"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

Хуучирсан мэдээ: 2021.03.11-нд нийтлэгдсэн

"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

"Дарханы замыг 4 эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ"

Дөрвөн ч сайдын нүүр үзээд байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11  км замын хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн. Тус чиглэлийн авто  замыг дөрвөн эгнээ барихаар зураг төсөл нь гарсан ч одоогоор хоёр эгнээ замыг нээсэн учир иргэд “Хоёр эгнээ нь хаачив?” хэмээн сураг ажиг тавьж буй. Тиймээс  Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг  хэзээ эхлүүлэх талаар Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбатаас тодрууллаа.


-Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хоногийн дундаж эрчим 5802 тээврийн хэрэгсэл, оргил ачааллын үе буюу баяр наадмын өдрүүдэд хоногт дунджаар 12389 тээврийн хэрэгсэл зорчдог гэх судалгаа бий. Тиймээс хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тус замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Тэгвэл  Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил хэзээнээс эхлэхээр байна вэ?

Азийн хөгжлийн банкны /АХБ/ 83 сая ам.долларын  санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг засварласан бол Дарханы замыг дөрвөн  эгнээ болгох ажлыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр барих юм. Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг. ЕСБХБ-аас 2020 оны аравдугаар сарын сүүлээр   тендер зарлахад Хятадын дөрөв, Монгол нэг  компани шалгарсан. Тус банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу 2020 онд гэрээгээ байгуулсан. Дарханы замыг дөрвөн эгнээ болгох эхний ээлжийн компаниуд өнгөрсөн нэгдүгээр сард  Монголд ирээд кемпээ байгуулсан. Ерөнхийдөө хүйтний улирлыг ашиглан барилгын бэлтгэл ажил болох материалаа бэлдэх, кэмпээ байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газруудыг нээх зэрэг хийх ажлуудаа амжуулсан.

Тиймдээ ч барилгын ажлыг  энэ сарын 15-аас  эхлүүлэхээр бэлтгэж ажлыг хангасан. Дээрх таван гүйцэтгэгч компаниуд бүгд талбай дээр гарсан.

-2019 оноос барилгын ажлыг эхлүүлэхдээ Дарханы замыг таван багц болгон хуваасан. Багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн нэгж хариуцаж байсан ч өнгөрсөн онд  хоёр компани гэрээгээ цуцалсан шүү дээ. Дээрх хоёр багц дээр ажиллах компаниуд шалгарсан уу?

-Зам засварын хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгч болох БНХАУ-ын Шинжааний компани гэрээгээ цуцлах хүсэлтийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан.  Хоёрдугаар багц Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп,  Дөрөвдүгээр багцыг Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг “Чайна стэйт Шинжиан констракшн инженеринг” групп хариуцаж байсан. Гэсэн ч Шинжаан хотод Covid-19 халдварын улмаас хөл хориог чангатгасантай холбоотойгоор Монголд ажиллах боломжгүй болсон гэх шалтгаанаар 2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр гэрээ цуцлах хүсэлт ирүүлсэн.

Дараагийн гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах хүртэлх хугацаанд тус хоёр багц хэсгүүдэд хамаарах авто замд дотоодын компаниуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. АХБ худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулалт хийсэн. Одоогийн байдлаар гэрээ дүгнэгдэж байна. Ерөнхийдөө  хоёр, дөрөвдүгээр  багцын ажил энэ сарын 15-нд Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажилтай зэрэг эхэлнэ.

-Тэгвэл үлдсэн гурван багцын  ажил жигдэрсэн гэж ойлгож болох нь ээ?

Тийм ээ. Ихэнх ажлаа өнгөрсөн жил амжуулсан. Нэгдүгээр багц болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам, гуравдугаар багц Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам, тавдугаар багц  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын хучилтын ажлыг хийх л үлдсэн. Цаг агаар дулаарахаар буюу  газар сайн гэссэний дараа барилгын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Тавдугаар сарын сүүлээр хучилтууд дуусч, зургадугаар сард бэхэлгээний ажил хийгдэнэ.Ерөнхийдөө  долдугаар сарын эхээр дээрх гурван  багц бүрэн ашиглалтад орно.

18-20 НАСНЫ ЗАЛУУС ДАРХАНЫ ЗАМД ХҮРЗ БАРИАД ШОРООТОЙ ЗУУРАЛДАНА ГЭДЭГ ЮУ Л БОЛ

Барилгын ажилд Хятад болон дотоодын хичнээн  инженер, техникийн ажилчид дайчлагдах вэ?

-Хятадын гүйцэтгэгч компаниуд бидэнд 600-800 хятад ажилчин авах хүсэлт гаргасан. Гэхдээ дотоодын гүйцэтгэгч компаниудыг монгол ажилчдаар хангах ёстой учраас АХБ, ЕСБХБ төсөл дээр ажиллах инженер, техникийн 174 хятад ажилчдыг оруулж ирэхээр Засгийн газартай ярилцаж байна. Ажиллах хүч болон техник хэрэгслийн 70-аас доошгүй хувийг дотоодоос бүрдүүлнэ.  Тэгэхээр дээрх 174 хятад ажилчид ороод ирэх юм бол үлдсэн ажилчид нь дотоодынх гэсэн үг. Барилгын ажилд аль болох монгол ажилчдаа дайчилна. Өнгөрсөн оны аравдугаар сард Дарханы замын ажилд оролцсон 70 хятад ажилчдыг  нутаг буцаагаагүй. Учир нь нэгэнт Хятад руу явчихвал эргэж ирэх боломжгүй байсан.

-Дарханы зам 2020 оны зургадугаар сарын 21-нд ашиглалтад орох байсан ч хойшилсоор 11 сартай золгосон. Зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсныг албаныхан Covid-19 халдвар, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэгтэй холбон тайлбарласан. Тэгвэл энэ жил ч мөн адил дээрх шиг зүйл давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?

Гуравдугаар сарын 15-нд орж ирэх ёстой байсан  105 хятад ажилчин наймдугаар сарын 27-нд орж  ирсэн. Тусгаарлалтаас гараад есдүгээр сарын 3-нд талбайд гарсан.

Хэрэв гурван сард ороод ирсэн бол  1,3,5 багцын ажил дуусчих байсан юм. Covid-19 халдварын нөхцөл байдлаас л шалтгаалахгүй бол төлөвлөгөө ёсоор Дарханы зам бүрэн  2022 оны арваннэгдүгээр  сард ашиглалтад орно.

2,4 багцийн ажил дөнгөж 8-9 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хэдэн хоолой тавьж, далангийн өргөтгөл хийснээс өөр зүйлгүй  учраас барилгын ажил энэ жилдээ дуусахгүй. Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Дарханы замыг хэсэгчлэн хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргасан. Хэрэв тушаал гарчих юм бол гуравдугаар сарын 15-аас ч өмнө ажлаа эхлүүлэх боломжтой.

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Үүний дүнд  залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн сая төгрөгийн тэтгэлэгтэй, сургалтыг ирэх сараас эхлүүлэхээр болсон. Энэ нь ажиллах боловсон хүчин дутагдалтай гэгддэг  танай салбарт тус, дэм болно гэж харж байна уу?

-Барилгын салбарт ажиллах хүчин бол үнэхээр дутмаг. Орон нутагт, нийслэлд ч тэр замын ажилд оролцох хүн олдох нь ховор.  Говь-Алтай аймагт зам засварын ажилд оролцох  хүн олдохгүй нийслэлээс хүн авч ажиллуулж байсан. Өнгөрсөн жил Дарханы замд ажиллах хүч олдохгүй мөн л  Говь-Алтай аймгаас хүмүүс ирж ажилласан.  Зарим залуус хоёр өдөр ажилчхаад “Хэцүү юм байна” гээд ажлаа хаяаад яваад өгдөг.  Замын ажлын 70-80 хувь нь механикжсан боловч гар ажиллагаагаар хийх зүйлс бас  бий. 18-20 насны залуус Дарханы замд хүрз бариад шороотой зууралдана гэдэг юу л бол.  Залуу хүмүүс хүйтэнд даарч халуунд халахаас л халширч, биеэ зовоолгүй өндөр цалин авах л сонирхолтой байх шиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж