Их Британийн алдартнуудын нэг, хөтлөгч Пирс Морган ITV телевизээсээ гарч, “Өглөөний мэнд, Британи улс минь” нэвтрүүлгээ дахин хөтлөхгүй болсон талаар “Россия 24” суваг мэдээлжээ. Энэ явдал түүний “Меган Марклын нэг ч үгэнд итгэхгүй байна” гэж мэдэгдсэний дараа болжээ. Хөтлөгч Пирс Морган Сассексийн гүнгийн ахайтныг "Алдартай болох хүсэлдээ автсан” хэмээн буруутгажээ. Түүний хэлсэн үгэнд хэдэн арван мянган хүн дургүйцлээ илэрхийлж, гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.
Их Британийн ханхүү Харригийн эхнэр, Сассексийн гүнгийн ахайтан Меган тун эвгүй хэл аманд өртсөн билээ. “Times” сэтгүүл Меган Марклыг ханхүүтэй гэрлэж, Кенсингтоны ордонд амьдарч байхдаа өөрийн хоёр туслахыг ажлаасаа халагдахад хүргэж, гурав дахь хүнд сэтгэлзүйн ихээхэн дарамт учруулж, ордны үйлчлэгч, албатуудтай ёс бусаар харилцаж байсан гэх баримт дэлгэсэн. Энэ тухай гомдол 2018 оны аравдугаар сард иржээ.
Хатагтай Меган түүнийг ийнхүү буруутгаж байгаад цочирдон балмагдаж, гайхаж буйгаа илэрхийлсэн билээ.
“Times” сэтгүүл Меган Марклын тухай дээрх мэдээ баримтыг нийтлэхдээ Сассексийн гүнгийн ахайтны дээрэнгүй, ёс бус харилцааны золиос болсон хүмүүсээс ирүүлсэн электрон шуудан, гомдол, мөн энэ шуугианд нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг ил тод болгосон юм. Энэхүү нийтлэл Меган болон Харри нар Америкийн телевизийн нэртэй хөтлөгч Опра Уинфрийн ярилцлагад орохоос өмнө гарчээ.
Меган Маркл 2018 оны тавдугаар сард ханхүү Харритай гэрлэж, улмаар Кенсингтоны ордонд жил гаруй амьдарсан билээ.
Эх сурвалж: FOCUS, ESQUIRE
Холбоотой мэдээ