэдэгдэлд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан 2021 оны гуравдугаар сарын 7-9-ний өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмын мөрдөлтийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтад 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Нийслэлд өнөөдөр халдвар тархаагүй дүүрэг, хороо байхгүй болсныг албан ёсоор Эрүүл мэндийн яам мэдээлж буй. Вакцинжуулалт эхэлсэн ч халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ихэнхдээ хүмүүс олноор бөөгнөрсөн, халдвар хамгааллын дэглэмээ сахиагүйгээс халдварын тархалт нэмэгдэж буйг албаныхан хэлж буй. Гэтэл бодит байдал дээр хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байгаа эсэх нь иймэрхүү дүр зурагтай.

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн онцгой комисс цаг минут амралгүй ажиллаж байгаа ч иргэдийн ухамсар, хүн хоорондын зай барихгүй, олноороо цуглаж баяр ёслол тэмдэглэх гээд covid-19-оос "айхгүй" байгаа нь харамсалтай. Нөгөө талдаа халдвар хамгааллын дэглэмээ сахиулахад хяналт тавих нь суларч, эсвэл ажлаа аргалж хийдэг монгол зангаараа дунд, доод шатандаа хариуцлагагүй байгааг ч манай дарга нар хэлэх болсон. Тиймээс төр, иргэн, аж ахуй нэгж хаа хаанаа халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хариуцлагатай байж цар тахлыг давах туулах ёстойг дахин сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж