Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Баасан гаригт эхэлсэн билээ. Энэхүү хурлаар Хятадын Коммунист намын гишүүд, удирдлагууд 14-р таван жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах юм. Чуулганы үеэр Хятадын дарга Ши Жиньпин Өвөр Монголын дунд сургуулиудад мандарин хэлийг түгээх, угсаатан хоорондын зөрчилдөөнийг зохицуулж, үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхийг тус бүсийн удирдлагуудад даалгасан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн Өвөр Монголын бүх залуус Коммунист намын бодлого болон түүний өвийн талаар бүрэн ойлголттой болсон байх ёстойг онцолсон байна. Түүний хэлснээр, намын албан тушаалтнууд Хятадын соёлын танин мэдэхүйн боловсролыг гүнзгийрүүлэх, ялангуяа залуучуудад намынхаа угсаатны бодлогын талаар цогц ойлголт өгөх, үндэстэн, түүх, шашин шүтлэгийн талаар зөв ойлголтыг бий болгох хүчин чармайлтаа нэгтгэх ёстой гэв.
Хятад улс угсаатны 56 бүлгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, заримд нь автономит эрхийг ямар нэг байдлаар олгож ирсэн. Гэвч өнгөрсөн оны сүүлээс эдгээр угсаатнуудыг хүн амын олонх болох хан үндэстэнтэй нэгтгэх бодлого баримталж байгаагаа ил тодоор харуулах болсон юм. Дунд сургуулиудад төвөд, уйгур хэлээр хичээл заадаг байсныг 2017 оноос эхлэн үндсэндээ халж, хятад хэлээр хичээл заах болсны дээр үүнийг эсэргүүцсэн идэвхтнүүдийг баривчлан хорьж, эсэргүүцлийг дарсаар байна. Харин Өвөр Монголын дунд сургуулиудад монгол хэлний хичээлийг халах мэдэгдлийг өнгөрсөн оноос хийж, иргэд ч үүнийг хүчтэй эсэргүүцсэн билээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ