Нефть боловсруулах үйлдвэр барина

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Нефть боловсруулах үйлдвэр барина

Засгийн газрын өнөөдрийн “Сайдын цаг” уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцож, үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх чиглэлээр барьж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сард таван нэр төрлийн 10 гаруй бараа, бүтээгдэхүүний импортын болон Гаалийн татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргаж байсан бол саяхан 137 дугаар тогтоолоор 28 нэр төрлийн барааны татварын хувь хэмжээг өсгөх шийдвэр гаргажээ. Энэхүү татварыг 20 хүртэл хувиар тогтоосон байна. Үүнд модон эдлэл, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын хувцас, цемент зэрэг бүтээгдэхүүн хамаарч буй аж.

Импортын зарим нэр төрлийн барааны татварын хувь хэмжээг нэмснээр дараах эерэг үр дүнгүүд гарч эхэлжээ. Тухайлбал, цементийн импорт 46 хувиар буюу 86 тэрбум төгрөгөөр буурсан бол үхрийн махны импорт 40 хувиар буюу 85 сая төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Зөгийн балны импорт 16 хувиар буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, нийт дүнгээрээ 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан эерэг дүн мэдээ үзүүлж буй юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил хуваарийн дагуу ажил нь хийгдэж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятад, СРР-МАХ /Монгол-Хятадын хамтарсан/ консерциум орж ирсэн байна. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар дээрх үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч эцсийн байдлаар шалгарна. Дөрвөн ч консерциум сонгон шалгаруулалтад орж ирсэн нь дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр барих сонирхол үндэсний консерциумд байгаа нь ажиглагдлаа гэдгээ салбарын сайд хэллээ.

Тус үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотойгоор Дорнодын Тамсагбулагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл 540 км-т нефть дамжуулах хоолой барих ажил мөн эхэлнэ. Энэ ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөжээ.

Зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулахтай холбогдож Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байгаа бол ган хайлах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг хийх компани шалгарчээ. Мөн Байгаль  орчин нийгмийн нөлөөллийг хийх зөвлөх компанийн сонгон шалгаруулалт хийж дууссан байна. Төмөртэй- Хандгайтын шинэ төмөр зам барих ажлыг дуусгаснаар ган хайлах үйлдвэрийн суурь дэд бүтцийн ажил дууссан. Төлөвлөж байгаагаар зургаадугаар сарын сүүлээр Дарханы ган хайлах үйлдвэрийн суурь ажлыг эхэлнэ гэж Аж үйлдвэрийн сайд тодотголоо.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд энэ онд 200 тэрбум төгрөг хуваарилсан байна. Үүний 50 тэрбумыг 330 суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд олгох аж.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахын тулд төслөө Аж үйлдвэрийн яаманд ирүүлдэг байсан бол тухайн аймаг нь дэд хороогоороо төслүүдийг хэлэлцэн, боломжтой төслүүдээ салбарын яаманд ирүүлэх аж.

Ойрын хугацаанд хийх томоохон ажлын нэг нь уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортод гаргах үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой уул уурхайн бус экспортыг дэмжих сан байгуулах юм байна. Энэ нь дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх, хоёрт боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж буй юм байна.

Үүнээс гадна Аж үйлдвэрийн сайдын эрхэлсэн ажлын хүрээнд концессын гэрээгээр гүйцэтгэж  байгаа эрчим хүчний  хоёр төсөл байгаа  аж.  Үүнд  Багануурын 700 МгВ цахилгаан станцын ажил, гурван жилийн хугацаанд баригдаж дуусах төлөвлөгөөтэй байгаа бол Эгийн голын төсөл дэд бүтцийн төсөл нь концессын гэрээгээр хийгдэхээр хэлэлцээрийн төвшинд ажил үргэлжилж байгаа тухай хэллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж