Мьянмарт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргүүд төрийн эрхийг хүчээр булаан авснаас хойш ард иргэд эсэргүүцлээ илэрхийлэн тэмцсээр байна. Гэвч цэрэг, цагдаа нар сүүлийн үед жагсагчдын эсрэг харгис арга хэрэглэн байлдааны сумаар гал нээж байгаагаас болоод дор хаяж 50 хүн нас баржээ.
Ардчиллыг дэмжигч мьянмарчуудын тэмцэл хөдөлгөөн олон улсын анхаарлын төвд орж, үйл явдлын тухай мэдээлэл цахим орчинд хурдтай тарж байна. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр нийтэд цацагдсан нэгэн зураг хүмүүсийн анхаарлыг илүүтэй татлаа. Зураг дээр гэлэнмаа Анн Роза Ну Таун цагдаа нарын өмнө газарт өвдөглөн сууж, гараа алдалсан байх нь харагдана. Өдгөө 45 настай түүнийг харсан хоёр цагдаа мөн өвдөг сөхрөн алгаа хавсарсан байх аж. Түүнийг ойроос харсан гэрчүүдийн мэдээлж байгаагаар Анн Роза Ну Таун “Гэмгүй залуусыг буудаж байхын оронд намайг бууд” хэмээн гуйж байсан гэнэ.
Удалгүй түүний дахин нэг зураг цахим орчинд тарсан нь дахин олон хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн байна. Зураг дээр толгойдоо буудуулж нас барсан жагсагч залуугийн араас гэлэнмаа гашуудаж байгаа нь буужээ.
Энэ долоо хоногийн эхэнд буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үргэлжилсэн хувьсгалын эсрэг жагсаалд дор хаяж хоёр хүн суманд оногдож нас барсан байна.
Гэлэнмээ Анн “Би цагдаа нараас жагсагчдыг зодож буудахгүй байхыг маш их гуйсан. Гэвч цагдаа нар жагсаалыг тараах, тангараг өргөсөн үүргээ биелүүлэх ёстойгоо учирлан миний өмнө надтай адил сөгдсөн. Тэд ажлаа хийх ёстой гэдгээ надад ойлгуулж, холдохыг гуйсан. Түүний дараа цагдаа нар нулимс асгаруулагчаа хэрэглэж эхлэхэд би ухаан балартаж, амьсгал давчидсан. Арай гэж холдоод харахад нэг залуу газарт унасан. Түүн дээр гүйн очтол аль хэдийн амьсгал хураасан байлаа. Би амиа алдахаас айгаагүй. Би зүгээр л хүмүүст тус болохыг хүсч байна. Гэвч цагдаа нар хэтэрхий харгис аргаар тэмцэж байна” хэмээн ярьжээ.
Гэлэнмаа Анн өмнө нь хоёрдугаар сарын 28-нд иргэд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж 18 хүн нас барахад мөн цагдаа нарын өмнө сөгдөж байжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ