Импортын тарифын зохицуулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Импортын тарифын зохицуулалт хийлээ

Импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд хийж, гадаадын ижил төрлийн импортын бараанаас дотоодын бараа бүтээгдэхүүнээ хамгаалах хоёр дахь алхмыг Аж үйлдвэрийн яам хийжээ. Тухайлбал, 20 хүртэлх хувийн татварыг төмс хүнсний ногоонд тогтоохоор болсон байна. Үүнээс гадна Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа хаалга хавтан модон эдлэл, уул уурхай аж үйлдвэрийн салбарт шууд хэрэглэгддэг хөдөлмөр хамгаалалын хувцас гутал, барилгын үйлдвэрийн салбар нэлээд цэгцэрч байгаа учраас бетон хийцийн бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн байна.

Импортын тарифын эхний зохицуулалтыг өнгөрсөн онд хийсэн нь үр дүнгээ өгсөн гэж Аж үйлдвэрийн яам үзэж байна. Өнгөрсөн оны долдугаар сард анх удаа дотоодын зарим барааны зах зээлийг хамгаалах чиглэлээр импортын тарифын зохицуулалтыг Засгийн газар хийсэн. Тодруулбал, УИХ-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын 74 дүгээр тогтоолыг баталж, уг тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон болно.

Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолоор мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг таван нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн дүнд:

  • цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн,

  • Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн,

  • Зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан үзүүлэлттэй байна.

Дээрх эерэг үзүүлэлт, дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлээс хамаарч гадаадын ижил төрлийн бараанд импортын зохицуулалтыг хийхийг мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчдээс ирүүлсэн.

ЭХ СУРВАЛЖ: АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж