Ким Ир Сений төрсөн өдрөөр пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Ким Ир Сений төрсөн өдрөөр пуужин хөөргөнө

 

Хойд Солонгосын их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Пхеньян хоёр ч пуужин хөөргөхөөр зэхэж байгааг “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын зүүн эргээс дунд зайн тусгалын хоёр баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Хойд Солонгосын хөөргөхөөр зэхэж буй “Мусудан” пуужин 3000 км газар тусах хүчин чадалтай юм.

 

Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай сансрын тойрог замд нэвтэрсэн болохыг Пхеньян мэдэгдсэн билээ. Гэвч НҮБ болон олон улс Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр алсын тусгалын баллистик пуужин туршсан хэмээн хардаж, хориг арга хэмжээ авсан юм.

 

Хойд Солонгосын баллистик пуужин АНУ-ын эх газарт хүрэхгүй боловч хөгжүүлэлтээр хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой гэж тагнуулын албаныхан үздэг байна. Пхеньян нь цөмийн хошуутай баллистик пуужингаараа АНУ-ыг газрын хөрснөөр арчина хэмээн удаа дараа сүрдүүлж ирсэн юм.

 

Хойд Солонгосын “мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сений мэндэлсний 104 жилийн ой Баасан гаригт /IV.15/  тохиох юм. Өмнө нь Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн өдрөөр Хойд Солонгос цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, залуу удирдагч Ким Чен Ун анх удаа ард түмэндээ хандаж үг хэлж байв. Ким Ир Сен 1994 онд зүрхний шигдээсээр таалал төгссөн юм. Хойд солонгосчууд их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг /IV.15/  “Нарны өдөр” хэмээн нэрийддэг байна. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж